Марсын хамгийн том солир дуудлага худалдаанд гарлаа
Саяхан Сахарын цөлөөс олдсон 24 килограмм жинтэй, Марсаас ирсэн хамгийн том солир болох NWA 16788-ыг нэгэн азтай худалдан авагч сая сая доллараар худалдан авах гэж байна. Энэ солир нь 2023 онд нээгдсэн бөгөөд дэлхий дээр олдсон хамгийн том улаан гаригийн хэсэг юм.
Нью-Йорк хотод байрлах Sotheby’s дуудлага худалдааны газар энэ солирыг 2025 оны 7-р сарын 16-нд болох байгалийн түүхийн дуудлага худалдаагаар 14 тэрбум орчим төгрөгөөр үнэлж байна. Дуудлага худалдаа 6.6 тэрбум төгрөгөөс эхлэх бөгөөд Sotheby’s уг солирыг “онцгой ховор олдвор” гэж тодорхойлжээ. Энэ солир 225 сая километрийн зайг туулж, дэлхийн агаар мандалд орж ирсэн бөгөөд Марсын гадаргаас хүчтэй солирын мөргөлтөөр тасарсан гэж эрдэмтэд үзэж байна.
Sotheby’s-ийн шинжлэх ухаан, байгалийн түүхийн дэд дарга Кассандра Хаттон энэ солирыг дэлхий дээр олдсон хамгийн том Марсын солир бөгөөд дуудлага худалдаанд оролцож буй хамгийн үнэтэй олдвор гэж онцолжээ. Энэ гайхамшигт солир нь улаан гаригтай холбогдох бодит холбоос болж байгаа аж.
Энэхүү улаавтар бор өнгийн чулуу нь дэлхий дээр олдсон дараагийн том Марсын хэсгээс 70%-иар том бөгөөд геологийн ховор олдворуудын дунд онцгой байр суурь эзэлдэг. Sotheby’s-ийн мэдээлснээр, 77,000 гаруй албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн солируудаас зөвхөн 400 нь Марсаас ирсэн байдаг. Энэ ганц чулуу нь дэлхий дээрх бүх Марсын материалын 6.5%-ийг эзэлдэг гэж тооцоолжээ.
Солирын ангууч NWA 16788-ыг дуудлага худалдаанаас хоёр жилийн өмнө Нигерийн Кефкаф бүсэд хайгуул хийж байхдаа олжээ. Метеорологийн нийгэмлэгийн мэдээлснээр, энэ солир нь саарал, бор өнгийн гадаргатай бөгөөд хэсэгчлэн саарал, бор өнгийн хайлмал бүрхүүлтэй байжээ.
Хайлмал бүрхүүл нь солирыг дэлхийн чулуунаас ялгахад чухал үүрэгтэй. Энэ нь солир дэлхийн агаар мандалд өндөр хурдтай орж ирэх үед үүсдэг гялалзсан гадаргуу юм. Sotheby’s-ийн мэдээлснээр, NWA 16788-ийн гадаргуу нь халуун хийн жижиг эргүүлэгт өртөж, хайлсан солирын дуслуудыг зөөж, гадаргууг элэгдүүлсэн гүнзгий хонхорхойтой байдаг.
Эдгээр тэмдэглэгээнээс гадна, NWA 16788 нь дэлхий дээрх цаг уурын нөлөөнд бага өртсөн нь харьцангуй саяхан манай гаригт ирсэн болохыг харуулж байна. Шанхайн одон орон судлалын музей энэ солирын жижиг хэсгийг шинжилж, дэлхий дээрх хамгийн элбэг байдаг Марсын солирын төрөл болох шерготтит гэж ангилжээ. Эдгээр магмын чулуулаг нь Марсын галт уулын үйл ажиллагаанаас үүсдэг.
Энэ гайхамшигт олдворыг музейд харуулахын оронд худалдаанд гаргах нь хачирхалтай санагдаж магадгүй. Sotheby’s-ийн мэдээлснээр, NWA 16788 нь Италийн сансар судлалын агентлаг болон Тосканы Ареццогийн хувийн галерейд олон нийтэд үзүүлэгдэж байсан. Гэсэн хэдий ч зарим мэргэжилтнүүд үүнийг хувийн цуглуулгад хадгалахыг таатай хүлээж авдаггүй байна.
Шотландын Эдинбургийн их сургуулийн палентологийн профессор Стив Бруссатте энэ солирыг музейд хадгалж, олон нийтэд үзүүлэх ёстой гэж үзэж байна. Харин Английн Лестэрийн их сургуулийн гариг судлаач Жулиа Картрайт солирын худалдаа, цуглуулга нь шинжлэх ухааны судалгааг дэмждэг гэж үзэж байна.
Хаана ч очсон, NWA 16788 нь дэлхий бусад гаригтай хэрхэн харилцдагийг сануулсаар байх болно. Хүн төрөлхтөн Марсыг судлахад хол байгаа ч, хааяа нэг улаан гаригийн хэсэг бидэнд ирж, эрдэмтдэд манай гаригийн хөршийн нууцыг тайлахад тусалдаг.
Эх сурвалж:
Biggest Martian Meteorite Ever Found Could Fetch $4 Million at Auction
Meteorite NWA 16788 traveled roughly 140 million miles to get here, crash-landing in the Sahara Desert.