Олон улсын сансрын станц руу хийх дараагийн нислэг дахин хойшлогдлоо
Хьюстонд төвтэй Axiom Space компаниас зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн хүнтэй сансрын нислэг Ax-4-ийн Олон улсын сансрын станц руу хийх дараагийн нислэг дахин хойшлогдлоо. Энэхүү нислэгийг анх энэ ням гараг буюу 6-р сарын 8-нд хийхээр төлөвлөж байсан ч төлөвлөгөө өөрчлөгджээ.
Axiom Space компани 6-р сарын 3-ны өдөр X платформоор дамжуулан шинэ товыг зарлаж, 6-р сарын 10-нд буюу ирэх мягмар гарагт хөөргөлт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Дөрвөн сансрын нисгэгч хөлгийн баг SpaceX компанийн Falcon 9 пуужингаар Флорида дахь NASA-гийн Кеннеди сансрын төвөөс хөөрөх юм.
Энэ нь Ax-4 нислэгийн сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа хойшлогдож байгаа хэрэг юм. Axiom компани анх 5-р сарын 29-нд хөөргөлт хийхээр төлөвлөж байсан ч Олон улсын сансрын станцын хуваарьт өөрчлөлт орсноос шалтгаалж 6-р сарын 8 хүртэл хойшлогдсон аж.
Axiom Space компаниас хойшлогдсон шалтгааныг тодорхой дурдсангүй. Ax-4 багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, NASA-гийн хуучин сансрын нисгэгч бөгөөд Axiom компани дахь хүний сансрын нислэгийн захирал Пэгги Витсон, Энэтхэгийн нисгэгч Шубханшу Шукла, Европын сансрын агентлагийн Польшийн мэргэжилтэн Славош Узнаски болон Унгарын мэргэжилтэн Тибор Капу нар багтаж байна.
Энэхүү нислэг нь Энэтхэг, Польш, Унгарын иргэд Олон улсын сансрын станцад анх удаа амьдарч буй түүхэн үйл явдал болох юм. Тэд SpaceX компанийн шинэ Crew Dragon хөлгөөр станц руу зорчиж, орбитад хоёр долоо хоногийг өнгөрүүлэх ажээ. Энэ хугацаанд тэд 60 орчим шинжлэх ухааны туршилт хийхээр төлөвлөж байна. Хөлгийн багийнхан эргээд Dragon хөлгөөр дэлхий рүү буцаж, Номхон далайд буух юм.
Эх сурвалж:
SpaceX’s next private astronaut launch to ISS, Ax-4, pushed back to June 10
Houston company Axiom Space’s Ax-4 astronaut launch to the International Space Statio has been delayed by two days, to June 10.