Астон Вилла клуб Тоттенхэмийн сул бүрэлдэхүүнийг талбайдаа 2-0 харьцаатай буулган авч, Аваргуудын лигийн бүс рүү ахилаа.
Хоёрдугаар үед Эзри Конса, Бубакар Камара нарын оруулсан гоолуудын ачаар Унай Эмеригийн баг түр хугацаанд ч болов Манчестер Ситиг ардаа орхиж, Премьер лигийн эхний дөрвөн байранд багтав.
Эхний хагас сэтгэл хөдөлгөм, нээлттэй өрнөсөн ч аль аль баг гоол хийж чадсангүй. Вилла бөмбөгийг эзэмшлээр илүүрхэж (72%) олон боломж үүсгэсэн бөгөөд Морган Рожерс, Марко Асенсио нарын цохилтыг Тоттенхэмийн нөөц хаалгач Антонин Кински гайхалтай хааж чадсан.
Европын Лигийн шигшээ тоглолтоо хүлээж буй, бэртэлд нэрвэгдсэн Тоттенхэм эсрэг довтолгоогоор аюул учруулсаар байсан ч Сон Хын Мин, Уилсон Одоберт нарын оролдлого багахан зөрүүтэй зогссон юм.
Харин хоёрдугаар хагас Виллагийн давамгайллаар өнгөрөв. Тэд 59 дэх минутад тооны харьцааг нээв. Жон МакГинний цохисон булангийн дамжуулалтыг Олли Уоткинс толгойгоор Консад унагаснаар тэрбээр Ив Биссумагийн хөлийг завсардуулан хаалга руу чиглүүлжээ.
One more to go 👊 pic.twitter.com/RCun4jeLz4
— Aston Villa (@AVFCOfficial) May 16, 2025
Тоглолтын аяс эргэж, Тоттенхэм илт хойш сууж эхэлсэн бөгөөд Вилла давамгайллаа улам бэхжүүлж, бөмбөгийг эзэмшиж, эсрэг довтолгоонд орон зай олгосонгүй.
73 дахь минутад сэлгээний дараах уур амьсгал намжаагүй байхад Камара хожлыг баталгаажуулсан. Морган Рожерсийн дамжуулалтыг хүлээн авч, хамгаалагчдыг төвөггүй аргалан зүүн доод буланд цэвэрхэн цохисноор Премьер лигт анхны гоолоо оруулав.
Үлдсэн хугацаанд Вилла тайван тоглолтыг хадгалж чадсан. Леон Бэйли, Дониэлл Мален нар талбайд орж хэмнэлийг хадгалсан бол ахлагч МакГинн нэмэлт цагт үзэгчдээс халуун алга ташилт хүртэн сэлгээнд гарсан.
Тоттенхэм харин Премьер лигийн эхний долоон багтай хийсэн сүүлийн 14 тоглолтоос 12-т нь хожигдож, хамгаалалтын асуудлаа дахин ил болголоо. Тэд сүүлийн 13 тоглолт дараалан хаалгаа хуурай хадгалж чадаагүй бөгөөд энэ цуврал хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй.
Харин Вилла бүх тэмцээнд гэртээ хийсэн сүүлийн 21 тоглолтдоо ялагдаагүй бөгөөд лигийн сүүлийн есөн тоглолтоос наймд нь ялалт байгуулж, Аваргуудын лигийн мөрөөдөлдөө улам ойртсоор байна.
101greatgoals.com