Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич энэ зун болох Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Реал Мадридыг орхихоо албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр богино хугацааны гэрээг сунгах талаар хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрээгүй тул нэр төртэйгөөр багийг орхих шийдвэр гаргасан байна.
39 настай Модрич 2012 оны наймдугаар сард Тоттенхэмээс Мадридт ирж, дөрвөн удаа Ла Лигт, зургаан удаа Аваргуудын лигт түрүүлэх зэрэг сүүлийн үеийн амжилтуудад голлох үүрэгтэй оролцсон.
Сэтгэл хөдөлгөм захидал бичжээ
Инстаграм хуудсаараа дамжуулан Реал Мадридын хөгжөөн дэмжигчдэд хандсан захидалдаа Модрич:
“Тэр мөч ирлээ. Би энэ мөчийг хэзээ ч хүсээгүй ч хөлбөмбөг, амьдралын жам ийм. Бямба гарагт Сантъяго Бернабеу цэнгэлдэхэд би сүүлчийн тоглолтоо хийнэ.
2012 онд би дэлхийн хамгийн шилдэг багийн өмсгөлийг өмсөх хүсэл, том зорилго өвөртлөн ирсэн. Гэхдээ дараа нь тохиолдсон зүйлсийг зүүдэлж ч байгаагүй.
Реал Мадридт тоглох нь надад хөлбөмбөгчийн хувьд ч, хүний хувьд ч амьдралыг минь өөрчилсөн.
Энэ хугацаанд миний хажууд байж, дэмжсэн ерөнхийлөгч Флорентино Перес, хамт олон, дасгалжуулагчид, ажилтнууд болон бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Бид боломжгүй мэт эргэн ирэлтүүдийг бүтээж, финалуудад тоглож, Бернабеуд гайхалтай үдэшүүдийг өнгөрүүлсэн. Би бүх зүйлийг хожсон, бас маш их аз жаргалтай байсан.
Гэхдээ цом, ялалт бүхнээс илүүтэй надад мэдрэгдсэн фэнүүдийн хайр, дэмжлэг бол хэзээ ч мартагдахгүй үнэт зүйл. Та бүхний халуун алга ташилт, хайр халамж бүрийг би зүрх сэтгэлдээ хадгална.
Би бахархал, талархал, дурсамжаар дүүрэн сэтгэлээр явж байна. Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа энэ өмсгөлийг талбай дээр дахин өмсөхгүй ч би үргэлж Мадридын фэн хэвээр үлдэнэ” хэмээн бичжээ.
🤍 THANK YOU.#GraciasLuka pic.twitter.com/yf1s5W9dxE
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) May 22, 2025
Түүний Сантъяго Бернабеуд хийх сүүлчийн тоглолт энэ бямба гарагт Реал Сосьедадын эсрэг болох юм. Дараа нь АНУ-д болох Клубуудын дэлхийн аваргад багийн бүрэлдэхүүнд багтах бөгөөд ирээдүйд өөр багт тоглох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Мөн тэрбээр тоглогчийн замналаа дуусгасныхаа дараа хийж эхлэх амьдралдаа бэлтгэж, Английн Чемпионшип дэх Суонси Сити багийн цөөн хувийг эзэмших болсон билээ.
Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перес:
“Лука Модрич үргэлж бидний сэтгэлд онцгой, дуурайл болох тоглогч хэвээр үлдэнэ. Түүний хөлбөмбөг Реал Мадридын үнэт зүйлсийг илэрхийлж, дэлхий даяарх хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг татсан. Түүний өв уламжлал үүрд мөнх” хэмээн мэдэгджээ.
Клуб түүнийг хүндэтгэн амралтын өдрийн тоглолтын үеэр баяр ёслол зохион байгуулах гэж буйгаа мөн зарласан байна.