Ухамсар гэх ойлголтыг ихэвчлэн хүний асуудал, тархи, зан байдалтай холбон тайлбарладаг. Гэвч зууны турш зарим сэтгэгчид “Ухамсар” нь зөвхөн бидний тархинд бус, бодисын хамгийн жижиг хэсгүүдэд ч оршдог байж магадгүй гэсэн санааг дэвшүүлсээр ирсэн.
Энэ үзэл, панпсихизм нь орчлон ертөнцийн бүхий л хэсэг, ямар ч өчүүхэн байлаа гэсэн, тодорхой хэмжээний мэдрэмж, ухамсар агуулдаг гэсэн санаанд тулгуурладаг.
Өнөөдөр судлаачид “Ухамсрын хүнд асуудал” буюу физик бодис хэрхэн субъектив мэдрэмж бий болгодог вэ гэдгийг ойлгохоор оролдож буй энэ үед энэхүү үзэл дахин хүч авч байна.
Хэрвээ мэдрэмжийг зөвхөн мэдрэлийн эсүүд тайлбарлаж чадахгүй бол, ухамсар нь хаа сайгүй оршиж байгаад, түүнийг зөв бүтэц, хэлбэрт оруулсан тохиолдолд биднийх шиг оюун ухаан болж хувирдаг байж болох уу?
Панпсихизм эртнээс
Энэ асуулт нь шинжлэх ухаанаас ч өмнө тавигдаж байв. МЭӨ 6-р зуунд амьдарч байсан Милетийн Фалес соронзон төмөр татаж байгааг хараад “Сэтгэлтэй” байх ёстой гэж хэлсэн гэдэг.
Түүний дараа Анаксагор “Бүх зүйлд ухааны хэсэг байдаг” гэж хэлснээр, өнөө үеийн “Микро-туршлагууд нэгдэж том ухамсар үүсгэдэг” гэдэг санааг урьдчилан харуулжээ.
Грекийн Стоик философичид орчлонг “Логос” гэх ухаант амьтан хэмээн үздэг байсан бол Неоплатонист Плотинус бүх орчлон нэгэн амьд “Нэг”-ээс үүсэлтэй гэж тайлбарладаг байв.
Эдгээр санаа Сэргэн мандалтын үед Жордано Бруногийн “Ухаант ертөнцүүдээр дүүрэн хязгааргүй орчлон”-гийн үзэлд дахин сэргэжээ.
Хэдийгээр эдгээр санаа нь механик суурьтай шинжлэх ухааны хөгжлийн үед шахагдсан ч бүрмөсөн устаж байгаагүй.
Соронзноос моноад хүртэл
Гэгээрлийн үед Рене Декарт “Ухамсар” болон “Бие махбод”-ыг тусгаарласан ч Готфрид Лейбниц “Моноад” хэмээх хуваагдашгүй, өөрсдийн гэсэн жижиг төсөөллөөр бүх орчлонг тусган харуулдаг нэгжүүдийг дэвшүүлсэн.
19-р зууны төгсгөлд Уильям Жэймс, Густав Фехнер, Алфред Норт Уайтхэд нар мэдрэмж нь байгалийн бүтцийн салшгүй хэсэг байж болох талаар дахин дэвшүүлжээ.
Чарльз Дарвины хувьслын онол гарснаар амьдрал, оюун ухаан аажмаар үүсдэгийг харуулсан нь энэ санааг улам бүр чухалчилсан юм. Хэрвээ ухамсар аажмаар бий болдог бол, түүний “эхлэл” гэж байхгүй ч байж мэднэ.
Орчин үеийн шинжлэх ухаан ба философи
2004 онд Висконсиний их сургуулийн нейроуч судлаач Жулио Тонони “Интеграцчилсан мэдээллийн онол” (IIT)-ыг дэвшүүлсэн. Энэ онолоор бол ухамсар гэдэг нь тухайн системд бий болж буй мэдээллийн уялдаа, интеграцийн түвшинд харьцангуй байдаг бөгөөд үүнийг “Φ” гэж тэмдэглэдэг.
Өндөр Φ = илүү баялаг, нэгдмэл мэдрэмж,
Бага Φ = бүдэг, сул мэдрэмж.
IIT нь ухамсрыг “Гадны ажиглагчдаас хамааралгүй, дотоод шинж” гэж тодорхойлдог тул мэдээллийн сүлжээ хангалттай уялдаа холбоотой байвал тэр нь амьтны тархи, хиймэл сүлжээ, бүр цахиурын блок байсан ч ухамсар үүсч болно гэж үздэг.
Одоогоор энэ онолын дагуу тархины өдөөлт, компьютерын симуляци дээр туршилт хийгдэж байгаа бөгөөд зарим эхний үр дүн гүн унтуулалт эсвэл ухамсаргүй байдал үүсэхэд Φ огцом буурдаг болохыг харуулжээ.
Туршлагын хэлбэрүүд ба Φ
IIT нь зөвхөн ухамсрын оршихуйг тайлбарлаад зогсохгүй, өөр өөр Φ бүтэц нь өөр өөр мэдрэмж өнгө, амт, өвдөлт гэх мэт үүсгэдэг гэж үздэг. Энэ нь их зоримог боловч, хиймэл ухамсрын туршилтыг эхлүүлэхэд хүргэж, гүнзгий философийн асуудал ч дагуулж байна.
Квант механик ба ухамсар
Өөр нэг сонирхол татсан санаа бол ухамсрыг квант физиктай холбох оролдлого юм.
Физикч Рожер Пенроуз, мэдээ алдуулалтын эмч Стюарт Хамерофф нар “Оркестрын Объектив Коллапс” (Orch-OR) онолыг дэвшүүлсэн. Тэдний үзлээр тархины микротүбүлүүд дотор квант тооцоолол явагдаж, тодорхой хэмжээнд хүрмэгц ухамсрын агшин үүсдэг.
Олон эрдэмтэд тархи нь квант эффектийг хадгалахад хэт халуун, эмх замбараагүй орчин гэдэг ч, зарим шинэ судалгаанууд фотосинтезийн явцад өрөөний температурт квант нөлөө илэрдэг болохыг харуулсан нь энэ онолыг бүр мөсөн үгүйсгэж болохгүйг харуулж байна.
Энэ нь юунд хамаатай вэ?
Зарим философичид панпсихизмыг ухамсрыг атомд хүртэл хамааруулснаар энэ ойлголтыг үнэгүйтүүлнэ гэж болгоомжилдог.
Томоохон асуудал бол “Нийлмэл байдлын асуудал”: Хэрвээ электроноос эхлээд бүх зүйлд өчүүхэн мэдрэмж байдаг бол яаж тэд нийлж хүн шиг хүчтэй ухамсар бий болгодог юм бэ? Энэ асуултад хариулт алга.
Гэсэн ч энэхүү үзэл бол бие ба оюун хоёр тусдаа зүйл гэсэн хос чанарын онолыг тойрч гарах нэг боломж гэж үзэгддэг. Хэрвээ мэдрэмж нь эхнээсээ бодистой хамт оршдог бол, “Ухаан ба бодит байдал” гэсэн ялгаа багасна.
Цаашид юу болох вэ?
Панпсихизмийн ирээдүй нь илүү нарийн туршилт, тодорхой ойлголтуудаас шалтгаална. Нейроучид Φ утгыг хэмжих аргачлалыг боловсруулж, физикчид биологийн квант нөлөөг эрж хайж байна. Философичид ч мөн эртний санааг орчин үеийн логикоор шүүн тунгааж байна.
Эцэст нь энэ бүх эрэл хайгуул бидэнд нэг аймшигтай боловч сонирхолтой боломжийг сануулж байна:
Ухамсар нь ховор эрдэнэ биш, харин орчлонгийн суурь хэмнэл ч байж мэднэ.
Хэрвээ энэ үнэн бол, бидний зорилго чулууг хүн шиг болгох биш, харин хэрхэн энгийн “дуу” нийлж бидний сэрүүн амьдрал хэмээх “симфони” болон бүрэлддэгийг ойлгох явдал юм.
Earth.com