Спортын салбар бүрт домог болсон суутны удирдлага дор ажиллана гэдэг хэн хүний мөрөөдөл. Харин Жэйсон Ричардсонд энэ боломж 2007-08 оны улиралд “Шарлотт Бобкатс”-т тоглож байхдаа олдсон юм. Тухайн үед Майкл Жордан багийн бага хувийг эзэмшин, удирдлагын түвшинд орж ирсэн байв. Харин олон жилийн дараа Ричардсон “Хэн ч яагаад MJ-ийн түвшинд хэзээ ч хүрч чадахгүй вэ?” гэдгийг дэлгэжээ.
Ричардсон 2007 онд “Бобкатс”-т нэгдсэн ч багийн амжилт төдийлөн сайнгүй байв. Улирлын өмнө дасгалжуулагч солигдож, улирлыг ч ялагдлаар өндөрлүүлсэн. Гэсэн ч энэ үед нэг зүйл утга учиртай үр дүн авчирсан нь Жорданы дэргэд байж, түүний зөвлөгөөг авч чадсан явдал байлаа.
Саяхан Пол Жоржийн подкастын зочиноор оролцохдоо Ричардсон Майклтай хэрхэн харилцаж, юу сурч байснаа хуваалцсан юм.
“Тоглолтонд яаж ханддаг, юу хийдэг талаар бид ярилцдаг байсан. Гэхдээ чи мэднэ дээ, тэр бол Майк. Майк бол зүгээр л өөр хүн, ондоо сэтгэлгээтэй,” хэмээн Ричардсон ярилаа.
“Би түүнээс хамгийн жижиг зүйл ч болтугай суралцахыг хичээдэг байсан. Сагсан бөмбөгийн тухай ярихгүй байлаа ч тэр дандаа ялалтад тэмүүлж байдаг. Зүгээр л хажууд нь байхад хүртэл мэдрэгддэг тэр тэмцэх сэтгэл зүй, ялах хүсэл, бүхнээс илүүтэй ялалт чухал гэдэг итгэл. Ийм зүйлсийг л би анзаарч байсан” гэж нэмж хэлжээ.
Майкл Жордан бол дэлхийн хамгийн өрсөлдөөнч хүн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. “The Last Dance” баримтат кинонд тэрээр “хөргөгчийн булан”-гийн тоглоомонд хүртэл ялагдсандаа бухимдаж, “Буллс”-ын хамгаалалтын ажилтантай хошигнон маргалдаж буй нь гардаг. Мөн Индианагийн дасгалжуулагч байсан Ларри Бёрдтэй ширүүн тоглолтын дараа таагүй үг солилцож байсныг ч бид харсан.
Гэвч Ричардсоны хэлснээр, Майкл Жордан шиг өрсөлдөөнч байх нь хэн бүхний чадавх биш. Тиймээс түүнээс сэтгэлзүйн хувьд суралцах оролдлого хийсэн ч, үнэндээ Жордан төрөлхийн авьяастай, бусдад байдаггүй “тэр нэг зүйл”-тэй байсан гэдэгт тэр итгэдэг.
“Бодит байдал дээр бид түүний заяагдсан чадварт хүрч чадахгүй. Түүн шиг хөдөлмөрлөж болох ч тэр онцгой авьяастай байсан… Тэр ‘It’-ийг эзэмшсэн байсан. Зарим хүмүүс зүгээр л тийм төрдөг,” гэж Ричардсон хэлжээ.
“‘It’ factor” буюу тайлбарлахын аргагүй, хэмжиж боломгүй онцгой чадвар нь спортод домог бүтээсэн олон тоглогчдод бий. Жордан бол гарцаагүй тэдний нэг. Энэхүү чанарыг бас Коби Брайнт, Леброн Жэймс, Никола Ёокич зэрэг тоглогчдоос олж хардаг. Гэхдээ тэд бүгд нэг ижил зүйлтэй, бөмбөгтэй байхдаа ер бусын гайхалтай тоглодог.
Магадгүй энэ л Жорданыг олон жилийн дараа ч “Хамгийн агуу тоглогч” хэмээн нэрлэхэд хүргэж байгаа юм. Тэр хэзээ ч NBA-гийн финалд хожигдож үзээгүй. Харин Леброн Жэймс аваргын шигшээд Жорданы хожсон тоотой тэнцэх хэмжээний удаа ялагдсан байдаг нь хүмүүсийн санаанаас гардаггүй.
Эцэст нь Ричардсон өөрийгөө залуу тоглогч байхдаа Майкл Жорданы удирдлага дор ажиллах завшаан тохиосондоо азтай хэмээн дүгнэжээ. Тэр улиралд Ричардсон карьерынхаа хоёр дахь өндөр онооны дундаж үзүүлэлтийг үзүүлсэн. Жордан түүнийг ямар нэг байдлаар урамшуулж, өөрт нь зөв нөлөөлж чадсан нь тодорхой. Гэсэн ч Ричардсон өөрөө хэчнээн хичээсэн ч Жорданы түвшний тоглогчийг хүмүүжүүлнэ гэдэг боломжгүй зүйл гэж үздэг.
thesportsrush.com