Нарны аймаг маань таталцал ба инерцийн бараг төгс тэнцвэр дээр тулгуурласан нарийн уялдаа бүхий огторгуйн бүжиг юм.
Марс ба Бархасбадь гарагуудын хооронд орших одоогийн солирын бүсийн оронд “Супер-гариг” байсан бол Нарны аймгийн энэ огторгуйн бүжиг хэрхэн харагдах вэ гэдэг асуултыг Флоридагийн Технологийн Их Сургуулийн (FIT) гараг судлаачид болох Эмили Симпсон, Ховард Чен нар тавьжээ.
Судлаачдыг энэ асуултад хүргэсэн шалтгаан нь нэгэн сонирхолтой баримт байв: Манай Нарны аймагтай төстэй олон оддын аймагт нарныхаа ойролцоо супер-гариг байх магадлал өндөр гэж үздэг. Гэтэл манай Нарны аймагт тийм гариг байхгүй нь нэн сонин.
“Хэрэв солирын бүс өнөөдрийнх шиг жижиг солируудаас бүрдсэн цагираг үүсгэхийн оронд Марс, Бархасбадь хоёрын хооронд нэгэн гариг болж үүссэн бол яах байсан бол?” хэмээн Симпсон хэлжээ.
“Ингэснээр Дотоод гаригууд буюу Сугар, Дэлхий, Марс зэрэгт хэрхэн нөлөөлөх байсан бол?”
Симпсон, Чен нар тооцооллын загвар ашиглан янз бүрийн хэмжээтэй, Дэлхийтэй төстэй гарагууд манай Нарны аймгийн бусад хэсэгт хэрхэн нөлөөлөхийг судалжээ. Тэдний туршилтад ашигласан гарагуудын хэмжээ нь Дэлхийн массын 1 хувь, яг Дэлхийн хэмжээтэй, хоёр дахин их, тав дахин их, болон арван дахин их масстай байв.
Тус бүрийг хэдэн сая жилийн турш симуляц хийн, бусад гарагуудын тойрог зам болон налалтын өөрчлөлтийг хэмжсэн байна.
Эдгээр нь гараг амьдрах орчинтой байх гол хүчин зүйлс юм: Тойрог зам нь улирлуудын үргэлжлэх хугацаанд, харин налалт нь улирлууд хэр туйлширсан байхыг тодорхойлдог. Супер-гаригийн (судлаачдын нэрлэснээр Фаетон) үүсгэсэн өөрчлөлтүүд нэлээд сонирхолтой байв.
“Хэрэв энэ гараг Дэлхийн массын нэгээс хоёр дахин их хэмжээтэй байсан бол манай Нарны аймгийн дотоод хэсэг ерөнхийдөө хэвийн үлдэх байсан,” гэж Симпсон хэлэв.
“Илүү халуун зуны улирал, хүйтэн өвөл тохиолдох байсан байж магадгүй. Учир нь налалтын өөрчлөлт нөлөөлнө. Гэхдээ бид амьдралаа үргэлжлүүлж чадах байсан.”
Гэвч илүү том хэмжээтэй супер-гариг нь бусад гарагуудын байршлыг ихээхэн өөрчилжээ. Дэлхийн массын 10 дахин том гараг Дэлхийг амьдрах бүсээс гаргаж, Сугар гаргийн ойролцоо түлхэж болох байсан бөгөөд энэ нь улирлуудын хооронд аюултай туйлшрал бий болгоход хүргэх байв.
Олон гарагийн хувь заяаг загварчлах нь ихээхэн хэцүү ажил бөгөөд өчүүхэн өөрчлөлтүүд нь олон янзын үр дагавар үүсгэдэг. Жишээ нь, Дэлхийн мөсөн давхаргуудын өсөлт, бууралт гэх мэт. Гэсэн ч эдгээр симуляцууд нь ирээдүйд амьдрах бүсийн зөв тэнцвэрийг хадгалсан гараг системийг илрүүлэхэд маш чухал ач холбогдолтой байж болох юм.
“Хэрэв бид Нарны аймагтай төстэй систем оллоо гэж бодъё. Гэвч түүний түүх бага зэрэг өөр байвал байгалийн солирын бүсийн оронд нэг гараг байгаа үед тухайн гараг системийн дотоод бүс амьдрах орчинтой хэвээр байх уу?” гэж Симпсон асуужээ.
“Хариулт нь тухайн гараг хэр томоос хамаарна. Хэрэв хэт их масстай бол дотоод гарагуудад сүйрэл авчирч магадгүй.”
Энэхүү судалгаа Icarus сэтгүүлд нийтлэгджээ.