Стокхольмд болсон эхний тоглолтод 4:1-ээр илт давуу хожсон “Челси” хариу тоглолтод бүрэлдэхүүндээ 10 өөрчлөлт хийсэн ч тоглолтын хяналтыг бүтэн хугацаанд хадгалж, нийт дүнгээр 5:1-ээр ялалт байгуулав. Энэ нь дасгалжуулагч Энцо Марескагийн хувьд ням гарагт болох Премьер лигийн “Ньюкасл”-ын эсрэг чухал тоглолтыг харгалзсан шийдвэр байж мэднэ.
Тоглолтын цорын ганц гоолыг Дьюсбери-Холл 38 дахь минутад Тайрик Жоржийн дамжуулалтыг аван тайван байдлаар дуусгаж оруулсан юм.
Шигшээ тоглолтод тэд Ла Лигийн баг “Реал Бетис”-тэй учраа таарах бөгөөд Бетис шөвгийн дөрөвт “Фиорентина”-г нийт дүнгээр 4:3-ээр ялжээ. Хариу тоглолт Флоренцэд 2:2-оор тэнцэж, нэмэлт цагт Абде Эзалзули хожлын гоол оруулсан байна. Манчестер Юнайтедээс зээлээр тоглож буй Антони эхэнд нь гайхалтай чөлөөт цохилтоор тоог нээсэн бол, дараа нь түүний дамжуулалтаас Эзалзули алсын шонгийн дэргэдээс гоолдсон юм. “Фиорентина”-аас Робин Госенс хоёр гоолоор хариу барьсан ч хүрэлцээгүй.
“Энэ цомыг авах нь бүх зүйл гэсэн үг”
“Челси” тэмцээний турш фаворит хэмээн үнэлэгдэж ирсэн. Хэдий өрсөлдөгч багуудын түвшин Аваргуудын лиг, Европа лигийнхтэй харьцуулахад харьцангуй доогуур байсан ч, тус баг энэ цомыг хүртсэн тохиолдолд бахархах бүрэн үндэстэй гэж Дьюсбери-Холл үзэж байна.
Тэр TNT Sports-д өгсөн ярилцлагадаа:
“Финалд шалгарсан нь гайхалтай мэдрэмж. Улирлын эхэнд бид энэ тэмцээнд аль болох хол явахыг зорьсон. Сүүлийн сарууд нэлээд урт, ачаалалтай байсан ч одоо ганцхан тоглолт үлдлээ. Тэр цомыг өргөхийг маш их хүсэж байна.”
“Хүмүүс улирлын эхэнд л ‘Челси’ ялах ёстой гэж хэлж байсан байх. Гэхдээ бид үнэхээр ялж чадвал, энэ нь багт маш их нэр хүнд авчирна.
Хөлбөмбөг амархан зүйл биш. Бид тэмцээний эхнээс хойш дарамтад тоглосон. Гэсэн ч бид мэргэжлийн түвшинд, тууштай ажилласан. Харин одоо нэг л алхам үлдээд байна” гэжээ.
101greatgoals.com