Голден Стэйт Уорриорс багийн залуу довтлогч Жонатан Куминга хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент болохоосоо өмнө ирээдүйнхээ талаар тодорхой хариулт өгөхөөс зайлсхийж, улирлын дараах хэвлэлийн бага хурал дээр “Би сайн мэдэхгүй байна” хэмээн хэд хэдэн удаа онцолжээ.
“Бид дөнгөж өчигдөр л тоглолтоо дуусгасан. Яг одоогоор би ямар ч зүйл бодоогүй байна” хэмээн тэрээр тайлбарлаж, амралтын үеэр цаашдын замаа бодож төлөвлөнө гэдгээ илэрхийлсэн юм. Куминга сүүлийн дөрвөн жил Уорриорст тоглох хугацаандаа сайн, муу аль аль үеийг туулсан ч “Энд тоглох таатай байсан” хэмээн эерэг өнгө аясаар дүгнэв.
Түүнээс плэйоффын үеэр өөрийгөө нотлох дарамт мэдэрсэн эсэхийг асуухад, “Би өөрийгөө нотлох талаар боддоггүй. Зүгээр л талбай дээр гарч, хожих ёстой” гэж хариулсан юм. Мөн тэрээр багийн ахлагч Дрэймонд Грийн хамгаалалтын тухай анхааруулсны дараа “Би хамгаалалтаа үнэхээр их сайжруулсан” хэмээн дурдсан.
Куминга энэ улиралд олж авсан туршлагадаа тулгуурлан тоглолтын бичлэгүүдийг дахин үзэж, ирээдүйд багтаа илүү үр дүнтэй байхад суралцана гэдгээ хэлсэн. “Би тоглогчийн хувьд ч, хүний хувьд ч их өссөн. Илүү хариуцлагатай болсон” гэж тэр хэлжээ.
Гэрээ, ирээдүйн үүрэг роль нь тодорхойгүй хэвээр байгаа ч Куминга энэ нь түүний тоглолтод сөргөөр нөлөөлөөгүйг онцлон, “Юу болохыг мэдэхгүй байсан болохоор юу ч болсон бай, шалтгаантай л болсон” гэж хэлжээ. Ирэх улиралд хэн нэгэн түүнтэй ярилцаж, цаашдын байр суурийг нь тодорхойлох байх гэдэгт найдаж буйгаа мөн илэрхийлсэн.
Биеийн байдал, эрүүл мэндийн тухайд тэрээр “Би эрүүл, сайн мэдрэмжтэй байна” гэж хэлээд, дасгалжуулагч Стив Керртэй хийсэн улирлын дараах ярилцлагаа эерэг болсон хэмээн дүгнэсэн. Стив Керр түүний самбарын төлөө тэмцэх чадварыг сайжруулахыг зөвлөсөн бөгөөд Куминга зуны турш багийн штабаас зөвлөгөө авч байх сонирхолтой байгаагаа дурдсан.
Гэмтэл бэртэл, бүрэлдэхүүний өөрчлөлт зэрэг сорилт их байсан ч Куминга энэ улирлыг “амжилттай” ба “гайхалтай” хэмээн тодорхойлж, гэр бүл, багийн нөхөд болон итгэл үнэмшлээ хүнд хэцүү үеийг давахад хамгийн их дэмжсэн хэмээн талархал илэрхийлсэн.
Ирэх улиралд илүү өндөр амжилтад хүрэх зорилготойгоор тэр зунжиндаа бэлтгэлдээ төвлөрөхөөр төлөвлөж байна. “Энэ жил аль болох эндээ байж, ирэх улиралд маш сайн тоглохыг хүсэж байна” гэж тэр онцолсон юм.
22 настай Жонатан Куминга энэ зун анхны дөрвөн жилийн гэрээ нь дууссанаар хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент болно. Тэрээр 2024-25 оны улиралд 15.3 оноо, 4.6 самбар, 2.2 дамжуулалт дунджилсан байна.
talkbasket.net