Хөгжмийн хуваалцах платформ SoundCloud дахин нэг мэдэгдэл гаргаж, уран бүтээлчдийн байршуулсан хөгжмийг хиймэл оюун ухааны загвар сургахад ашиглахгүй гэдгээ батлан мэдэгдлээ. Тус компанийн мэдээлснээр, “SoundCloud хэзээ ч уран бүтээлчдийн агуулгыг AI сургах зорилгоор ашиглаж байгаагүй” бөгөөд цаашид платформ дахь AI хэрэглээ нь “зөвшөөрөл, ил тод байдал, уран бүтээлчийн хяналтад” үндэслэх болно гэжээ.
Энэ тайлбар нь хэрэглэгчдийн зүгээс өнгөрсөн жил үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтүүдийг шүүмжилсний дараа гарч байна. Тус өөрчлөлт нь SoundCloud хэрэглэгчдийн агуулгыг хиймэл оюун ухааны загвар сургахад ашиглах боломжийг компанид нээж өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.
SoundCloud-ийн гүйцэтгэх захирал Элиа Сетоны хэлснээр:
“Үйлчилгээний нөхцөл дэх үг хэллэг хэт ерөнхий, ойлгомжгүй байсны улмаас хэрэглэгчдэд будлиан үүссэн. Энэ бол бидний алдаа.”
2023 оны хоёрдугаар сард шинэчлэгдсэн нөхцөлд дараах заалт багтсан байв:
“Хэрвээ өөрөөр заасан тусдаа гэрээ байхгүй бол, та өөрийн контентыг хиймэл оюун ухаан эсвэл машин сургалтын технологи болон үйлчилгээний нэг хэсэг болгон сургах, хөгжүүлэх, эсвэл оруулах зорилгоор ашиглахыг шууд зөвшөөрч байна.”
Харин Сетоны хэлснээр ойрын долоо хоногт энэ заалтыг дараах байдлаар сольж шинэчлэх ажээ:
“Бид таны дуу хоолой, хөгжим эсвэл дүр төрхийг дуурайлгах, эсвэл синтезлэх зорилготой генератив AI загвар сургахад таны контентыг ашиглахгүй. Ийм хэрэглээ гарсан тохиолдолд зөвхөн таны ил тод өгсөн зөвшөөрөл, ‘opt-in’ зарчмаар л ашиглана.”
Тэрбээр мөн SoundCloud хэзээ ч уран бүтээлчдийн дуу хөгжим, агуулгыг хиймэл оюун ухаан сургахад ашиглаж байгаагүй гэдгийг дахин онцолсон бөгөөд хэрэв цаашид AI ашиглах бол зөвхөн уран бүтээлчийн зөвшөөрлөөр, оролцохыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хийнэ гэж мэдэгдсэн байна.
Гэсэн ч уг өөрчлөлт нь зарим мэргэжилтнүүдийг хангалттай тайвшруулж чадаагүй байна. Тухайлбал, энэхүү өөрчлөлтийг анх илрүүлсэн технологийн ёс зүйч Эд Ньютон-Рекс X (хуучнаар Twitter) дээр бичихдээ:
“Шинэчилсэн үг хэллэг нь таны хэв маягийг шууд дуурайхгүй ч зах зээл дээр өрсөлдөх чадвартай AI загварыг сургах боломжийг нээлттэй хэвээр үлдээж байна. Үнэхээр санаа тавьж байгаа бол үүнийг зүгээр л ‘Бид таны контентыг таны ил тод зөвшөөрөлгүйгээр генератив AI сургахад ашиглахгүй’ гэж бичихэд хангалттай.”
SoundCloud энэ асуудлаар The Verge-ийн асуултад шууд хариулаагүй байна.
theverge.com