Өнгөрсөн амьдралдаа би тамхи татдаг байсан. Тамхины утааг гүнзгий сорох бүрт түр зуур тайвширсан мэт санагддаг байсан ч энэ нь хорт зуршлын улмаас үүссэн хиймэл мэдрэмж гэдгийг одоо ойлгож байна. Одоо бол би тамхи хаяад олон жил болсон, бясалгал хийдэг, дасгалжуулагчийн удирдлага дор гүйж, йогаар хичээллэдэг. Гэсэн хэдий ч байнгын хөдөлгөөн, тогтмол унтлагын хуваарьтай байсан ч би стрессээс ангижирч чадахгүй, спортын гүйцэтгэлдээ ахиц гаргаж чадахгүй л байна. (Лос Анжелес хотод тохиосон байгалийн гамшиг ч нөлөөлсөн байх.) Энэ бүхний шийдэл энгийн мэт боловч надад ойлгомжгүй байсаар ирсэн. Гэвч хамраараа амьсгалах тухай судалж эхэлснээр би өөрчлөлтийн эхийг олсон юм.
Хамраараа амьсгалах нь юу вэ?
Хамраараа амьсгалах нь өөртөө анхаарал хандуулах энгийн дадал бөгөөд энэ нь бясалгалд дурлагсад болон тамирчдын дунд эртнээс хэрэглэгдсээр иржээ. Сүүлийн үед энэ нь илүү олон эерэг үр нөлөө үзүүлдэг болох нь батлагдаж, ялангуяа унтах чанарыг сайжруулж, хурхиралтыг бууруулахад ач тустай гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөх болжээ. Эхэндээ энэ нь өчүүхэн алхам мэт санагдаж болох ч би амьсгалаа анзаарч эхэлмэгц ихэвчлэн амаараа амьсгалдаг байснаа олж мэдээд гайхсан.
“Та хоол идэх, ярих эсвэл эрчимтэй дасгал хийх үедээ л амаараа амьсгалах хэрэгтэй бөгөөд бусад үед хамраараа амьсгалах ёстойг ойлгох нь эхний алхам” гэж Dream Performance & Recovery компанийн хамт захирал Тодд Андерсон зөвлөсөн юм. Түүний компани унтах болон сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор амны тууз, хамрын наалт зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.
Андерсоны хэлснээр, хамраараа амьсгалах дадал нь зөвхөн гүйлтийн хурд, тэсвэр хатуужлыг сайжруулахад туслах төдийгүй таныг илүү тод сэтгэж, чанартай унтахад ч нөлөөлдөг гэнэ. Энэ дадлыг түүний ярианд хэт төгс мэтээр дүрсэлсэн нь намайг Франц хэлэнд гэнэт чөлөөтэй суралцах мэт гайхамшгийг хүлээхэд хүргэсэн ч харамсалтай нь үгүй байв. Гэсэн хэдий ч тэрээр энэ дадал миний амьдралд хэрхэн өөрчлөлт авчрахыг дараах үндэслэлүүдээр тайлбарласан юм.
- Гүйцэтгэлийг сайжруулна
Хэрэв та амьсгаа давхцаж, хүчилтөрөгч дутагдаж буй мэт мэдрэмж төрж байвал таны бие илүү үр дүнтэйгээр хүчилтөрөгчийг ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Харин хамраараа амьсгалах нь хүчилтөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлж, (VO2 max хэмээх үзүүлэлт) биеийг илүү удаан ажиллахад тусалдаг. - Анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ
2018 оны судалгаагаар хурдан хэмнэлттэй хамрын амьсгал нь анхаарал, төвлөрлийг дэмждэг тархины хэсгүүдийг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ. - Тайвшруулах нөлөөтэй
Окинава амьсгалын аргачлалаар 4 секунд хамраараа гүн амьсгаа авч, 6 секунд гаргаад хэд хэдэн удаа давтахад л таныг хэрхэн тайвшруулж байгааг мэдрэх болно. - Зүрхэнд эерэг нөлөөтэй
Хамрын хөндий нь азотын исэл гэх химийн бодисыг ялгаруулдаг бөгөөд энэ нь амьсгалж буй агаарт шингэж, биеийн хүчилтөрөгч шингээлтийг 10 хувиар нэмэгдүүлдэг аж. - Унтах чанарыг сайжруулна
Амны тууз хэрэглэх нь хамраараа амьсгалах явцыг нэмэгдүүлж, нойрны апноэ, хурхиралтыг бууруулж, гүн нойрны чанарыг сайжруулдаг байна.
Би амны тууз хэрэглэж үзсэн ч эхэндээ тухгүй санагдаад орхисон. Гэсэн хэдий ч өдрийн турш хамраараа амьсгалахыг ухамсартайгаар оролдсоноор илүү тайван байж, эрч хүч нэмэгдэж, нэг милийг гүйх хугацаагаа 30 секундээр богиносгосон. Хамраараа амьсгалах нь биеийн хүчийг ихээхэн шаарддаг ч энэ нь дутагдал биш, харин миний биеийг илүү хүчтэй болгож байгаа нь судалгаагаар батлагдсан учраас үүнийг тогтмол дадал болгож эхлээд байна. 2025 оны сорилтуудыг даван туулахын тулд би бүх л жижигхэн аргыг ашиглахад бэлэн байна.
purewow.com