in

“Wasted Love” дуугаараа Австрийн JJ Eurovision 2025 наадамд түрүүллээ

Eurovision дууны уралдааны их финал 5-р сарын 17-ны Бямба гарагт Швейцарын Базель хотод болж өндөрлөлөө.

“Wasted Love” дуугаараа Австрийн JJ Eurovision 2025 наадамд түрүүллээ

Сонгодог урлагийн боловсролтой, өндөр өнгөөр дуулдаг JJ буюу бүрэн нэрээрээ Йоханнес Пиэтш нь “Wasted Love” хэмээх дуугаараа 2025 оны Eurovision наадмын ялагчаар тодорлоо. Энэхүү дуу нь дуурийн олон октавт өнгө болон техно хэмнэлийг хослуулснаараа онцлог. Тэрээр 5-р сарын 17-нд Швейцарын Базель хотод болсон их финалын үеэр өрсөлдсөн 25 оролцогчийг ардаа орхисон юм.

Хоёрдугаар байрт Израилийн Ювал Рафаэль “New Day Will Rise” гэх уриалгатай дуугаар олон нийтийн саналын дийлэнхийг авч, хүчтэй өрсөлдсөн ч Газын дайны улмаас энэ удаагийн наадамд оролцох нь эсэргүүцэл дагуулсан.

JJ нь 2014 онд Австрийн сахалт дрэг күин Кончита Вурстыг түрүүлснээс хойш анх удаа дахин аваргалсан оролцогч болсон бөгөөд Вурстийг өөрийнх нь ментор гэж үздэгээ өмнө нь дурдсан удаатай. Түүний ялалт Австрийн Eurovision-д оруулсан гурав дахь түрүү боллоо.

“Энэ бол миний зүүдэнд ч багтамгүй зүйл. Галзуу юм шиг байна” хэмээн микрофон хэлбэртэй шилэн цомоо гардан авахдаа JJ сэтгэгдлээ хуваалцжээ.

Финалын үеэр Рафаэль олон нийтийн санал асар ихээр авч, түрүүлэх дөхсөн ч Палестиныг дэмжигчдийн зүгээс Израилийг Eurovision-оос хасахыг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсэн нь маргаан дагуулсан юм.

Гуравдугаар байрт Эстонийн Томми Кэш “Espresso Macchiato” дуутайгаа шалгарсан бол түрүүлэх магадлалтайд тооцогдож байсан Шведийн KAJ “Bara Bada Bastu” нэртэй саунтай холбоотой хошин дуутайгаа дөрөвдүгээр байрт оржээ.

Дэлхийн хамгийн том шууд хөгжмийн арга хэмжээ болох Eurovision энэ жил гялалзсан өнгө төрхөөрөө Швейцарын Базель хотод өндөрлөж, хүчтэй electropop, содон рок урсгал, хэтрүүлэгтэй хурц тоглолтуудыг багтаасан байв.

Хоёрдах урьдчилсан шатны дараа үлдсэн 26 орны оролцогчид Европын хөгжмийн титмийн төлөө 160 сая гаруй үзэгчдэд гурван минутын дотор сэтгэгдэл төрүүлэхийг хичээн тоглосон бөгөөд ялагчийг мэргэжлийн шүүгчдийн санал болон олон нийтийн саналын нийлбэрээр тодруулсан.

Энэ жилийн шоу Европын хачирхалтай ч төрөл бүрийн хөгжмийн сонирхлыг илэрхийлсэн үйл явдал боллоо. Литвийн Katarsis гранж рок тоглосон бол Украины Ziferblat прог рок, Их Британийн Remember Monday кантри поп төрлөөр оролцсон байна.

Италийн Лючио Корси 1970-аад оны глам рокыг сэргээж, Исландын VAEB хос сэлүүрт завины тухай рэплэж, Латвийн зургаан бүсгүйгээс бүрдсэн Tautumeitas хамтлаг уран нарийн хоолойны хослол үзүүлжээ.

Түүнчлэн Испанийн Мелоди, Польшийн Жюстина Стечковска — 30 жилийн дараа “GAJA” дуугаараа дахин оролцсон бол Мальтын содон Miriana Conte нарын поп диванууд олны анхаарлыг татав. Miriana Conte-ийн “Serving” дууны өмнөх нэр болон үг нь хэт илэрхий утгатай байсан тул зохион байгуулагчдын шаардлагаар өөрчлөгдсөн юм. Түүний тайзны чимэглэлд гялалзсан бөмбөлөг, аварга уруул зэрэг багтжээ.

Eurovision-ийн түүхийн судлаач Дин Вүлетич хэлэхдээ, сүүлийн жилүүдэд тэмцээн хөгжмийн болон хэлний хувьд илүү олон янз болж буйг онцолжээ. Энэ жил 20 өөр хэл дээрх дуу оролцсон бөгөөд тэдгээрийн дотор украин, исланд, албан, латви, мальта хэл багтжээ.

“Өмнө нь голдуу англи хэл дээрх хөнгөн, гүн гүнзгий утгагүй поп дуу түрүүлдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд нэгэн хэвийн Eurovision дуунууд амжилт олохоо больсон” гэжээ. “Орчин үед дуу нь онцгой бөгөөд жинхэнэ сэтгэлээсээ байж чадвал л амжилтад хүрдэг.”

Израилийн оролцооны асуудал хоёр дахь жилээ маргаан дэгдээж байна. Олон арван хуучин оролцогчид, тэдгээрийн дотор Швейцарын Nemo, Израилийг хасахыг уриалсан бөгөөд Eurovision-ий санхүүжилтэд оролцдог хэд хэдэн телевиз тус улсын оролцоог эргэн харахыг шаарджээ.

Базель хотод Палестин, Израилийг дэмжигч жагсаалууд болсон ч өнгөрсөн жилийн Шведийн тэмцээний үеийнхтэй харьцуулахад харьцангуй нам тайван байв. Өнгөрсөн жил тайзны ард зөрчил үүсэж, Нидерландын оролцогч Жоост Клейн багийн гишүүнтэй маргасны улмаас тэмцээнээс хасагдаж байв.

Энэ жилийн уралдаантай зэрэгцэн хэдэн зуун хүн Базель хотын гудамжаар Палестины далбаа намируулж, “Израилийг бойкотло!” гэж уриалжээ. Нөгөө талд Израилийг дэмжигчид ч хотын сүмийн талбайд цугларч, Ювал Рафаэльд хүндэтгэл үзүүлж, “Еврей хүмүүс Швейцарт нээлттэй орон зайд байх эрхтэй” гэдгийг илэрхийлэхийг хүсжээ.

“Хэрвээ Рафаэль түрүүлбэл энэ нь antisemitism-ын эсрэг маш хүчтэй мессеж болно” хэмээн Цюрих хотын оршин суугч Ребекка Лаэс-Кушнер хэлж байв. “Энэ тэмцээн үзэн ядалтын биш, хөгжмийн тухай байх ёстой.”

Eurovision-ийг зохион байгуулдаг Европын Нэвтрүүлгийн Холбоо (EBU) энэ жил оролцогчдоос “Нийгмийн нийтлэг үнэт зүйлс, олон төрлөөрөө байх, эрх тэгш байдал, оролцоог дэмжих” зарчмыг хүндэтгэхийг шаардан дүрмээ чангатгасан.

2024 онд үндэсний бус далбааг тайзны өмнө намируулж болохгүй гэсэн хориг гарснаас хойш энэ жилээс эхлэн үзэгчид Швейцарийн хуулиар зөвшөөрөгдсөн бол ямар ч далбаа авч болох болжээ. Харин оролцогчид зөвхөн өөрийн улсынхаа далбааг л барих эрхтэй.

Eurovision-ийн захирал Мартин Грийн хэвлэлийн бага хурлын үеэр: “Энэ жилийн зорилго маань энэ хүнд хэцүү үед нэгдмэл байдал, тайван байдал, хамтач байдлыг сэргээх явдал байсан” хэмээв. Мөн “37 багийн төлөөлөгчид бүгд хүнд нөхцөлд үлгэр жишээтэй оролцлоо” гэж тэрээр нэмж хэлжээ.

Eurovision 2025: With International Sign Language

Watch the 37 songs of the Eurovision Song Contest 2025 with International Sign Language

billboard.com

What do you think?

МиГ-21 сөнөөгч онгоцыг яагаад “Fishbed” гэж нэрлэдэг вэ?

МиГ-21 сөнөөгч онгоцыг яагаад “Fishbed” гэж нэрлэдэг вэ?

Palace 1-0 Man City: Пэлас FA Cup-д түүхэн ялалт байгуулж, Ситиг цомгүй үлдээлээ

Palace 1-0 Man City: Пэлас FA Cup-д түүхэн ялалт байгуулж, Ситиг цомгүй үлдээлээ