Nintendo Switch 2 нь анхны хувилбараасаа зөвхөн хэмжээний хувьд биш, техник хангамжийн үзүүлэлтээрээ ч давуу болсон. Зургадугаар сарын 5-нд худалдаанд гарахаар төлөвлөсөн $450 (ойролцоогоор 1,560,000₮) үнэтэй энэхүү зөөврийн тоглоомын төхөөрөмжийн дотоод бүтцийн талаар бид одоо бүрэн ойлголттой боллоо. Гол нь Switch 2 нь өнөөдрийн орчин үеийн тоглоомуудыг тоглуулахад хангалттай хүчин чадалтай. Док хийн ашиглахад 4K нягтаршил дэмжиж, өвөрмөц бөгөөд үзэмжтэй тоглоомуудыг гаргаж чадвал энэ нь хангалттай сайн гэсэн үг.
Eurogamer сайтын мэдээлэл болон Digital Foundry-гийн Switch 2-ын тухай сүүлийн видеогоор дамжуулан шинэ хувилбарын процессор болон бусад техникийн үзүүлэлтийн талаарх өмнөх цуурхлууд батлагдлаа. Анхны Switch нь Nvidia-гийн Tegra X1 дээр суурилсан, дөрвөн ARM Cortex A57 цөмтэй захиалгат чип ашиглаж байв. Тэр системийн чип нь аль 2017 онд л гэхэд хангалттай хүч чадалтайд тооцогдоогүй байсан юм.
Digital Foundry-ийн Ричард Ледбеттерийн цуглуулсан мэдээлэл нь Switch 2-ын техник хангамжийг илүү тодорхой ойлгоход тусалж байна. Тэрээр тээвэрлэлтийн бичиг баримт болон бусад цоорхой мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийж, Nintendo-гийн албан ёсны техникийн үзүүлэлтийн хуудстай тулган баталгаа гаргасан байна.
Шинэ Switch 2 нь Nvidia-гийн T239 чиптэй бөгөөд ARM Cortex A78C цөмүүдийг ашиглажээ. Нийт 8 цөмтэй бөгөөд онолын хувьд 1.7GHz-ийн дээд хурдтай (гэхдээ dock болон зөөврийн горимд бодит хурдац үүнээс бага байдаг). Эдгээрээс 2 цөмийг системийн программ хангамжид зориулах бол үлдсэн 6-г хөгжүүлэгчид ашиглах боломжтой. GPU нь мөн Ampere архитектурт шилжсэн бөгөөд 1,536 CUDA цөмтэй болсон нь анхны Switch-ээс зургаа дахин олон гэсэн үг.
Систем нь нийт 12GB RAM-тай бөгөөд үүнээс 3GB нь зөвхөн системд зориулагдсан. CPU болон энэ RAM-ын хуваарилалт нь Nintendo системийн өөрийн хэрэгцээнд нэлээд их хүчин чадал зарцуулж байгааг илтгэж байна. Гэхдээ Switch 2-ын дотоод программ хангамж ямар боломжуудыг амлаж байгааг харахад энэ нь утга учиртай. Тухайлбал, Nintendo “GameChat” гэх шинэ боломжийг онцлон сурталчилж байгаа бөгөөд энэ нь дотоод чанга яригчаар дамжуулан 4 хүн зэрэг хоолойгоор чатлах боломжийг олгоно. Мөн нэмэлт камерын дагалдах хэрэгсэл ашиглан видео дуудлага хийх боломжтой ч дүрс дамжуулалтын чанар, хүрээний давтамж тийм ч өндөр биш байх бололтой.
Digital Foundry–гийн мэдээлснээр: “GameChat системийн нөөцөд ихээхэн ачаалал өгдөг бөгөөд энэ нь Nintendo хөгжүүлэгчдэд зориулсан GameChat-ийн туршилтын хэрэгсэл гаргах шалтгаан болжээ” гэжээ. Гэхдээ тэд энэ мэдээллийн эх сурвалжийг тодорхой дурдаагүй байна.
Эдгээр үзүүлэлтүүдээс харахад, Nintendo Switch 2-оо анхны хувилбар шиг урт хугацаанд ашиглагдах төхөөрөмж болгохыг зорьж буй нь илт. Үндсэн онцлог нь Nvidia-гийн DLSS технологийн дэмжлэгтэй байгаа явдал. Энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан нягтаршил өсгөх технологи нь бага нягтаршилтай фрэйм бүрийг AI ашиглан өндөр нягтаршилтай болгодог. Мөн DLAA (анти-алиасинг программ хангамж) дэмжих учир тоглоомууд илүү тэгш, гөлгөр дүрслэлтэй харагдана. Үүний тусламжтайгаар Cyberpunk 2077 гэх мэт тоглоомууд 1080p нягтаршилтай, 60 fps-ээр ажиллах боломжтой болж байна.
Мэдээж техникийн үзүүлэлт сонирхдог хүмүүсийн хувьд энэ нь сонирхолтой сэдэв хэдий ч Switch 2-ыг Xbox эсвэл PlayStation 5-тэй өрсөлдөх зорилгоор бүтээгээгүй. Nintendo бол хамгийн дээд график шаардлага хөөцөлдөх нь тоглоом бүтээгчдэд ч, консол үйлдвэрлэгчдэд ч ашиггүй гэдгийг ойлгосон цөөн үйлдвэрлэгчдийн нэг. Бодитоор харагдах гэрэлтүүлэг бүхий ray tracing технологи ашигласнаар тоглоомын туршлага хичнээн өөрчлөгдөх вэ гэдэг нь эргэлзээтэй. Digital Foundry-ийн мэдээлснээр Switch 2 тодорхой нөхцөлд ray tracing-г дэмжих боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн хөгжүүлэгчдийн оюун ухаан, Nintendo-гийн хязгаарлагдмал техник хангамжийн хүрээнд л хэрэгжих боломжтой.
Hogwarts Legacy Switch 1 vs Switch 2 pic.twitter.com/vcWRNSVWk0
— Switch 2 Stock Alerts (fan account) (@Switch2Stock) May 14, 2025
Switch 2 дээр хэд хэдэн тоглоом туршигдаж эхэлсэн бөгөөд аль хэдийнээ энэ төхөөрөмж өнөө цагийн тоглоомуудыг ажиллуулахад хангалттай хүчтэй гэдгээ харуулж байна. Жишээ нь, Hogwarts Legacy гэх тоглоом анхны Switch дээр маш тааруу гүйцэтгэлтэй, дүрслэл муутай байсан бол шинэ хувилбар дээр огт өөр түвшинд ажиллаж байна.
Жижиг график нарийвчлалын зөрүүг эс тооцвол ихэнх тоглогчид Street Fighter 6–г PS5 Pro дээр тоглож байна уу, эсвэл Switch 2 дээр байна уу гэдгийг ялгаж харахад хүндрэлтэй байх болов уу—хэрвээ фрэймийн хурд тогтвортой байж чадвал шүү дээ.
Анхны Switch юуг баталсан бэ гэвэл: хөгжүүлэгчид хуучирсан техник хангамж дээр ч харьцангуй төвөгтэй тоглоомуудыг амжилттай ажиллуулж чаддаг. Харин одоо хөгжүүлэгчид өмнөх шиг тийм их чармайлт гаргах шаардлагагүй болсон төдийгүй, бодит гэрэлтүүлэг, өндөр нягтаршилтай текстур хөөцөлдөхөөс илүү хүчтэй дүрслэлийн хэв маяг илүү үнэ цэнтэй гэдгийг дахин санах хэрэгтэй болж байна.
gizmodo.com