Зөвхөн бодлоороо тоглоом удирдах: Энэ нь уран зөгнөл биш, тун удахгүй бодит байдал болох магадлалтай. Техасын Остин хотын лабораторид сайн дурын оролцогчид хуруугаа ч хөдөлгөхгүйгээр дэлгэцэн дээр уралдааны машин жолоодож, тэнцвэрийн самбарыг удирдаж чаджээ. Тэдний хэрэглэсэн цорын ганц төхөөрөмж нь электродтой малгай байв. Хяналтын бүх дохио зөвхөн тархинаас нь ирсэн.
Хэдэн жилийн турш тархи-компьютерын интерфейс (BCI) технологи нь хүн бүрт тусгай тохируулга шаардах, удаан, өртөг өндөртэй зэргээс шалтгаалан өргөн хэрэглээнд нэвтэрч чадахгүй байлаа. Харин Техасын Их Сургуулийн баг энэ бэрхшээлийг даван туулах шинэ аргачлал нэвтрүүлжээ.
Тэд “декодер” хэмээх програмыг туршлагатай хэрэглэгчийн тархины дохион дээр суурилуулж, шинэ хэрэглэгч бүрт автоматаар дасан зохицдог болгосон байна. Уг системд Generic Recentering (автомат тохируулга) болон Personally Assisted Recentering (хэрэглэгчийн оролцоотой нарийн тохируулга) гэсэн хоёр алгоритм ажилладаг.
Тохируулгагүй шууд ашиглах боломж
Судалгаанд 18 эрүүл сайн дурын оролцогч оролцсон бөгөөд шинэ систем нь шинэ хүний толгойд шууд тохируулга хийхгүйгээр ажилласан нь онцлох үр дүн байв. Тэд зөвхөн нэг удаагийн оролцоогоор тэнцвэр хадгалах дасгал болон нарийн эргэлт бүхий уралдааны тоглоомыг удирдаж сурах чадвартай байжээ.
Уг дуулиант технологи нь тоглоомоос гадна бодлын хүчээр удирддаг тэргэнцэр, гарын хөдөлгөөний робот зэрэг сэргээн засах тоног төхөөрөмжид ч шууд ашиглагдах боломжтойг South by Southwest наадмын үеэр хийсэн нэмэлт үзүүлбэр харуулсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинэ боломж нээгдэнэ
Хэдий одоогийн туршилтууд эрүүл хүмүүст хийгдсэн ч судалгааны баг уг системийг нурууны гэмтэл, цус харвалттай хүмүүст туршихаар төлөвлөж байна. Тэдний өмнөх судалгаанууд BCI-ийн тогтмол хэрэглээ нь мэдрэлийн шинэ холболтуудыг бий болгодог болохыг харуулсан.
Түүнчлэн уг технологи эмнэлэгт хэт их цаг зарцуулж, нарийн тохируулга хийх шаардлагагүй болох тул сувилагч, эмч нар өвчтөнтэй ажиллахдаа зорилго, сэдэл өгөх зэрэг хүний сэтгэлзүйн талыг түлхүү хариуцах боломжтой болно.
Өргөн хэрэглээнд хүрэх ирээдүй ойрхон байна
Энэхүү технологи эрсдэл багатай, мэдрэлийн системд нэвтэрдэггүй (non-invasive) тул үнэ өртөг багатай, олон нийтэд хүртээмжтэй хувилбар болж байна. Судалгаанд ашигласан электродтой малгайг ирээдүйд сэргээн засах төвүүд зүрхний хэм хэмжигч бүс шиг шууд хэрэглэгчдэд зээлүүлэх боломжтой гэж үзэж байна.
“Энэ технологийн зорилго бол хүмүүст өдөр тутмын амьдралд нь туслах. Бид энэ замаараа цааш урагшилсаар байх болно,” хэмээн судалгааны багийн ахлагч профессор Хосе дель Р. Мильян онцолжээ.
Уг судалгаа бүрэн эхээрээ PNAS Nexus сэтгүүлд нийтлэгджээ.
earth.com