Хүйтэн дайны оргил үед буюу 1960, 1970-аад онд ЗХУ Сугар гариг руу нийт 29 хөлөг хөөргөсөн байна. Сугар гаригийг шинжлэх ухаанд “Дэлхийн ихэр” хэмээн нэрлэдэг.
Эдгээрээс гурван хөлөг Сугар гаригийг тойрон нисэж, Нарыг тойрон эргэлдсэн бол 16 нь тус гаригийг тойрог замд орох эсвэл газардсан юм. Тэдгээр нь “там шиг” гэж дүрслэгддэг ширүүн уур амьсгалтай нүүр тулжээ. Харин арван хөлөг дэлхийн тойрог замд гацсан бөгөөд бүгд хөөрснөөсөө хойш тэр жилдээ буцан агаар мандалд орж ирсэн юм, ганцхан Космос 482-г эс тооцвол. Тэрээр сансарт 53 жил хөвөрчээ.
ЗХУ-ын Сугар гаригийн хөтөлбөрийн дэлхийн тойрог замд үлдсэн сүүлчийн дурсгал болсон энэ төхөөрөмж энгийн нэгэн “сансрын хог” биш.

Сугар гаригийн эрс тэс нөхцөлийг тэсвэрлэхээр бүтээгдсэн учир зарим шинжээчид уг төхөөрөмж дэлхийн агаар мандалд шаталгүйгээр газардаж магадгүй гэж үзэж байна. Энэ явдал яг энэ долоо хоногт тохиолдох төлөвтэй байна.
Газардах ёстой гариг — Сугар
Сугар гаригийн зузаан үүлэн бүрхүүл доор амьдрал нуугдаж байж магадгүй гэсэн таамаг шинжлэх ухааны сонирхлыг төрүүлж байв. Гэвч энэ нь мөн Хүйтэн дайны зэвсэг байлаа, социалист шинжлэх ухааны давуу талыг харуулах зорилготой.
1957 онд дэлхийн анхны хиймэл дагуул Спутник 1 хөөрснөөс дөрвөн жилийн дараа, 1961 онд Венера-1 хөөрчээ. Харин 1970 онд хөөрсөн Венера-7 бол анх удаа зөөлөн газардалтыг амжилттай хийсэн сансрын хөлөг юм. Вега-2 нь 1984 онд хөөрсөн бөгөөд ЗХУ-ын Сугар гариг руу чиглэсэн сүүлчийн хөлөг болсон.
Венера хөлгүүдийг ихэвчлэн хосоор нь, хэдхэн өдрийн зайтайгаар хөөргөдөг байв. Нэг нь амжилтгүй болвол нөгөө нь амжилт олох магадлалтай гэж үздэг байлаа. Венера-8 нь 1972 оны 3-р сарын 27-нд хөөрч, 117 хоногийн дараа Сугар гаригт хүрчээ.
Түүний хос хөлөг нь 3-р сарын 31-нд хөөрсөн ч дэлхийн тойрог замаас гарч чадалгүй, Космос 482 нэртэй болжээ.

Уг хөлөг нь 3.5 метр өндөр “тээврийн модуль” бүхий бүтэцтэй байсан бөгөөд хөдөлгүүрийн систем, нарны хавтан, антенн, төгсгөлд нь бөмбөлөг хэлбэрийн газардагч төхөөрөмжийг агуулж байв.
Газардагч нь өөрийн хөргөлтийн систем, дулааны хамгаалалттай бөгөөд хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал, модуль нь түүнийг хаяж, Сугар гаригийн үүлний давхаргад 12 км/сек хурдтайгаар нэвтрэн орно.
Далайн түвшнээс дээш 60 км-ийн өндөрт гол шүхэр нь задран, газардагчийг гадаргууд аажмаар буулгах ба улмаар температур, даралт, салхины хурд, харагдац, агаар мандлын хий, чулуулагийн найрлагыг хэмжиж, үр дүнгээ дэлхий рүү илгээх байв. Бүх газардагчид ЗХУ-ын медаль авч явдаг байжээ.
Харамсалтай нь бүх зүйл төлөвлөсөн ёсоор болоогүй. Венера-8 замдаа амжилттай үргэлжилж, 7-р сарын 22-нд Сугар гаригт газардав.
Харин Космос 482-д өөр хувь тавилан бичигдсэн байлаа.
“Сансрын хог болох хялбархан нэг алхам”
Космос 482 хөлгийг дэлхийн тойрог замаас гаргах ёстой байсан пуужингийн дээд шат хэт эрт унтарсан нь цагийн тохиргоо буруу байснаас болсон байв. Үүний улмаас пуужингийн шат дэлхий рүү унаж шатсан бол түлшний системд хэрэглэгддэг титан даралтын савнууд нь Шинэ Зеландын (Аотэароа) хөдөө газар унажээ.
Хөлгийн тээврийн модуль ба газардагч хоёр 6-р сарын дундуур салж, модуль нь 1981 онд агаар мандалд орж ирэн шатсан байна. Харин 465 кг жинтэй газардагч ганцаараа тойрон эргэлдсээр үлджээ.
Хамгийн холдоо 9000 км, хамгийн ойрдоо 210 км-ийн өндөрт эллипс хэлбэртэй замаар эргэдэг байсан энэхүү төхөөрөмжийн зам 50 жилийн хугацаанд аажмаар намсаж, одоо хамгийн хол цэг нь ердөө 2000 км болжээ. Энэ долоо хоногт буюу 5-р сарын 10-нд агаар мандалд дахин орж ирэх төлөвтэй байна. Kosmos 482-ийн байршлыг онлайнаар хянах боломжтой.
Газардагч дэлхийд унах уу?
Энэхүү газардагч нь Сугар гаригийн гадаргуугийн даралт буюу дэлхийн атмосферийн 90 дахин их даралт, 470°C халууныг тэсвэрлэх чадвартай титан их биетэй бүтээгдсэн. Гэвч 50 гаруй жилийн дараа хөргөлтийн систем нь ажиллахгүй болсон бөгөөд агаар мандлыг зөөлрүүлэх (aerobraking) чадваргүй, шүхэр ч ажиллахгүй. Иймд дахин оролт хяналтгүй явагдана.
Ерөнхийдөө сансрын хог дэлхийн агаар мандалд ойролцоогоор 7 км/сек хурдтай орж ирдэг бөгөөд 1600°C хүртэл халдаг. Харин титан хайлш 1700°C орчимд хайлдаг учраас энэ төрлийн обьект шаталгүй үлдэх боломжтой.
Үнэндээ 1972 оны 4-р сард Шинэ Зеландын нутагт унасан “сансрын бөмбөлгүүд” ч мөн адил амьд мэнд орж ирсэн. Тиймээс Космос 482 ч бас агаар мандлыг даван газардаж магадгүй.
Космос хөтөлбөрийн дахин оролт амжилтгүй болсон бусад 9 хөлгийн зургаа нь газардагч эсвэл цохилтын төхөөрөмжтэй байсан ч тэд хаана унасныг хэн ч мэдэхгүй — магадгүй далайд унасан эсвэл газарт унасан ч хараахан олдоогүй байж болзошгүй. Космос 482-ийн хувь тавилан ч ийм л байж мэднэ.
Сугар гариг — Аюулын бэлгэ тэмдэг
Сугар гаригийг “Хайрын гариг” хэмээн нэрлэдэг ч соёлын бүтээлүүдэд аюултай орон зай мэт дүрслэгдэж ирсэн.
1960 оны Зүүн Германы “Чимээгүй од” кино (англи хувилбарт “First Spaceship on Venus”) дээр сугарчууд дэлхийг эзлэхийн тулд цацрагаар бөмбөгдөхөөр төлөвлөдөг.
1968 оны “Амьд үхдэл шөнийн цагаар” кинонд Америкийн Сугар руу явуулсан зонд дэлхийд эргэн ирэхдээ үхдэлүүдийг амилуулдаг аюулт цацрагыг авчирдаг.
1970-аад оны алдарт “Six Million Dollar Man” цувралд ЗХУ-ын Сугар гаригийн зонд дэлхийд санамсаргүй буцаж ирэхэд түүнийг “үхлийн зонд” хэмээн нэрлэдэг.
Эдгээр дүрслэл нь Хүйтэн дайны үед байсан цөмийн дайн, сансраас ирэх аюулын тухай айдсыг илэрхийлдэг.
Харин XXI зуунд бидэнд шинэ айдас бий болжээ. Энэ бол сансрын хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөө.
Гэхдээ Космос 482 шиг хөлгүүд бол санаа зовох ёстой жинхэнэ хог биш юм. Сүүлийн таван жилийн хугацаанд дэлхийн доод тойрог замд хөөрсөн хиймэл дагуул, пуужингийн тоо асар ихээр нэмэгдсэн.
Өдөр бүр шахуу сансрын хог агаар мандалд орж ирж байна. Жишээ нь, Starlink-ийн хиймэл дагуулууд бараг өдөр бүр шатан унадаг гэж тооцоологддог. Энэ үед шатсан бодис, утааны тоосонцрууд үлдэж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.
Харин тэр зуур, Венера-8 одоо ч Сугар гаригийн гадаргууд чимээгүйхэн хэвтэж, хоёр дахь ихэр газардахаа хүлээсээр л байна.
sciencealert.com