in ,

Арьсны бактери нарнаас хамгаалах байгалийн бамбай болох боломжтой

Арьсны бактери нарнаас хамгаалах байгалийн бамбай болох боломжтой

2025 оны тавдугаар сарын 13-нд Франц, Австрийн эрдэмтдийн баг арьсан дээрх бичил биетүүд хэт ягаан туяаны хортой нөлөөг бууруулах чадвартай болохыг тогтоосон судалгаагаа танилцууллаа. Энэхүү шинэ баримт нь бидний арьсан дээр амьдардаг нянгууд зөвхөн хоргүй хамтрагчид биш, харин нарны гэрлийн сөрөг үр дагавраас хамгаалдаг чухал үүрэгтэй байж болохыг харуулж байна.

Судалгааг Францын Лион хот дахь Халдварт өвчний судалгааны олон улсын төв болон Австрийн Грацын Анагаахын их сургуулийн Фотодерматологийн судалгааны баг хамтран удирджээ. Тус багийг доктор Вижайкумар Патра ахалсан бөгөөд арьсны нянгууд “cis-уроканик хүчил” хэмээх молекулыг задалж, дархлааны хариу үйлдэлд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлсэн байна.

Нянгууд нарны хорыг “Задалж” чаддаг

Арьсны гаднах давхаргад байрлах бичил биетүүд хүний арьсны шим тэжээлийг ашиглан дархлаанд нөлөөлөх бодисуудыг бий болгодог. Судалгаанд оролцогчид зарим төрлийн нян нарны тусгалаар үүсдэг cis-уроканик хүчилд тэсвэртэй байдлаараа ялгардаг болохыг тогтоожээ. Тэдний бодисын солилцооны процесс нь арьсны эсүүдийг нарны хэт ягаан туяанд өртөхөд илүү үр дүнтэй хамгаалалт үзүүлж болзошгүй юм.

Францын INSERM хүрээлэнгийн доктор Марк Вокансон:

“UV туяа, хүний биед үүсдэг молекул, нянгийн зан байдал гуравын хооронд шууд холбоо байгааг анх удаа нотоллоо” хэмээн онцолжээ.

Нар тусах үед арьсанд юу болдог вэ?

Арьс UVB туяанд өртөх үед trans-уроканик хүчил нь cis хэлбэрт шилжиж, орон нутгийн дархлааны хариу үйлдлийг сулруулдаг. Энэ нь заримдаа үрэвслийг намжаахад тустай ч, нөгөө талаас халдвар эсвэл мутаци үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Харин арьсан дээрх ашигтай нянгууд энэ молекулыг задлаж, сөрөг үр дагаврыг саармагжуулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Нарнаас хамгаалах шинэ ойлголт

Австрийн Грацын Анагаахын их сургуулийн доктор Питер Волф:

“Энэ судалгаа биднийг зөвхөн нарнаас хамгаалах биш, арьсан дээрх бичил биетүүдийн үүргийг ч авч үздэг шинэ хандлагад хөтөлж байна. Нарны тос болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг микробиомд нийцүүлэн хөгжүүлэх шаардлага гарч ирж магадгүй” хэмээн тайлбарласан байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү шинэ ойлголт нь нарны гэрлээр эмчлэх фототерапи зэрэг эмчилгээний аргуудад ч нөлөөлөх магадлалтай юм.

Арьсыг эдгээхэд нян ашиглах уу?

Микробиомын өөрчлөлт нь арьсны түлэгдэл хэрхэн үүсэх, нөхөн сэргэх явцад ч нөлөөлж болзошгүй. Зарим судлаачид ашигтай бактери агуулсан тос, түрхлэгийн аргаар арьсны нөхөн төлжилтийг дэмжих судалгаа эхлүүлээд байна.

Гэсэн ч ийм төрлийн эмчилгээний үр дүнг баталгаажуулахын тулд илүү нарийн, хяналттай туршилтууд шаардлагатай байгааг судлаачид онцолсон.

Ирээдүйн арьс арчилгаанд нян чухал үүрэг гүйцэтгэнэ

АНУ-ын Сан Диегогийн Калифорнийн их сургуулийн доктор Анна Ди Нардо:

“Арьсны бичил биетүүд бол зүгээр нэг хохирогч биш. Тэд бол дархлааны үйл явцыг зохицуулдаг, UV туяанд үүсдэг бодисуудыг задалж чаддаг идэвхтэй тоглогчид юм” хэмээн тэмдэглэжээ.

Эрдэмтэд арьс арчилгааны ирээдүйг микробиомын харилцан үйлчлэлд тулгуурлан хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн энэ чиглэлээр цаашид олон судалгаа хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.

Уг судалгаа Journal of Investigative Dermatology сэтгүүлд нийтлэгдсэн байна.

earth.com

What do you think?

Супер оддын зээл: Яннисийг нэг жилийн хугацаатай Тэйтүмээр солих хувилбар

Супер оддын зээл: Яннисийг нэг жилийн хугацаатай Тэйтүмээр солих хувилбар

NASA-гийн цэвэр өрөөнд өмнө нь бүртгэгдээгүй 26 төрлийн бактери илэрчээ

NASA-гийн цэвэр өрөөнд өмнө нь бүртгэгдээгүй 26 төрлийн бактери илэрчээ