in

Зарим хүн яагаад хов живний сэдэв болохыг илүүд үздэг вэ?

Зарим хүн яагаад хов живний сэдэв болохыг илүүд үздэг вэ?

Хов жив бол олон хүний анхаарлыг татдаг, ялангуяа өөрөө тухайн газар байхгүй үед. “Хүмүүс миний тухай юу ярьж байгаа бол?”, “Ямар нэгэн зүйл хэлж байна уу, эсвэл бүр дурсаагүй юу?” гэх бодол хүн бүрийн толгойд орж ирдэг. Тэгвэл ар хударгаар ярьж байлаа ч ядаж яригдаж байвал дээр үү, эсвэл хэн ч ярьдаггүй, огт анзаарагддаггүй байх нь дээр үү?

Энэ бол зүгээр л философийн асуулт биш. Харин Миссисиппигийн их сургууль, Дьюкийн их сургууль болон Германы Кайзерслаутерн-Ландаугийн их сургуулийн эрдэмтэд хамтран судалсан сэдэв юм. Тэд хов живний сэтгэлзүйн нөлөө болон хэн ч тоодоггүй мэдрэмжийг хооронд нь харьцуулан судалжээ.

Хов жив ч болтугай — Анзаарагдаж байна гэдэг чухал

Олон жилийн турш хийгдсэн судалгаанууд хэн нэгэнд үл тоогдох, гадуурхагдах мэдрэмж нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжид хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоосон. Танихгүй хүн хэсэгхэн хугацаанд ч гэсэн таныг үл тоох нь хүртэл сэтгэл зүйн хувьд гүн ул мөр үлдээж чаддаг.

“Хэн нэгэн таныг анзаарахгүй байх тэрхүү агшин, тэр нь бүр танихгүй хүн байсан ч гэсэн, танд гадуурхагдсан мэт мэдрэмж төрүүлдэг. Өөрийгөө үнэ цэнгүй, үл орших мэт санагдуулдаг,” хэмээн Миссисиппигийн их сургуулийн сэтгэл судлалын дэд профессор Эндрю Хейлс тайлбарласан байна.

Гэвч хов живийн бай болсноор мэдрэгдэх эвгүй байдал ч бас хүнд. Сөрөг утгатай, араар ярих яриаг хэн ч хүсэхгүй. Гэсэн ч хэрэв сонголт хийх хэрэг гарвал хүмүүсийн дийлэнх нь ямар байр суурьтай байх бол?

“Хов жив сайн нэртэй биш нь ойлгомжтой. Гэхдээ хэн ч бас тоогдохгүй байхыг хүсдэггүй. Ямар ч ярианд өртөхгүй байна гэдэг өөрөө сөрөг мэдрэмж төрүүлдэг,” гэж Хейлс хэлжээ. “Тиймээс энэ хоёр хүчтэй нийгмийн сэдэл мөргөлдөх үед яг юу мэдрэгддэг вэ гэдгийг л бид судалсан.”

Хүүхэд насны сониуч зан эрдэм шинжилгээний асуулт болсон нь

Судалгаанд Хейлстэй хамтран ажилласан эрдэмтэдийн нэг нь Дьюкийн их сургуулийн сэтгэл судлал ба мэдрэлийн шинжлэх ухааны постдок судлаач Мелтем Юүжэл юм. Тэрбээр бага наснаасаа хов живийн талаарх сониуч зангаа даган энэ чиглэлээр ажиллах болсон.

Турк улсад өссөн Юүжэл “Алтны өдөр” хэмээх уламжлалт уулзалтад тогтмол оролцдог байсан. Эдгээр уулзалтад эмэгтэйчүүд хооллож, цайлангаа хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, хов живээ солилцдог байв.

“Бага байхад хов живийн талаар юу хэлэх гэхэд л ‘томчуудын ярианд оролцох хэрэггүй’ гэж загнадаг байсан. Гэтэл томчууд өөрсдөө байнга хов ярьдаг. Тэгэхээр яагаад насанд хүрэгчдэд болохоор, хүүхдүүдэд болохгүй гэж?” хэмээн тэр эргэн дурсжээ.

Энэ асуулт нь түүний дотор олон жил хадгалагдаж явсан бөгөөд эрдмийн зэрэг хамгаалахдаа анх удаа жинхэнэ утгаар нь судалсан байна.

“Хүмүүс миний тухай ярьж байгаасай” гэх хандлага

Судалгаанд оролцогч 1,000 гаруй хүнд нэгэн байдлыг төсөөлүүлэх үүрэг өгсөн байна: та үдэшлэг дээр оролцож байгаа, харин гарч одсон хэнийг ч тэнд үлдсэн хүмүүс ярьдаг. Тэгвэл та гадагшаа гарах үед хүмүүс таны тухай ярихыг хүсэх үү, эсвэл ярьсангүй гэж найдах уу?

Тав давталттай туршилтаар янз бүрийн хувилбаруудыг судлахад дараах дүн гарчээ. Хүмүүсийн ихэнх нь эерэг хов живийг сөргөөс илүүд үздэг. Гэхдээ гуравны нэг орчим нь эерэг хов жив ч байлаа гээд дуртай байгаагүй нь сонирхол татжээ.

“Зарим хүний хувьд эерэг хов живийг хуурамч, түр зуурын зүйл мэтээр хүлээн авдаг байж магадгүй. Эсвэл хэзээ мөдгүй сөрөг яриа руу эргэх вий гэж эмээдэг ч байж болно,” гэж Хейлс хэлжээ.

Хэн хов живийн сэдэв болохыг хүсдэг вэ?

Судалгаанаас харахад зан чанар, ялангуяа нарциссизм буюу өөрийгөө онцгой, илүү гэж үзэх хандлага болон хүйс нь энэ сонголтод нөлөөлдөг байна.

Нарцисс шинжтэй хүмүүс бусдын ярианы сэдэв болж байгаагаа эерэг гэж үзэх хандлагатай. Ялангуяа, огт анзаарагдахгүй байснаас илүү сөрөг анхааралд өртөхийг илүүд үзэх нь түгээмэл. Үүнийг батлах тоон үзүүлэлт ч байна: ямар ч өнгө аястай байлаа гэсэн яригдаж байхыг хүсдэг оролцогчдын 15% нь нарциссизмын оноо өндөртэй гарчээ. Энэ бүлэгт эрэгтэйчүүд илүү олон байв.

Ерөнхийдөө, оролцогчдын 85% нь сөрөг хов жив таалагддаггүй гэсэн бол 64% нь эерэг хов живийг хүлээн зөвшөөрдөг байна. Гэсэн ч үлдсэн гуравны нэг нь эерэг хов жив ч тухгүй мэдрэмж төрүүлдэг гэжээ.

Энэ мэдрэмж нь хяналт алдагдаж байгаа мэт санагдах, цаагуураа муучилж байж магадгүй гэж сэжиглэх, эсвэл шашин, ёс суртахууны үүднээс хов живийг буруушаадаг хандлага зэргээс үүдэлтэй байж болох юм.

Хов жив үргэлж муу биш

Юүжэлийн хэлснээр, хов жив нь зарим үед нийгмийн дэг журмыг сахиулах хэрэгсэл болж чаддаг. Тухайлбал, шударга, үнэн зөв зорилготой сөрөг хов жив нь бүлгийн дотор хариуцлагыг бий болгоход тусалдаг байна.

Хейлсийн хэлснээр хүн гэдэг өөрөө нийгмийн амьтан учраас бусдын тухай ярих, сонирхох зан бол байгалиас заяасан зүйл. Харин юуг, яаж ярих вэ гэдэгт л ухаалаг, энэрэнгүй, болгоомжтой хандах ёстой гэдгийг тэр онцолжээ.

Судалгааны эцэст, хэн нэгний тухай ярихгүй байх болон түүнийг муулах хоёр хоёулаа тухгүй мэдрэмж төрүүлдэг ч, энэ хоёрын хоорондын ялгаа нь хувь хүний туршлага, зан чанараас хамаарч маш өөрөөр хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг баталсан байна.

Тус судалгаа Self and Identity шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн.

earth.com

What do you think?

Харанхуй фотоны онол гэрлийн талаарх ойлголтыг өөрчилж магадгүй

Харанхуй фотоны онол гэрлийн талаарх ойлголтыг өөрчилж магадгүй

Барселона v Реал Мадрид: Албан ёсны бүрэлдэхүүн зарлагдлаа — Гүлэр Родригоог орлоно

Барселона v Реал Мадрид: Албан ёсны бүрэлдэхүүн зарлагдлаа — Гүлэр Родригоог орлоно