in

Хэрхэн зөв унаж, бэртэл гэмтлээс сэргийлэх вэ?

Хэрхэн зөв унаж, бэртэл гэмтлээс сэргийлэх вэ?

Нас ахих тусам хүмүүсийн тэнцвэрээ хадгалах чадвар буурч эхэлдэг бөгөөд мөс болон бартаат гадаргуу дээр тэнцвэр алдан унах аюулаас хэн ч хамгаалагдаагүй байдаг. Хүнд бэртэл авахаас сэргийлэхийн тулд зөв унаж сурах шаардлагатай. Бид танд хэрхэн зөв унаж сурах талаар зааж өгье.

Зөөлөн газар луу унахыг хичээ

Мэдээж унаж байгаагаа ойлгох мөчөөс эхлээд газардах хүртэлх хэдхэн секундын хугацаанд бүгдийг хянах боломжгүй мэт санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч тэр богино хугацаанд зүг чигээ тодорхойлж, аль болох зөөлөн газар унахыг хичээх боломжтой.

Жишээлбэл, цэцэрлэгт хүрээлэнд алхаж байхдаа унахаар болвол өвсөн дээр хажуулдах, эсвэл гэртээ өдөр тутмын зүйл хийж байхдаа тэнцвэр алдвал хивс, буйдан зэрэг зөөлөн зүйл дээр газардахыг хичээгээрэй.

Энэ төрлийн арга барил нь уналтын улмаас үүсэх ноцтой гэмтлээс сэргийлэхэд тусалж, та айдас болон багахан зэргийн биеийн гэмтэлтэйгээр асуудлыг даван гарах боломжтой.

Жингээ тараан хуваарил

Зарим тохиолдолд уналтанд бэлтгэхэд хангалттай хугацаа, хяналт дутагдаж мэднэ. Гэхдээ гэнэт биедээ удирдлага алдаж, газар луу хурдан унаж байгаагаа мэдэрсэн үед баримтлах хамгийн шилдэг тактик бол цохилтыг аль болох их талбай, гадаргуу дээр тарааж, жигдлэх явдал юм.

Локт, бугуй, өвдөгний таг дээрээ газардахыг аль болох зайлсхий. Үүний оронд, өөрийгөө эргүүлж, цохилтыг гуя, их бие, эсвэл шууны томоохон хэсэгт авахаар хичээгээрэй. Итгээрэй, эдгээр хэсэгт хөхөрч, гэмтэл авах нь яс хугарах эрсдэлтэй харьцуулахад хавьгүй дээр.

Мөн биеэ аль болох газар руу тэнийлгэж, зөвхөн нэг хэсэгт ачаалал өгөхийн оронд бүх биеэрээ газардаж унахыг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл, өвдөлтийг жигд тарааснаар тухайн газраас гэмтэл багатай, бүрэн бүтэн гарч чадах боломжтой.

Биеэ сул тавь

Уналтын үед хийх хамгийн буруу зүйл бол бүх булчинг чангалж, мод шиг хөшиж хатуу болох явдал юм.

Газардах үед бие чинь аль болох сул, уян хатан байвал таагүй үр дагавраас зайлсхийх магадлал өндөр болно. Унахын эхэн үед хөлөө өвдөгнөөсөө сайн нугалж, суугаа байдалд орж, дараа нь газарт тэнийж унахыг хичээгээрэй. Ингэснээр цохилт хэд хэдэн мөчний дагуу тарааж, хөхрөлт, шалбархаас хэтрэхгүйгээр, яс хугарахаас сэргийлэх боломжтой.

Мөн өвдгөө нугалж, хөлөө сул тавих нь биеийн төвийг намсгаж, өөрийн өндөр дээрээс унах эрсдэлээс зайлсхийхэд тусална. Учир нь өөрийн өндрөөс унах нь нам өндөрөөс унахаас илүү аюултай гэмтэл үүсгэдэг.

Толгойгоо хамгаал

Уналтын үед хамгаалах хамгийн чухал эрхтэн бол толгой. Толгойн гэмтэл нь тархины үйл ажиллагаанд нөлөөлөхөөс эхлээд амь насанд аюултай үр дагавар дагуулж болзошгүй. Тиймээс толгойгоо хамгаалахад үргэлж анхаарал хандуулах хэрэгтэй.

Газарт ойртох үед эрүүгээ цээжиндээ нааж, толгойгоо доошлуулах хэрэгтэй. Хэрэв нүүрээрээ унах гэж байвал гараа нүүрнийхээ өмнө авчирч хамгаалах, эсвэл нуруугаараа унаж байвал гараа толгойн ард зөрүүлэн байрлуулж хамгаалаарай. Энэ нь цохилтын хүчийг багасгах, толгойг гэмтээхээс сэргийлэхэд үр дүнтэй арга юм.

Уналтаа удаашруул

Хэрэв та уналтаа мэдэрч эхэлсэн ч ил задгай газар биш, жишээлбэл, мөстсөн шат, гэртээ тэнцвэрээ алдаж буй бол уналтаа удаашруулахын тулд бариул эсвэл ойролцоох зүйлийг шүүрэхийг хичээгээрэй. Энэ нь гэмтэх эрсдэлийг багасгаж, бүр газарт огцом унахаас зайлсхийхэд тусалж магадгүй.

Гэхдээ уналт аль хэдийн эхэлсэн тохиолдолд тактикаа өөрчлөх хэрэгтэй. Уналтыг зогсоох гэж булчингаа чангалан хичээхийн оронд, дээр дурдсанчлан, өөрийгөө сул тавих нь дээр.

Нэг хөлөө тулгуур болгон байрлуул

Унах гэж байгаагаа мэдэрсэн эхний мөчид аль нэг хөлөө газарт тулгуур болгон байрлуулж, тэнцвэрээ олж уналтаа удаашруулан нөхцөл байдлыг хянахыг оролдоорой.

Тулгуур хөлөндөө ойр унах тусам уналтын үр дагавар бага байх болно. Жишээлбэл, хэрэв та хойшоо унах үедээ хөлөө ардаа тулгаж чадвал гар, толгой болон нөгөө хөл тань урагш чиглэх ба энэ нь тэнцвэрээ хадгалах эсвэл бага хохиролтой унахад тусална. Харин энэ үед гараа хойшоо савлах эсвэл тулгуур болгон ашиглах гэж оролдвол жингийн төвлөрлийг нэмэгдүүлж, уналтыг түргэсгэж, илүү ноцтой гэмтэл авахад хүргэж болзошгүй.

Ачаагаа хая

Сав баглаа, хүнсний уут барьсан үедээ унах нь энгийн уналтаас илүү аюултай байж болзошгүй. Тиймээс газар унах зайлшгүй болсон мөчид барьж явсан зүйлээ аль болох хол шидэх нь чухал.

Эрүүл мэндээ хамгаалж, эд материалын зүйлсийг дараа нь түүж авах нь илүү дээр. Ачаагаа хамгаалах гэж оролдох нь хүнд гэмтэлд хүргэж болзошгүй.

Яарах хэрэггүй

Хэрэв та унасан бол газар хэвтэж байгаагаа мэдсэн даруйдаа босох гэж яарах хэрэггүй. Босохоосоо өмнө хэдэн минут тайван байж, биеийнхээ мэдрэмжийг анзаараарай.

Хурдан босох нь, ялангуяа ямар нэг яс хугарсан эсвэл цуурсан бол ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй. Уналтын дараах өвдөлт ямар түвшинд байгааг, мөн таны эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан эсэхийг үнэлэх нь чухал.

Хэрэв уналт хойшоо байсан бол

Хойшоо унасан тохиолдолд толгой эргэх, дотор муухайрах, хараа бүдгэрэх зэрэг шинж тэмдэг илэрч байвал шууд тусламж хүсэж, түргэн тусламж дуудах хэрэгтэй. Учир нь эдгээр нь тархины гэмтэл авсан байж болзошгүйг илтгэж болох юм.

Мөн бие тавгүйрхэх, аль нэг мөчид огцом өвдөлт мэдрэгдэх, эсвэл өөрөө босож чадахгүй гэж мэдэрч байвал эмч иртэл тайван хэвээрээ байж, мэргэжлийн тусламжийг хүлээх нь хамгийн зөв шийдэл юм.

brodude.ru

What do you think?

37 Points
Upvote Downvote

Leave a Reply

Эрдэмтэд баталлаа: Сүүн зам нь бусад галактикуудаас онцгой

Эрдэмтэд баталлаа: Сүүн зам нь бусад галактикуудаас онцгой

Нюрбургрингийг хамгийн хурдан тойрч давхисан 5 жижиг оврын автомашин

Нюрбургрингийг хамгийн хурдан тойрч давхисан 5 жижиг оврын автомашин