Америкийн Ohio мужаас гаралтай Twenty One Pilots хамтлаг долоо дахь цомгоо гаргах гэж буйгаа зарлалаа. “Breach” нэртэй уг цомог ирэх есдүгээр сард худалдаанд гарна. Харин анхны сингл болох “The Contract” дуу 6-р сарын 12-нд цацагдах юм.
Хамтлагийн гишүүд өөрсдийн сошиал хуудсаар дамжуулан “Hello Clancy. Hello Blurryface. Let’s finish this” хэмээн бичсэн нь 2015 оны “Blurryface” болон 2024 оны “Clancy” цомгуудын гол дүрүүдтэй холбоотой олон жилийн турш үргэлжилсэн өгүүлэмжийг төгсгөх дохио боллоо хэмээн фенүүд үзэж байна. Энэ нь мөн 2018 оны “Trench”, 2021 оны “Scaled and Icy” цомгуудын агуулгатай холбогдож байгаа юм.
Twenty One Pilots хамтлаг 2009 онд байгуулагдсан бөгөөд анхны хоёр цомгоо бие даан гаргасны дараа 2013 онд “Vessel” цомгоороо албан ёсоор мэргэжлийн тавцанд гарсан. Тус цомог Billboard 200 жагсаалтын 21-д бичигдсэн бол 2015 оны “Blurryface” цомог нь №1 байранд орсон анхны бүтээл нь болсон. Үүнээс хойших бүх цомог нь жагсаалтын эхний гурван байрт багтсан амжилт үзүүлжээ.
Хамгийн сүүлд тус хамтлаг “Clancy World Tour”-оо Европт хийж дуусгасан бөгөөд тавдугаар сарын 11-нд Манчестерт болсон тоглолтын үеэр нэгэн үзэгч тайзнаас бөмбөр авч явсан нь шуугиан дэгдээсэн. Сошиал орчинд тархсан бичлэгт өөр нэгэн үзэгч “Чи тэр бөмбөрийг авах ёсгүй байх аа” хэмээн хэлэх нь сонсогддог бол өөр нэг хүн “Би яг одоо гэмт хэрэг харчихлаа, тэр бөмбөрийг үнэхээр авчих шиг боллоо шүү” хэмээн гайхаж байгаа нь бичигджээ.
A drum was stolen after Twenty One Pilots’ show in Manchester tonight.
— 🏁 (@concertleaks) May 11, 2025
pic.twitter.com/iEd9I8J9qY
Хэдийгээр уг эмэгтэй тухайн үед саадгүй явсан ч үнэнч фенүүд бичлэг, гэрэл зургаар нь түүнийг олж тогтоох ажиллагаа явуулсан бөгөөд хамтлагийн зураглаач Sax Инстаграм хуудсаараа дамжуулан бөмбөр эргэж ирсэн талаар тавдугаар сарын 12-нд мэдээлжээ.
billboard.com