in ,

Тоттенхэм vs Манчестер Юнайтед: Европын лигийн түүхэн дэх хамгийн том финал уу?

Аль аль баг Бильбаод ялалт байгуулж, Аваргуудын лигийн эрхээ баталгаажуулахыг зорьж байна.

Тоттенхэм vs Манчестер Юнайтед: Европын лигийн түүхэн дэх хамгийн том финал уу?

Европын лигийн шигшээ тоглолт ийм өндөр түвшний хүлээлт, дарамт, цөхрөл гурвыг ижилхэн хэмжээнд агуулж ирдэг тохиолдол тун ховор. Гэвч энэ бол энгийн нэг финал биш.

2025 оны Европын лигийн шигшээ тоглолт лхагва гарагийн шөнө болох бөгөөд Тоттенхэм, Манчестер Юнайтед хоёр энэ улирлын турш тогтворгүй, сэтгэл дундуур улирлыг туулсны эцэст Европын хоёрдугаар түвшний тэмцээний аваргын төлөө нүүр тулах гэж байна.

Английн Премьер лигт энэ хоёр багийн хувьд улирал бүрэн сүйрэл болж өнгөрсөн. Улирлын эхэнд Ангэ Постэкоглугийн удирдлага дор довтолгооны эрчтэй, урамтай тоглолтоороо олныг бишрүүлж байсан Тоттенхэм улирлын хоёрдугаар хагаст тоглолтоо алдсаар хүснэгтийн 17-д унасан.

Манчестер Юнайтед ч Рубен Аморимын удирдлага дор төдийлөн дээрдсэнгүй. Тоглолт бүрдээ хэлбэлзэлтэй, тогтворгүй байж, хүснэгтэд уруудаж, Жим Ратклифф болон INEOS-ийн удирдлагад байгаа багийн ирээдүйд эргэлзээ төрүүлсээр ирсэн.

Гэхдээ тэд энд байна. Английн хөлбөмбөгийн хоёр уналттай аварга Европын тавцанд аврал хайж, сүүлчийн найдвартайгаа зууралдаж байна.

Хэдэн арван долоо хоног дараалан сэтгэл гонсойлгосон тоглолтуудыг тэвчиж ирсэн фенүүдийн хувьд энэ бол бүхнийг ардаа орхих ганцхан шөнө.

Мянга мянган хүн халаасаа уудалж, хил давав. Тэдний хувьд энэ улирлын урам хугарал нэг шөнийн дотор мартагдаж, цоо шинэ найдвараар солигдох боломжтой.

Энэ нь Аваргуудын лиг биш байж магадгүй. Гэхдээ Тоттенхэм болон Манчестер Юнайтедын хувьд Европын лигийн энэхүү финал бол сүүлийн арван жилд тоглох гэж буй хамгийн чухал тоглолт байж мэднэ.

Зүгээр нэг цом биш

Цом өргөх нь анхаарлын төвд байгаа ч, энэ тоглолтын жинхэнэ шагнал бол ирэх улирлын Аваргуудын лигт оролцох эрх юм.

Манчестер Юнайтедын хувьд Аваргуудын лиг бол нэрийн хуудас нь. Европын шилдгүүдтэй мягмар, лхагва гарагийн шөнө тоглох хэв маягт дассан тэдний хувьд пүрэв гаригийн орой нэр хүндээ хамгаалан тоглох нь зохисгүй.

Дээд түвшинд эргэн очих нь зөвхөн нэр төрийн асуудал бус, багийн зуны бодлого, санхүүгийн чадамжтай шууд холбоотой.
Юнайтедын ирэх улирлын төлөвлөгөө Аваргуудын лигт орж чадах эсэхээс ихээхэн хамаарна. Хэрэв эрхээ авч чадахгүй бол Виктор Гёкереш зэрэг дээд түвшний тоглогчдыг урьж дуудахад хүндрэл үүсэх нь гарцаагүй.

Харин Тоттенхэмийн хувьд Европын лигээр дамжиж Аваргуудын лигт шалгарах нь яг ийм хэмжээний чухал боломж.

Энэ нь багийн шинэчлэлийг хурдасгах, өмнө нь Тоттенхэмийг сонирхохгүй байсан тоглогчдод хаалга нээх, хамгийн гол нь дасгалжуулагч Ангэ Постэкоглугийн ирээдүй бүрхэг байгаа энэ үед өөр удирдагчдад “Тоттенхэмд итгэж болохуйц ирээдүй бий” гэдгийг харуулах дохио болох юм.

Постэкоглугийн ирээдүй тодорхойгүй байгаа нь Умард Лондонд бүхэл бүтэн эргэлзээг бий болгоод буй. Харин хэрэв баг цом хүртэж, Аваргуудын лигт шалгарч чадвал энэ эргэлзээг найдвар, урагшлах итгэлээр дүүргэж мэднэ.

 

Түүх, тэмүүлэл, Сон Хын Мин

Тоттенхэм хамгийн сүүлд цом хүртээд даруй 17 жил өнгөрчээ. 2008 онд Хуандэ Рамосын удирдлага дор Лигийн цом хүртсэн нь тэдний сүүлчийн амжилт байсан.

Түүнээс хойш тэд олон удаа цомд ойртож, дараа нь унасан. Багийг шинэчлэх оролдлогууд, дасгалжуулагчдын ээлжлэн солигдсон он жилүүд, мөн “бараг л амжилтад хүрсэн баг” гэх гунигтай хочийн бай болсон. Тиймээс Сперсийн фенүүдийн хувьд цомын төлөөх хүсэл зөвхөн зорилго биш харин гүнзгий шаналал, итгэлийн баталгаа, олон жилийн хараал таслах цорын ганц боломж болон хувирсан.

Энэхүү өлсгөлөн, цомд хүрэх цөхрөл Тоттенхэмд сэтгэлзүйн хувьд илүү давуу тал бий болгож мэднэ. Харин Манчестер Юнайтедын хувьд сүүлийн жилүүдэд олон цом хүртсэн туршлагатай. Тухайлбал, 2017 онд Жозе Моуриньогийн удирдлага дор Европын лигт түрүүлж байв. Тэдний хувьд түрүүлэх нь хүлээлт. Харин Тоттенхэмийн хувьд зайлшгүй шаардлага.

Энэ тэмүүлэл, цангалт хамгийн тод илэрч буй хүн бол багийн ахлагч Сон Хын Мин. Сүүлийн олон жилийн амжилтгүй үеийг зүтгэлтэй давсан тэрбээр ийм боломж хэзээ дахин тохиохыг мэдэхгүй. 32 настай Сонгийн хувьд энэ нь Тоттенхэмийн өмсгөлийг өмссөн хэвээр байхдаа том цом өргөх сүүлчийн бодит боломж байж мэднэ. Түүний манлайлал, хүсэл тэмүүлэл энэ тоглолтод Тоттенхэмд хэрэгтэй гал, урам зоригийг асааж чадна.

Гэхдээ Манчестер Юнайтед амархан бууж өгөхгүй. Бруну Фернандеш, Каземиро зэрэг том тайзан дээр ялалт байгуулж байсан тоглогчидтой энэ баг юу шаардлагатайг сайн мэднэ.

Гол асуулт бол энэ туршлага тэдэнд итгэл нэмэх үү, эсвэл сэтгэл амар, хөнгөмсөг байдалд хүргэх үү гэдэг. Тоттенхэмийн хувьд энэ тоглолт амьсгаа мэт хэрэгтэй. Юнайтед үүнийг дутуу үнэлбэл хожигдлын шалтгаан нь байж мэднэ.

Тоглолт төдийгүй хувь заяаг шийдэх мөчүүд

Энэ финал зөвхөн цомын эзнийг тодруулахгүй, талбайн захад зогсох дасгалжуулагчдын ирээдүйг ч шийдэж мэднэ.

Ангэ Постэкоглугийн Тоттенхэмийг удирдсан хоёр дахь улирал тун тааруу төгсөж байна. Тэр өөрийгөө “Хоёр дахь жилдээ үр дүн гаргадаг” гэж хэлсээр ирсэн ч, клубийн дотоод эх сурвалжуудын мэдээлснээр удирдлагууд түүнийг орлох хувилбаруудыг хэдийнээ судалж эхэлсэн гэх цуурхал гарчээ.

Хэрэв Тоттенхэм Европын лигт түрүүлж чадвал Постэкоглу багтаа үлдэх боломж, нөлөөг дахин олж авч мэдэх ч, энэ нь бас багтаа үлдээх сүүлчийн бэлэг нь ч байж болох. Тэр өөрөө ч ялалт байгуулчихаад өөрийн хүсэлтээр явж мэднэ. Ялангуяа Премьер лигт ийм сул тоглолт үзүүлсний дараа шалтгаан хэлэх аргагүй болчихсон үед.

Харин талбайн нөгөө талд байгаа Рубен Аморим өөр сорилттой тулгарч байна. Португал дасгалжуулагч бүрэн өөр философи, шинэ хэв маягтайгаар багийг сэргээх зорилготой ирсэн. Түүнийг ирэхдээ “Эрик тен Хагийн дараах үеийг эхлүүлнэ” гэсэн найдлага дагалдаж байсан.

Гэвч Аморимын хувьд ч зам шулуун байгаагүй. Тэрээр энэ оны нэгдүгээр сард бүр огцрохоор бодож байсан гэх мэдээлэл бий. Хэрэв энэ тоглолтод ялж, Европын цом хүртэж чадвал, багийг өөрийн үзэл бодлоор шинээр босгох, нэр хүндээ дахин сэргээх хугацааг өөртөө авч мэднэ.

Тиймээс энэ тоглолт зөвхөн хоёр багийн нэр төрийн төлөө биш, хоёр дасгалжуулагчийн ирээдүйн хувь заяаны төлөөх тулаан болж байна.

Хэн нь илүү сайн формтой вэ?

Цаасан дээр авч үзвэл Манчестер Юнайтед илүү сайн бэлтгэлтэй харагдаж байна. Бруну Фернандеш, Каземиро хоёр бол том тоглолтын мэргэжилтнүүд. Диогу Далот чимээгүйхэн багийн хамгийн тогтвортой тоглогчдын нэг болсон бол Юро, Зиркзее нарын бэлтгэлд эргэн нэгдсэн нь Юнайтедын тактикийн сонголтод уян хатан байдал нэмэгдүүлж байна. Мөн Угарте, Майну нар өөр өөр төрлийн эрч хүчийг төвийн шугамд авчирч, хагас хамгаалалтын өргөн бүрэлдэхүүнийг бүрдүүлж өгчээ.

Гэхдээ Тоттенхэмд аваргын төлөөх тулаанд зайлшгүй шаардлагатай нэг зүйл бий. Хамгаалалтын тогтвортой байдал.

Дестини Удогие, Микки ван де Вен, Кристиан Ромеро, Педро Порро нарын дөрвөл бүрэн эдгэрч, формондоо орсон. Энэ хамгаалалтын шугам бол улирлын туршид Тоттенхэмийн хамгийн сайн тоглолтуудын гол тулгуур байсан.

Энэ тогтвортой хамгаалалтыг Сон Хын Миний манлайлал, тэмүүлэлтэй хослуулбал Тоттенхэм илүү тэнцвэртэй, сэтгэлзүйн хувьд илүү төвлөрсөн баг болж харагдаж байна.

Гэхдээ эцсийн үр дүнг хэн энэ үдшийг илүү зөв удирдаж чадсан нь шийднэ. Манчестер Юнайтедын хувьд том тайзан дээр тоглоход дассан, туршлагатай баг. Харин Тоттенхэм харуулах зүйлтэй, нотлох зүйлтэй. Ихэнх тохиолдолд, тийм сэдэлтэй баг илүү аюултай байдаг.

Хувь заяаг тодорхойлох шөнө

Ихэнх улиралд Европын лигийн шигшээ тоглолтыг “Тайвшруулах шагнал” хэмээн хардаг. Гэвч энэ жил бүх зүйл өөр. Тоттенхэм, Манчестер Юнайтед — хоёулаа одоо өөрчлөлтийн зааг дээр, ирээдүй нь бүрхэг, үнэт зүйл нь ганхаж буй хоёр баг.

Энэ тоглолт зөвхөн цомыг хэн өргөхийг шийдэхгүй. Энэ нь хоёр багийн ирэх арван жилийг тодорхойлох чухал мөч байж мэднэ.

Тоттенхэм олон жилийн турш үргэлжилсэн цомгүй байдлаа эцэслэж, элдвийн доог тохууг чимээгүй болгох уу?
Юнайтед Европын тавцанд эргэн гарч, бүтэлгүй улирлаа аврах сүүлчийн боломжоо ашиглаж чадах уу?

Хариулт нь ганцхан шөнө, ганцхан тоглолтын цаана байна.

What do you think?

Криштиану Роналду бэртлээсээ эргэн ирж, Германтай хийх тоглолтын бүрэлдэхүүнд багтлаа

Криштиану Роналду бэртлээсээ эргэн ирж, Германтай хийх тоглолтын бүрэлдэхүүнд багтлаа

Кевин Харт, Том Брэди, Друски нар фэнүүдтэйгээ  саяын төлөө өрсөлдөнө

Кевин Харт, Том Брэди, Друски нар фэнүүдтэйгээ $1 саяын төлөө өрсөлдөнө