in

Бид огторгуйн уудамд ганцаархан уу? Марсаас олдсон эдгээр чулуу бидэнд хариуг нь өгч магадгүй

Бид огторгуйн уудамд ганцаархан уу? Марсаас олдсон эдгээр чулуу бидэнд хариуг нь өгч магадгүй
Марсын эртний галт уулсын дээгүүр усан мөсний үүлс хөвөн өнгөрч буйг харж болно. Харин тэрбум гаруй жилийн өмнө Марсын гадаргуу илүү тааламжтай уур амьсгалтай байсан гэж үздэг. Харин хадны дээжүүд нь эрт үед амьдрал оршин тогтнож байсан эсэхийг хэлж өгч чадна. Гэрэл зургийг NASA.

Персеверанс нэртэй тандан судлах төхөөрөмж Улаан нүдэн гариг дээр сонирхол татам дээж цуглуулжээ. Хэрвээ бид эдгээрийг Дэлхийд авчирч чадвал амьдрал хэрхэн үүссэн талаарх шинэ мэдээлэлтэй болох боломжтой.

Марсын уудам нутгийг харахад үнэхээр сүрлэг. Бүх зүйл нам гүм, зөвхөн Жезерогийн тогооны хажуугаар тайван хөдөлж буй нэгэн жижиг роботын чимээ сонсогдоно. Энэхүү роботыг бид “Перси” хэмээн өхөөрдөн нэрлэдэг ч хүн шиг улаан улбар өнгийн цөл нутгийн өнгө төрхийг мэдэрч чадахгүй. Гэхдээ Персеверанс 2021 оноос хойш Улаан нүдэн гаригийг судалж, Марсын түүх, Дэлхийтэй харьцуулах онцлог, бид хэрхэн үүссэн талаарх ойлголтыг өөрчилж мэдэх чулуун дээжийг хичээнгүйлэн цуглуулсаар ирсэн.

Марс одоогийнх шиг эзгүй, хуурай гариг байгаагүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар тэр үеийн Марс нь өнөөгийн Дэлхий шиг тааламжтай уур амьсгалтай байжээ. Гэвч 3-4 тэрбум жилийн өмнө түүний гүн дэх “усан хангамж” зогсож, соронзон хамгаалалт нь алдагдсан байна. Үүний улмаас нарны салхи Марсын агаар мандлыг аажмаар сийрүүлэн арилгаж, өнөөгийнх шиг эл хуль гариг болгон хувиргажээ.

Гэхдээ тэрбум жилийн өмнө ус ихтэй орчинд амьдрал үүссэн байх магадлалтай. Персеверанс ч энэ л ул мөрийг хайж буй бөгөөд эртний амьдрал оршин байсан эсэх шинж тэмдэг, мөн Марст юу тохиолдсон, яагаад ийм болсон талаарх хариуг олох зорилготой. Тиймээс тэрээр чулуужсан дээжийг нарийн чанд хадгалан, ирэх арван жилийн дотор НАСА тэдгээрийг авчрахыг зорьж байна.

“Ровер дээр буй дээж бүр нь Марсын талаарх бидний хамгийн чухал асуултуудад хариу өгөх чадвартай,” хэмээн Аризонагийн их сургуулийн гариг судлаач, Mars Sample Return төслийн гол эрдэмтэн Минакши Вадва хэлэв. Тэрээр эдгээр чулуужсан дээжийг нарны аймагт 100 сая гаруй милийн цаанаас авчрах төлөвлөгөөг боловсруулахад оролцож байна.

Марсын сонирхолтой бүтэцтэй чулуулагтай танилцаж буй цорын ганц тандагч нь Perseverance биш. NASA-гийн Curiosity тандагч 2024 оны зургаадугаар сард Марсаас анх удаа цэвэр сүльфүр (элементийн хүхэр)-ийн ул мөрийг илрүүлсэн. Энэхүү тандагч шар талстуудын бүтэц, найрлагыг судалж, зураг авч чадах ч Perseverance шиг дээжийг Дэлхий рүү буцаан авчрах зориулалттай бүтээгдээгүй.

Эдгээр дээж нь Марсын насыг, эсвэл түүний эртний байгаль орчны чухал мэдээллийг агуулсан байж магадгүй гэж Персеверанс хөтөлбөрийн орлогч эрдэмтэн, Калтек сургуулийн геохимич Кен Фарли тайлбарлав. Гэхдээ хамгийн гол нь, эдгээр чулуужсан чулуунууд нь бид энэ огторгуйн уудамд ганцаархан уу гэдэг асуултад хариулах боломжтой.

Дельтагийн сэвсгэр чулуунууд (дээж 12–13)

Эрдэмтэд Персеверансыг газардсан байршлаар Жезерогийн тогоог сонгосон нь учиртай. Учир нь энэ газар 3 тэрбум жилийн өмнө нуур руу цутгадаг эртний голын дельта байж магадгүй гэж үзсэн. Голын урсгал шаварлаг тунадасыг сэвсгэр хэлбэрээр хуримтлуулсан бөгөөд 2022 онд Персеверанс энэхүү дельтаг судалж эхэлжээ.

“Бид дельтагийн нүүр хэсгийг онцгой сонирхож байсан. Учир нь тэнд эртний нуурын ёроолын шаварлаг тунадас хуримтлагдсан байх өндөр магадлалтай” хэмээн Персеверанс хөтөлбөрийн хамтран судлаач, Пүрдьюгийн их сургуулийн гариг судлаач Бриони Хорган тайлбарлав. “Товчхондоо, бүхий л органик бодис, хог хаягдал тийш урсан очоод нуурын ёроолд хуримтлагдсан байх боломжтой газар.”

Анх харахад дээж нь шаварлаг гэхээсээ илүү элсэнцэр мэт санагдсан. Гэвч нарийвчилсан шинжилгээгээр “шаварлаг үе” давхарга байдлаар хадгалагдаж байгааг олж тогтоожээ. “Эхэндээ бид ойлгоогүй. Учир нь эдгээр нь давстай, элсэнцэр хатуу хучилтаар бүрхэгдсэн байсан. Гэвч бид өрөмдөж үзэхэд доогуур нь хар бараан шавар ил гарсан.

Дэлхий дээр ийм хатсан шавар нь органик бодис, эртний бичил биетний чулуужсан хэлбэрийг хадгалахад хамгийн тохиромжтой орчинд тооцогддог. “Та нуурын ёроолд гишгэж байсан хамгийн наалдамхай шавартай адилхан гэж төсөөл. Амьдралын бүхий л ул мөр тэнд байж мэднэ,” хэмээн тэр дурсан хэлэв. Гэхдээ энэхүү Марсын шавар чулуужсан бичил биетэн агуулсан эсэх нь одоогоор нээлттэй асуулт хэвээр байна.

Тогооны ёроол (дээж №3)
Персеверанс анх авсан дээжүүдээ тогооны ёроолоос цуглуулсан бөгөөд энэ нь зөвхөн Езерогийн тогоо болон Ангараг гариг хэрхэн үүсэж хөгжсөнийг судлахад төдийгүй яг хэзээ ийм өөрчлөлтүүд болсон болохыг тогтооход чухал юм.

“Тогооны ёроолоос авсан дээжүүд цаг хугацааг тогтооход маш чухал,” хэмээн Шведийн RISE судалгааны хүрээлэнгийн астробиологич, Персеверанс хөлгийн шинжлэх ухааны багийн гишүүн Сандра Сильестрём тайлбарлалаа. “Хэрвээ Ангараг дээр амьдрал байсан бол, голын ам хаанаас хэзээ хүртэл урссан бэ гэдэг нь хамгийн чухал асуулт юм. Одоогоор бидний мэдэж буй огноо нь хагас тэрбум жилийн алдаатай байгаа. Энэ нь бид яг хаанаас, ямар чулуулгаас дээж авснаа мэдэхгүйгээс шалтгаалж байгаа.” Энэ тохиолдолд орчны нөхцөл буюу “контекст” туйлын чухал байдаг.

Эдгээр дээжүүд нь галт уулын хайлмагаас үүссэн магмын чулуулгаас бүрддэг тул Ангараг гаргийн дотоод бүтцийг, химийн найрлагыг судлахад тусална. Энэ нь яагаад Ангараг соронзон орныг алдсан, эцэстээ ямар шалтгаанаар эзгүйрсэн гэдгийг тайлбарлахад хөтөлж мэднэ гэж Вадва тайлбарлалаа.

“Ванны хүрээ” карбонатын дээж (дээж №23)
Сансрын хиймэл дагуулын зураглал дээр Езерогийн тогооны ирмэг орчимд карбонат хэмээх эрдсийн хуримтлал байгааг илрүүлсэн. Харахад яг л ванны эргэн тойронд тогтсон тунадас шиг харагдаж байв.

Одоогоор энэхүү “карбонатын хүрээ” яг юуг илэрхийлдэг болохыг судлаачид тодорхойлох гэж оролдож байгаа. Нэг таамаг нь энэ нь эртний наран шарлагын газар байж магадгүй. Гэхдээ Ангараг дээр цэнхэр ус хөвөлзсөн цагаан элстэй наран шарлагын эргийг төсөөлөхөд бэрх. Харин Дэлхий дээр ийм төрлийн карбонатууд нь цэнгэг ус эсвэл шүлтлэг нуурын гүехэн хэсэгт үүсдэг.

Карбонатууд нь Ангараг гаргийн гадаргуу дээр ерөнхийдөө ховор боловч, Езерогийн голын амны эргэн тойронд харьцангуй элбэг илэрдэг. Энэ бүсийг “Margin Carbonate Unit” хэмээн нэрлэдэг бөгөөд Персеверанс хөлгийн хамгийн чухал цэгүүдийн нэг байв. Тус бүсээс хөлөг гурван өөр цөмийн дээж авсан бөгөөд хоёр нь тунамал, нэг нь цахиурын холбогчтой карбонат чулуу юм.

“Энэ зөвхөн амьдралын хувьд чухал биш, бас Ангараг гаргийн уур амьсгал, хүрээлэн буй орчны тэмдэглэл болдог,” хэмээн Хорган онцолжээ. Тунамал дээжүүд нь гол мөрөн, нуурын уснаас үүссэн байж болзошгүй бөгөөд энэ нь эртний Ангараг дээрх хүрээлэн буй орчны олон төрлийг харуулж болно.

Cheyava Falls-ийн дээж (дээж №25)
Ангараг гаргийн талаар та ямар нэг чулууны тухай сонссон бол тэр нь магадгүй Чеява хүрхрээнээс авсан дээж байх. 2024 оны долоодугаар сард Персеверанс энэ чулууг Езерогийн тогооноос авсан бөгөөд тус чулуу нь урсан өнгөрсөн усаар элэгдэж, өөрчлөгдсөн байжээ. Роботын камерыг ашиглан авсан зурган дээр “ирвэсний толбо” мэт хээ ажиглагдсан бөгөөд энэ нь дэлхий дээр бичил биетүүдийн энерги гарган авахад ашигладаг химийн урвалын ул мөр байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн уг дээжид амьдралын үндсэн бүтцүүд болох органик молекулын тод илрэл илэрсэн.

Энэ бол маш нарийн ширхэгтэй чулуу бөгөөд ийм чулуу нь биологийн гаралтай ул мөр хадгалах чадвар өндөртэй байдаг. “Биологийн ул мөр гэдэг нь чулуу дотор орших амьдралын оршин тогтнож байсныг илтгэх хэлбэр, бүтэц эсвэл химийн шинж чанар юм.”

Гэвч энэ нь Персеверанс Ангараг дээрх эртний амьдралыг илрүүлсэн гэсэн үг биш юм. Үүнийг тодорхой болгохын тулд дээжийг заавал дэлхийд авчирч лабораторид судлах шаардлагатай.

Perseverance тандагч 2024 оны долдугаар сард авч хадгалсан Cheyava Falls нэртэй дээж нь энэхүү зургийн төв хэсэгт харагдах ирвэсийн арьс шиг толботой хээ болон чулуулгийн найрлагад ордог оливин эрдсийг агуулж байна.
Гэрэл зургийг NASA, JPL-Caltech.

Тогооны ирмэг болон ирээдүйн дээжүүд
Персеверанс 2021 оны хоёрдугаар сард тогооны ёроолд газардсанаасаа хойш голын ам, ирмэг рүү чиглэн 500 метрийн өндөрлөг рүү авирч, 2024 оны арванхоёрдугаар сард дээш гараад, 2025 оны нэгдүгээр сард анхны ирмэгийн дээжээ авсан. Энэ дээжийг “Мөнгөн уулын дээж” гэж нэрлэсэн.

Энэ дээж өмнөхөөс ч эртний гаралтай байх магадлалтай. “Эрт үед Ангараг амьдрахад илүү тохиромжтой байсан гэж үздэг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам ус багасаж эхэлсэн.

Одоогийн байдлаар Персеверанс нийт 21 дээж хадгалах хоолойг цуглуулж хадгалсан бөгөөд үүнд дэлхийн бохирдлоос хамгаалах зорилгоор хоёр “гэрч хоолой” багтжээ. Мөн хөлөг нь цаашдаа ашиглах боломжтой найман дээжийн хоолой, хоёр гэрч хоолойтой үлдсэн.

Хэрвээ Персеверансийн одоо болон ирээдүйд цуглуулах ямар нэг дээж үнэхээр эртний гаралтай эсвэл бичил биетүүдийн чулуужсан ул мөр агуулсан эсэхийг тогтоохын тулд бүгдийг нь дэлхийн лабораторид судлах шаардлагатай.

“Бид лабораторид хийдэг судалгаанаас авдаг мэдлэгийг, ямар ч хичээсэн ч робот ашиглан Ангараг дээрээс олж авч чадахгүй,” хэмээн Вадва тайлбарлав. Зургийн нягтаршил, радиоизотопын огноо тогтоох аргачлал, чулууг гараараа барьж байгаад шинжлэх зэрэг нь зөвхөн хүн л хийж чадах зүйлс юм.

Одоогийн байдлаар NASA эдгээр дээжийг хэрхэн дэлхийд авчрах тухай төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд хамгийн эртдээ 2030-аад оны дунд үеэс судалгаа эхлэх боломжтой гэж үзэж байна. Гэсэн ч сарнаас Аполло хөлгүүдийн авчирсан чулуулгуудын адил эдгээр Ангарагийн чулуулгууд шинжлэх ухааны хувьд үнэлж баршгүй баялаг байх болно.

“Хэрвээ та эдгээр дээжийг газардуулж чадвал, ирэх арван жилүүдээр зогсохгүй, хэдэн үеийн дараа ч судалгаа хийх боломжтой болно,” гэж Хорган дүгнэжээ. “Бид одоо ч Аполлогийн дээжүүдээс шинэ зүйлс сурсаар байна. Мөн тэр чинь аль хэдийн 60 жилийн өмнө болсон шүү дээ. Бид яг л үүнийг Ангараг дээр ч бас давтахыг хүсэж байна.”

nationalgeographic.com

What do you think?

22 Points
Upvote Downvote

Leave a Reply

Майкл Чандлер UFC 314-ийн өмнөхөн гарсан луйврын талаархи ярианд хариу өгөв

Майкл Чандлер UFC 314-ийн өмнөхөн гарсан луйврын талаархи ярианд хариу өгөв

HEROIC, TYLOO багууд MESA Nomadic Masters Spring тэмцээнд оролцоно

HEROIC, TYLOO багууд MESA Nomadic Masters Spring тэмцээнд оролцоно