“Бөгжний Эзэн” киноны гурвалсан цуврал болон удахгүй нээлтээ хийх “Бөгжний Эзэн: The Hunt for Gollum” киноны уран бүтээлчид Вигго Мортенсенийг Арагорны дүрд эргэн тоглоосой гэж хүсч байна.
The Playlist-д өгсөн ярилцлагадаа, эхний кино цуврал дээр Питер Жексон, Фрэн Уолштай хамтран ажиллаж байсан зохиолч Филиппа Бойенс шинэ киноны талаар ярихдаа Вигго Мортенсенийг эргэн тоглуулах талаар өөрсдийн хүсэл зорилгыг хуваалцсан байна.
“Үнэндээ энэ бол бүхэлдээ Виггогоос шалтгаална. Бид одоогоор маш эрт үе шатандаа явж байна. Би Вигготой ярилцсан, Энди Серкис түүнтэй ярилцсан, Питер Жексон ч түүнтэй ярилцсан. Бид бүгд санал бодлоо солилцсон. Гэхдээ Арагорны дүрийг Виггогоос өөр хэн ч бүтээж чадахааргүй мэт санагдаж байна. Хэрэв тэр зөвшөөрвөл л боломжтой” гэж Бойенс онцолжээ.
“The Hunt for Gollum” кинонд Мортенсений насыг залуужуулахад хиймэл оюун ухаан ашиглахгүй
Филиппа Бойенс шинэ киноны талаар товчхон хуваалцахдаа уг үйл явдал “The Fellowship of the Ring” киноны үе буюу Фродо Шайраас Ривенделл рүү явахын өмнөх хугацаанд өрнөхийг онцолжээ. Кинонд Арагорн Гэндальфаас Голлумыг олох үүрэг авч, тэрээр Хоббитын талаар ямар нэгэн эмзэг мэдээллийг бусдад өгч, Сауронд хүргэхээс сэргийлэх үйл явцыг дагах аж.
Хэдийгээр Мортенсен өмнөх үедээ Арагорны дүрд тоглож байсан үеэсээ ахимаг болсон ч Бойенс уг кинонд түүний насыг залуужуулахад хиймэл оюун ухааны технологи ашиглахгүй гэдгийг тодотгожээ.
“Энди түүнтэй хамт ажиллахыг хүсч байгааг би мэднэ. Гэхдээ бид үүнийг хиймэл оюун ухаан ашиглах гэж хардаггүй, энэ бол дижитал нүүр будалттай холбоотой. Харин Вигго тоглох эсэх нь зохиолын чанараас л бүрэн шалтгаална. Түүнд одоогоор зохиол очоогүй байгаа. Тиймээс Виггод шударгаар хандахын тулд бид сайн зохиол бичиж, тэр үүнийг өөрийн бүтээхийг хүссэн дүр гэж үзэх эсэхийг харах хэрэгтэй. Үүний дараа Энди, Вигго хоёр үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ шийднэ” хэмээн Бойенс хэлжээ.
Хэрэв Мортенсен уг дүрд дахин тоглохыг хүсэхгүй бол ч гэсэн түүнийг кинонд “Идэвхтэй оролцуулахыг” хүсэж байгаа ч энэ талаар эцсийн шийдвэр гарахад хэдэн сарын хугацаа шаардлагатай гэдгийг онцолсон байна.
“Хэрэв тэр тоглохыг хүсэхгүй бол бид дүрийг хэрхэн хүлээлгэн өгөх талаар түүнийг идэвхтэй оролцуулахыг хүсэх нь гарцаагүй гэж бодож байна. Гэхдээ энэ шийдвэр гаргах хүртэл нэлээд хэдэн сар шаардлагатай. Эхлээд тэр зохиолыг унших ёстой, харин би энэ ярилцлагыг дуусмагц зохиол дээрээ ажиллах болно [инээв]” гэж Бойенс хэлжээ.
comingsoon.net