Нээлтийн долоо хоногтоо $74 саяын орлого олсон тус киноны /“Thunderbolts”/ орлого 55 хувиар буурсан ч энэ нь сүүлийн үеийн Марвелын бүтээлүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой үзүүлэлт байв. Жишээлбэл, энэ оны хоёрдугаар сард гарсан “Captain America: Brave New World” хоёр дахь долоо хоногтоо 68 хувиар, “Ant-Man and the Wasp: Quantumania” 70 хувиар, “The Marvels” 78 хувиар, “Thor: Love and Thunder” 67 хувиар тус тус уналттай байсан.
Хэдийгээр “Thunderbolts” тэдгээр бүтээлүүдтэй харьцуулахад даруухан эхэлсэн ч эерэг шүүмжлэл, үзэгчдийн ам дамжсан магтаал нь киноны орлогыг дэмжсээр байна. Нээлтийн дараа Дисней киноны гарчигт байсан од (*) тэмдгийн утгыг тайлбарласан нь үзэгчдийн сонирхлыг татсан юм. Энэ бүлэг дүрүүдийг цаашид “The New Avengers” хэмээн нэрлэх бөгөөд 2026 онд гарах “Avengers: Doomsday” кинонд дахин гарч ирэхээр төлөвлөгдөж байна.
Одоогийн байдлаар “Thunderbolts” Хойд Америкт $128.5 сая, дэлхий даяар $272 саяын орлого олжээ. Гэвч $180 саяын бүтээлийн зардал, $100 сая орчим маркетингийн төсвийг нөхөхийн тулд уг кино цаашид илүү өндөр амжилт үзүүлэх шаардлагатай байна.
Диснейн гүйцэтгэх захирал Боб Айгер “Thunderbolts”-ыг Марвелын шинэ стратегийн “анхны, хамгийн сайн жишээ” хэмээн тодорхойлсон. Учир нь өмнөх бүтээлүүд болох “Ant-Man and the Wasp: Quantumania,” “The Marvels,” “Captain America: Brave New World” зэрэг нь шүүмж болон орлогоор хүлээлтийг биелүүлж чадаагүй.
Айгер: “Бид цаг хугацааны явцад ойлгосон, их бүтээл хийх нь заавал чанартай бүтээл болж чаддаггүй. Үнэндээ хэтэрхий олон кино хийснээр бид анхаарлаа сарниулсан гэдгээ бүгд хүлээн зөвшөөрсөн”.
Энэ бол кино театруудын хувьд эерэг дохио. Учир нь Дисней энэ зун “The Fantastic Four: First Steps” хэмээх гурав дахь Марвелын үргэлжлэл киногоо долдугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ.
Box Office-ын бусад гол үзүүлэлтүүд:
- “Minecraft”-ын кино зургаа дахь долоо хоногтоо $8.5 саяын орлого олж, гуравдугаар байрт бичигдлээ. Уг тоглоомоос сэдэвлэсэн кино Хойд Америкт нийт $409 сая, дэлхий даяар $900 саяыг давсан нь энэ оны анхны тэрбум долларын орлого олох бүтээл болох боломжтойг харуулж байна.
- “Sinners” гэх вампир сэдэвт триллер дөрөв дэх долоо хоногтоо $23 саяын орлого олж, нийт $216 саяыг Хойд Америкт, $264 саяыг дэлхий даяар олсон байна. Тус киноны орлого өмнөх долоо хоногоос ердөө 31 хувиар буурсан нь R зэрэглэлтэй кинонд тун ховор үзүүлэлт юм.
- “The Accountant 2” гурав дахь долоо хоногтоо $6.09 саяын орлого олж, дөрөвдүгээр байрт бичигдсэн. Одоогоор Хойд Америкт $50.8 сая, дэлхий даяар $71 саяыг олсон тус кино $80 саяын төсөвтэй тул ашигтай гарах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Шинээр нээлтээ хийсэн кинонууд:
- “Clown in a Cornfield” гэх бага өртөгтэй аймшгийн кино 2,277 кинотеатрт нээлт хийж, $3.8 саяын орлого олжээ. Уг киноны бүтээлийн өртөг $1 саяаас бага байсан бөгөөд “C+” үнэлгээ авсан ч энэ төрлийн жанрын хувьд хангалттай амжилтад тооцогдож байна.
- “Shadow Force” болон “Fight or Flight” хэмээх хоёр шинэ кино тус бүр ойролцоогоор $2 саяын орлого олжээ. “Shadow Force” нь $40 саяын төсөвтэй ч тааруу шүүмж авсан бөгөөд зуны анхны бүтэлгүйтэл болох магадлалтай. “Fight or Flight” кинонд Жош Хартнетт гол дүр бүтээж, арилжааны онгоцон дотор өрнөх сэтгэл түгшээсэн үйл явдлыг харуулдаг.
“Ийм төрлийн инди триллерүүд кино театруудад амжилт олох нь ховор,” хэмээн Franchise Entertainment Research-ийн шинжээч Дэвид А. Гросс дүгнэжээ.
Цаашдын хүлээлт ба хандлага:
Comscore-ийн мэдээлснээр энэ долоо хоногийн байдлаар АНУ-ын кино орлого 2024 онтой харьцуулахад 16 хувиар өссөн ч цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 32 хувиар доогуур байна. Жилийн нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлдэг зуны кино улирал “Final Destination: Bloodlines” (5-р сарын 16), “Lilo & Stitch” болон “Mission: Impossible – The Final Reckoning” зэрэг томоохон нээлтүүдээр үргэлжлэх гэж байна.
“Энэ долоо хоногийн box office тайван байсан ч тавдугаар сар кино театруудын хувьд тэсрэлттэй сар болох нь тодорхой,” хэмээн Comscore-ийн ахлах шинжээч Пол Дергарабедян онцолж байна.
variety.com