Жүжигчин Жоди Фостер Каннын кино наадамд найруулагч Ребекка Злотовскигийн хамт шинэ уран бүтээл “Vie Privée”-г танилцуулж, 8 минут үргэлжилсэн халуун алга ташилтаар шагнууллаа. Танхим дүүрэн үзэгчид Фостерт хүндэтгэл үзүүлж байсан ч тэрбээр тайзан дээр хамт зогссон найруулагч руу заан, түүний амжилтыг онцлохыг хүссэн юм.
“Vie Privée” кино нь нэгэн сэтгэл засалч өвчтөнөө амиа хорлоогүй, харин алуулсан хэмээн сэжиглэж, хэргийн араас хөөцөлдөх болсон тухай өгүүлдэг. Энэхүү бүтээлийг “Only Murders in the Building”-ийн Франц хувилбар гэж хэлж болох ч илүү гүн шаналал, сэтгэл зүйн уур амьсгалаар баяжуулжээ.
Киноны үзвэрт оролцсон зочид ч оддын парад мэт харагдаж байв. Найруулагч Алехандро Гонсалес Иньярриту, жүжигчин Гаэл Гарсиа Бернал нар хамтдаа зургаа татуулсан бол Скарлетт Йоханссон нөхөр Колин Жостийн хамт улаан хивсэн дээр алхлаа. Түүнтэй хамт анхны найруулагчаар ажилласан “Eleanor the Great” киноныхоо гол дүрд тоглосон 95 настай Жүүн Сквибб байсан нь анхаарал татсан. Мөн “The Brutalist” киноны дүрээр саяхан Оскарын шагнал хүртсэн Эдриен Броуди, “Spring Breakers”-ийн Жэймс Франко нар ч хүрэлцэн иржээ.
Фостер энэ кинонд франц хэлээр дүр бүтээсэн нь түүний хувьд 2004 оны “A Very Long Engagement”-аас хойш Францад хийсэн анхны уран бүтээл юм. “Сүүлийн жилүүдэд франц кинонд тоглоогүй болохоор, буцаж ирэхийг их хүсэж байсан. Гэхдээ зүгээр нэг хамтарсан продакшнд ормооргүй байсан. Би өгүүлэмж бүхий түүхийг сонирхдог. Энэ кино надад яг тохирсон,” хэмээн тэрбээр Variety сэтгүүлд ярьжээ.
Найруулагч Ребекка Злотовски уг киноны зохиолыг өөрөө бичсэн бөгөөд “Grand Central”, “Planetarium” зэрэг уран бүтээлээрээ танигдсан. “Vie Privée” нь триллер, зан чанарын судалгаа, харилцааны хошин өнгө аясыг нэгтгэсэн бүтээл. Жүжигчин Даниел Отёй Фостерын хуучин нөхрийн дүрийг бүтээсэн бол, Виржини Эдина түүний мөрдлөг эхлүүлэх шалтгаан болсон өвчтөний дүрийг амилуулжээ.
Жоди Фостер сүүлийн үед уран бүтээлдээ идэвхтэй оролцож байгаа. Тэрээр 2023 оны “Nyad” киноны дүрээр Оскарын шагналд нэр дэвшсэнээс гадна 2024 оны “True Detective: Night Country” цувралын гол дүрээр Эмми шагнал хүртсэн.
“Би кинонд тоглохдоо маш няхуур ханддаг. Зүгээр л дүр бүтээхийн төлөө тоглоно гэж байхгүй. Өгүүлэмж нь надад хүрч байх ёстой,” хэмээн тэр онцоллоо.
“Vie Privée” киног Хойд Америкт Sony Pictures Classics кино компани дэлгэн гаргах эрхийг авчээ.