YouTube нь бүтээгчдэд зориулсан Community функцээ өргөжүүлж, илүү олон хэрэглэгчид ашиглах боломжтой болгож байна. Ингэснээр бүтээгчид Discord зэрэг бусад платформ ашиглалгүйгээр өөрсдийн дагагчидтайгаа илүү ойр харилцах боломжтой болох юм.
Зөвхөн гар утсаар ашиглах боломжтой энэхүү Communities функц анх өнгөрсөн намар “Made for YouTube” арга хэмжээний үеэр танилцуулагдсан. Энэ нь бүтээгчдэд зураг, текст бүхий нийтлэл оруулах боломж олгохоос гадна фэнүүд нь хоорондоо харилцан яриа өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. “Бид энэхүү Communities функцийг цөөн тооны бүтээгчидтэй туршиж үзсэн бөгөөд эерэг сэтгэгдлүүд хүлээн авсан. Тиймээс хүртээмжийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэж YouTube өнөөдөр мэдэгдлээ. Бүтээгчид YouTube Studio апп доторх Community Hub-аар дамжуулан үйл ажиллагаагаа хянах, удирдах боломжтой бөгөөд шүтэн бишрэгчдийнхээ сэтгэгдэлд хариулах санал зөвлөмжийг ч авах боломжтой болно.
Мөн YouTube нь өмнө нь Community гэж нэрлэгдэж байсан табыг Posts болгож өөрчилж байна. Ингэснээр хоёр функцийг ялгах илүү хялбар болно.
“Шинэ нэртэй болсон ч энэ таб өмнөхтэйгээ адил үйл ажиллагаатай байна. Бүтээгчид постоороо дамжуулан шинэчлэлт, зар мэдээллээ хуваалцаж, үзэгчид нь үргэлжлүүлэн сэтгэгдэл бичих боломжтой!”
Гэсэн хэдий ч Communities функцийг ашиглахын тулд бүтээгчид урилга авах шаардлагатай бөгөөд энэ нь имэйл болон YouTube апп дахь сувгийн хуудсанд баннер хэлбэрээр харагдана. Урилгаа хүлээн авсан бүтээгчид “Go to Community” товчийг дарж дэлгэрэнгүй мэдээлэл авч, функцийг идэвхжүүлэх боломжтой болно.
theverge.com