Саяхан хүртэл Стоктон Раш нэртэй нэгэн бизнесмен туршилтын шумбагчаараа баячуудыг далайн гүн рүү аялуулах замаар хөрөнгөжиж байв. Түүний байгуулсан Oceangate компани Титаникийн сүйрсэн газарт аялах боломжийг чинээлэг үйлчлүүлэгчдэд санал болгож, ихээхэн ашиг олж байсан юм. Гэвч Раш болон түүний зарим үйлчлүүлэгчид өөрийн шумбагч онгоцны бүтцийн доголдлоос болж дэлбэрснээр амиа алджээ.
Oceangate-ийн осол нь далайн аялал жуулчлалын салбарт хүнд цохилт өгсөн бөгөөд үүнээс өмнө Америкчуудын дунд төдийлөн танигдаагүй байсан уг салбар эрсдэлтэй гэж үзэгдэх болжээ. Гэсэн ч хувийн хэвшлийн олон далайн доорх төсөл үргэлжилсээр байгаа бөгөөд тэдний нэг нь DEEP нэртэй төсөл юм.
DEEP-ийн гол зорилго нь далайн гүнд байнгын судалгааны суурин байгуулах явдал. Тус төсөл нь Oceangate-тэй холбогдохоос зайлсхийж, аюулгүй байдлын хатуу стандарт мөрдөхийг чухалчилж байна. Тухайлбал, DEEP нь олон улсын итгэмжлэлийн байгууллага болох Det Norske Veritas (DNV)-тэй хамтран ажиллаж, шумбагч хөлөг, усан доорх байгууламжуудаа батлагдсан стандартын дагуу барьж буйгаа онцолжээ. Мөн тэд аялал жуулчлал бус, далайн судалгааны төв байгуулахыг нэн тэргүүний зорилго хэмээн тодорхойлсон байна.
Тус компанийн үйл ажиллагааны захирал Майк Шэклфорд The Guardian-д өгсөн ярилцлагадаа:
“Бид далайд үүрд амьдрахыг зорьж байна. Дэлхийн бүх далайд байнгын хүний суурин байгуулахыг хүсэж байна” гэжээ.
Энэ зорилгод хүрэхийн тулд DEEP шинэ төрлийн шумбагч хөлгүүд болон “Сентинел” нэртэй усан доорх баазуудын сүлжээг байгуулахаар ажиллаж байна. Тэд өөрсдийн инженерчлэлийн үйл явцыг ил тод байлгахын тулд албан ёсны вебсайтдаа хөгжүүлэлтийн мэдээллүүдээ хуваалцдаг. Одоогоор тэд Их Британийн Глостершир хотод төвлөрөн, Уэльсийн хил орчмын 80 метр гүн нуурт өөрсдийн шумбагч болон байгууламжуудыг туршиж байна. Мөн тус төвд эрдэмтдийн усан доор амьдрах, ажиллах чадварыг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөр ч хэрэгжиж байгаа аж.
The Guardian-ийн мэдээлснээр DEEP төслийг үл танигдах баян хөрөнгө оруулагч санхүүжүүлж байгаа гэнэ. Уг хөрөнгө оруулагч хэдэн зуун сая фунт стерлинг (магадгүй түүнээс ч их) зарцуулах хүсэлтэй бөгөөд зорилго нь далай судлалыг хөгжүүлж, хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх төсөл хэрэгжүүлэх явдал гэжээ. DEEP-ийн удирдлагууд хөрөнгө оруулагчийн нэрийг нууцалж байгаа бөгөөд зөвхөн Чепстоу дахь Deep Campus-ийн бүтээн байгуулалтад 100 сая фунт стерлингээс илүү хөрөнгө оруулсан гэдгийг онцолжээ.
Саяхан The Guardian-ийн сэтгүүлчид DEEP-ийн төвийг зорин, тэдний хөгжүүлж буй “Сентинел” усан доорх суурингийн загвартай танилцсан байна:
“Энэ бүтээн байгуулалтын цар хүрээ нь бүр гаднаас нь харахад л мэдрэгдэж байлаа. Үндсэн амралтын хэсэг нь зургаан метр диаметртэй бөмбөлөг бөгөөд бодит байгууламж усан дор байрласны дараа хүн бүр далай болон түүний оршин суугчдын хүрээлэлд байна гэсэн мэдрэмж авах нь гарцаагүй”
Өнөөдөр дэлхийн хамгийн баян хүмүүс өөрсдийн үлэмж хэмжээний хөрөнгөө хэтэрхий өндөр зорилгод зарцуулж байна. Жишээ нь, Илон Маск Марсыг колоничлох мөрөөдөлтэй бол Марк Цукерберг хүмүүсийг виртуал ертөнцөд (метаверс) оруулж, тэндээс худалдан авалт хийх санаачилга өрнүүлж байгаа. Харин далайг эзэмших нь эдгээр санаачилгуудтай харьцуулахад илүү ашигтай мэт санагдаж болох ч ийм том төсөлд аюулгүй байдал, үр ашигтай судалгаа нэгдүгээрт тавигдах ёстой. Ашиг олохыг урьтал болговол энэ төсөл ч мөн эцэс төгсгөлгүй эрсдэл дагуулж мэдэх юм.
gizmodo.com