SpaceX энэ удаа хамгийн онцгой даалгавруудынхаа нэгийг гүйцэтгэх гэж байна. Тэд дөрвөн хувийн сансрын нисгэгчийг туйлын тойрог замд илгээж, дэлхийн хамгийн алслагдсан бүс нутгийг ажиглуулахаар төлөвлөжээ. Fram2 нэртэй энэ даалгавар нь дэлхийн Арктик болон Антарктикийн бүс нутагт хүрсэн анхны хөлөг болох “Fram” хөлгийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд гуравдугаар сарын 31-ний Даваа гарагт Улаанбаатарын цагаар өглөөний 11:20-д хөөрөх товтой байна. Уг нислэг нь өмнө нь нисгэгчтэй сансрын нислэг хэзээ ч явж байгаагүй чиглэлээр нисэж, дэлхийн туйлууд дээгүүр 425-450 км-ийн өндөрт аялах юм.
Энэхүү дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг SpaceX компанийн Falcon 9 пуужингаар Флорида дахь Кеннеди сансрын төвөөс хөөрөх болно. Fram2 багийг Мальтын иргэн, Bitcoin олборлолтын f2pool болон stakefish компаниудыг үндэслэгч Чун Ван удирдаж, мөн санхүүжүүлж байгаа аж. Бусад багийн гишүүд нь Норвегийн кино зураглаач Янник Миккелсен, Австралийн туйл судлаач Эрик Филлипс, Германы робот судлаач Рабеа Рогге нар юм. Тэдний мэргэжлийн онцлог харилцан адилгүй ч бүгд анх удаа сансарт нисэх гэж буй хувийн сансрын нисгэгчид юм.
Эдгээр сансрын нисгэгчид дэлхийн туйлуудаар тойрог замд орж, өмнө нь хэн ч оролдож байгаагүй замналаар нисэх болно. Fram2 багийн мэдэгдэлд дурдсанаар, “Энэхүү шинэ тойрог замын траектор нь хүний сансрын нислэгийн шинэ боломжуудыг нээж, дэлхий болон туйлын бүс нутгийн талаар гүнзгий ойлголт өгнө” гэжээ. Apollo хөтөлбөрийн сарны нислэгүүдээс бусад тохиолдолд Олон улсын сансрын станцад байрлаж байсан сансрын нисгэгчид ч дэлхийн хойд болон өмнөд туйлын бүсийг бүрэн ажиглаж байгаагүй аж.
Тус баг SpaceX-ийн Dragon хөлөгт гурваас тав хоногийг өнгөрүүлж, экваторт 60-90 градусын өнцгөөр байрлах тойрог замаас дэлхийг ажиглах юм. Мөн тэд STEVE (Strong Thermal Emission Velocity Enhancement) буюу хөх, ногоон туяа татсан гэрэллэг үзэгдлийг судална.
Миссын хүрээнд нэгэн сонирхолтой туршилт явагдах бөгөөд Австралийн FOODiQ Global компани сансарт мөөг ургуулах туршилт хийхээр төлөвлөжээ. Тэд хэт хөнгөн орчинд хулуу мөөг ургуулж, ирээдүйд Ангараг болон Сар руу нисэх сансрын нисгэгчдийн хүнсний хангамжийг сайжруулах боломжийг судлах юм.
SpaceX хувийн сансрын нислэгийн хязгаарыг улам тэлсээр байна. Тэдний өмнөх хувийн нислэг болох Polaris Dawn нь түүхэнд анх удаа арилжааны сансрын хөлгөөс гарах сансрын алхалтыг амжилттай хийсэн билээ.
Гэхдээ Fram2 нислэг нь тодорхой эрсдэлийг дагуулж байна. Туйлын тойрог замыг голчлон дэлхийн ажиглалтын хиймэл дагуулууд болон тагнуулын даалгаварт ашигладаг бөгөөд энэ нь өндөр цацраг идэвхжилтэй бүсэд байрладаг тул сансрын нисгэгчдэд эрсдэлтэйд тооцогддог. NASA-гийн мэдээлснээр, ISS-ийн тойрог зам нь дэлхийн 90%-ийг хамардаг боловч хойд өргөргийн 51.6 градусаас дээш, өмнөд өргөргийн 51.6 градусаас доош бүсэд очдоггүй. Харин туйлын бүсэд нэвтрэх нь нэмэгдсэн туйлын цацрагийн идэвхжил, аюултай сансрын нөхцөл байдалтай учрах эрсдэл дагуулдаг аж.
Гэхдээ дөрвөн хувийн сансрын нисгэгч дэлхийн туйл дээгүүрх аялалаа амжилттай хийж чадна гэж найдаж байна.
gizmodo.com