Xiaomi компани анхны флагман зэрэглэлийн чип болох Xring O1-ийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү чип нь хүч чадлын хувьд Qualcomm-ийн Snapdragon 8 Elite-тэй шууд өрсөлдөхүйц хэмээн үнэлэгдэж байна.
Xring O1 нь Xiaomi-ийн гар утсанд зориулсан анхны чип биш ч 2017 онд гарч байсан дунд түвшний Surge S1-ээс хойших анхны томоохон алхам юм. Шинэ чипийг хоёр дахь үеийн 3 нанометрийн технологоор бүтээсэн бөгөөд зөвхөн Snapdragon 8 Elite бус, MediaTek-ийн Dimensity 9400, Apple-ийн A18 зэрэг топ чипүүдтэй хүч үзэх зорилготой.
Xiaomi энэ чипийг 15S Pro нэртэй шинэ утас, Pad 7 Ultra таблет дээр ашиглахаар төлөвлөсөн бөгөөд мөн өөр нэг Xiaomi чипээр ажиллах Watch S4 цагийг ч мөн танилцуулсан байна.
Онолын түвшинд авч үзвэл, Xring O1 нь хүчин чадал, боловсруулалтын хурд, энергийн хэмнэлт зэргээрээ өрсөлдөгч чипүүдтэй эн тэнцүү үзүүлэлттэй гарч иржээ. Энэ нь Xiaomi-г зөвхөн төхөөрөмж үйлдвэрлэгч бус, технологийн үндсэн шийдлийг өөрөө бүтээж буй бүрэн хэмжээний тоглогч болж буйн илрэл боллоо.
Xiaomi шинэ Xring O1 чипдээ 10 цөмтэй CPU ашигласан нь одоогийн флагман чипүүдийн дундаас хамгийн олон цөмтэй шийдэл болж байна. Үүнд хоёр ширхэг Arm Cortex-X925 үндсэн цөм 3.9GHz хурдтай ажиллаж, нэмэлт дөрвөн цөм 3.4GHz, хоёр нь 1.9GHz, үлдсэн хоёр нь 1.8GHz-ээр ажиллах бүтэцтэй. Мөн 16 цөмт Immortalis-G925 GPU-г ашигласнаар график боловсруулалтын хувьд MediaTek-ийн шилдэг чиптэй эн зэрэгцэхүйц түвшинд хүрчээ.
Гэсэн ч өнөө үед зөвхөн цагийн давтамж болон цөмийн тоо нь чипийн бодит гүйцэтгэлийг бүрэн илэрхийлэх үзүүлэлт байхаа больсон. Х лабораторийн тестүүд ч үргэлж найдвартай биш ч Xiaomi өөрийн чипийн AnTuTu оноог гурван саяас давсан хэмээн мэдэгдэж, эрчим хүчний хэмнэлтэд ч итгэлтэй байгаа аж.
Энэ бүхэн нь Xring O1 бол жинхэнэ флагман түвшний өрсөлдөгч болохоор бүтээгдсэн гэдгийг баталж байна. Гүйцэтгэлийн хувьд энэ чип нь Qualcomm, MediaTek-ийн шилдэг Android чипүүдтэй эн зэрэгцэхээр зогсохгүй, Samsung-ийн Exynos багийн хамгийн хүчирхэг чипүүдээс ч илт давуу гэдгийг Xiaomi илэрхийлж байна.
Үүнийг батлахын тулд Xiaomi шинэ чипээ 15S Pro утсандаа анх удаа ашиглаж байна. Уг загвар нь өнгөрсөн оны 15 Pro-гийн шинэчилсэн хувилбар бөгөөд өмнө нь хэрэглэж байсан Snapdragon 8 Elite-ийг Xiaomi өөрийн чипээр сольжээ. Утасны хийц нь ч мөн карбон файбер материалтай, тун цэмцгэр загвартай болжээ.
Мөн Xring O1 чипээр ажиллах Pad 7 Ultra таблет зэрэгцэн танилцуулагдсан бөгөөд энэ нь 14 инчийн OLED дэлгэцтэй, 12,000mAh багтаамжтай том баттерейтай, 5.1 мм нимгэн хийцтэй — зах зээл дээрх хамгийн нимгэн таблетуудын нэг болж байгаа юм.

Xiaomi зөвхөн нэг чипээр зогсохгүй, экосистем бүтээх томоохон зорилготой гэдгээ илэрхийллээ
Xiaomi-ийн зорилго нь ганцхан флагман чип бүтээхээс цааш, утас, таблетээс ч давсан том амбицтай байгааг энэ удаагийн танилцуулга тодорхой харууллаа. Тус компани зөвхөн Xring O1-ээр хязгаарлагдалгүй, ухаалаг цаганд зориулсан шинэ Xring T1 чипийг мөн зэрэг танилцуулсан юм. Энэ нь флагман түвшний ухаалаг цагны зориулалттай чип бөгөөд одоогоор дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг зарлаагүй ч 4G модемтой, мөн eSIM дэмждэг Watch S4-ийн шинэ хувилбарт ашиглагдаж буй гэдгийг мэдэгдсэн байна.
Эдгээр үйл явдлууд нь Qualcomm компанид нэгэн зэрэг дохио өгч байна. Xiaomi олон жилийн турш Qualcomm-ийн гол хэрэглэгчдийн нэг байсан бөгөөд жил бүр хамгийн түрүүнд Qualcomm-ийн шинэ Snapdragon чип бүхий утсаа танилцуулдаг байв. Харин дэлхийд утасны борлуулалтаар гуравдугаарт бичигддэг Xiaomi өөрийн чипийг ашиглаж эхэлсэн нь Qualcomm-д мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх нь тодорхой.
Түүнчлэн энэ долоо хоногт Xiaomi болон Qualcomm хоёр олон жилийн хугацаатай гэрээ байгуулж, Xiaomi-ийн зарим утсанд Snapdragon 8 цувралыг цаашид ашиглахаар тохиролцсон ч, Xiaomi урт хугацаандаа өөрийн чиптэй бүрэн экосистемд шилжих зорилготой гэдэгт эргэлзэх зүйл алга. Эцсийн дүндээ, Apple үүнийг хийж чадсан бол Xiaomi ч бас хийж чадахгүй гэсэн үг биш.
theverge.com