ОКЛАХОМА СИТИ — 11 жилийн өмнө Оклахома Сити Тандер анхныхаа MVP шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж байв. Кевин Дюрант тухайн үед багийн хуучин бэлтгэлийн баазад сэтгэл хөдөлгөм илтгэл тавьсан бөгөөд өнөөдөр тэрхүү барилга нь G Лигийн багийн төв болжээ.
Дюрантын MVP болох замнал бол сагсан бөмбөгийн ертөнцийн уламжлалт оргилд хүрэх түүх байсан: Шилдэг авьяастан, драфтын №2 сонголт, улирлын шилдэг шинэ тоглогч, шууд 20 оноо дунджилж эхэлсэн довтлогч, онооны хаан, MVP.
Харин лхагва гарагт Тандер баг түүхэндээ гурав дахь MVP шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа. Дюрант, Рэссел Уэстбрук нарын замналаар алхсан Шэй Гилжес-Александр NBA-гийн улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан гурав дахь Тандер тоглогч болж байна. 2008 онд Оклахома Сити рүү нүүж ирсэн энэ баг ийнхүү лигийн түүхэнд гурван өөр MVP-тэй тавхан франчайзын нэг болж, Бостон Селтикс, Лос Анжелес Лэйкерс, Хьюстон Рокетс, Филадельфиа 76 багуудтай нэг эгнээнд бичигдлээ.
“Ялангуяа (Дюрант, Уэстбрук) гэх нэрс, энэ шагналыг хүртсэн тоглогчидтой нэг ярианд дурдагдах гэдэг нь өөрөө итгэмээргүй мэдрэмж. Тэд энэ тоглоомыг өөрчилсөн, төсөөлөөгүй зүйлсийг хийсэн. Тийм түвшинд яригдаж байна гэдэг хэлэх үг ч олдохгүй байна,” хэмээн Гилжес-Александр сэтгэгдлээ хуваалцжээ.
Here’s to Shai and the ones who never stop climbing.#SGA2MVP | #KiaMVP pic.twitter.com/71iZZcqAZb
— OKC THUNDER (@okcthunder) May 21, 2025
Никола Йокич, Шэй Гилжес-Александер хоёрын MVP-ийн замнал хоёр өөр ертөнц
Никола Йокич 2014 оны драфтын хоёрдугаар шатны 41 дэх сонголтоор шалгарч, хэн ч төсөөлөөгүй замаар MVP болж чадсан. Харин түүний дөрөв дэх MVP-г тасалдуулж, улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан Шэй Гилжес-Александер ч бас уламжлалт биш замаар оргилд хүрсэн. Тэрбээр Кевин Дюрант, Рэссел Уэстбрук, Жэймс Хардэн зэрэг Сам Престигийн драфтаар №4-ийн дотор сонгогдсон ододтой харьцуулахад арай өөр гараанаас хөдөлсөн юм.
Гилжес-Александр шинэ тоглогч байхдаа боломжийн л байсан. 2018 оны драфтаар ЛА Клипперс түүнийг 11 дэх сонголтоор авсан. Анхны улиралдаа 10.8 оноо дунджилж, ирээдүйд хоёрдогч оноо авчрах хамгаалагч болох магадлалтай, олон талт чадвартай тоглогч гэж үнэлэгдэж байв. Тийм ч учраас 2019 оны зун Пол Жоржийн наймааны үеэр Прести түүнийг авах санал тавихад Клипперс татгалзахад амар байгаагүй.
Гэхдээ тэр үед хэн ч тэр дундаа өөрөө ч түүнийг ирээдүйн супер од гэж харж байгаагүй.
“Би ер нь бол сайн тоглогч болж чадна гэж боддог байсан. Яагаад гэвэл өөрийгөө дайчилж, хяналттай зүйлдээ төвлөрч хөдөлмөрлөснөөр ямар үр дүнд хүрч болдгийг мэддэг болсон юм,” хэмээн Гилжес-Александр дурсжээ. “Би тасралтгүй ахиж байсан. Гэхдээ ‘би MVP болно’ гэж би яг л сүүлийн хоёр жилийн үед яригдаж эхлэх хүртэл бодож байгаагүй.”
Оклахома Ситид ирсэн эхний улиралд Гилжес-Александр Крис Пол, Деннис Шрёдер нарын хамт гурван хамгаалагчтай эргэлтэд тоглож байв. Багийн довтолгоонд Данило Галлинари гэх мэргэн шидэгч ч оролцож байсан тул түүний онооны хүчин чармайлт гол үүрэг гүйцэтгээгүй. Харин од тоглогчдыг хамгаалах, жигүүрийн тоглогчдыг барих нь гол даалгавар байсан бөгөөд эхний хоёр улиралд тэр өөрийгөө туслах тоглогчийн дүрд бүрэн дасгаж байлаа.
“Миний багад мөрөөддөг байсан зүйл MVP болох тухай бол зүгээр л хүүхдийн төсөөлөл байлаа. Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам тэр мөрөөдөл рүү улам ойртож байгаагаа ухаарахаар, 6 настай хүүхэд шиг хөөрч эхэлдэг. Тэгж л би энэ түвшинд хүрсэн гэж бодож байна,” гэж Шэй ярьжээ.
Гилжес-Александр хоёр дахь улирлаа дуусгахад Прести сэргэлтийн товчийг дарсан. Крис Пол, Шрёдер, Галлинари нарыг явуулж, системийн удирдлагыг бүрэн Шэйд өгсөн. Тэр үеэс эхлэн баг дарамтгүй, хөгжлийн төвтэй загварт шилжиж, довтолгооны бүх түлхүүрийг түүнд хүлээлгэв.
Шэйгийн онооны дундаж 23.7-аас 24.5, дараа нь 31.4 болж өсөхийн хэрээр баг ч 22 ялалтаас 24, дараа нь 40 ялалт руу өссөн. Түүнтэй зэрэгцэн багийн залуу бүрэлдэхүүн ч сайжирч, тэрээр үнэмлэхүй гол тоглогч, довтолгооны тулах цэг болсон.
“Бид хожигдол дээр хожигдол нэмж, 17 дараалсан тоглолтод хожигдож байлаа. Гэхдээ зөв зүйл хийж л байвал гарц байдаг гэдэгт би итгэдэг байсан,” гэж тэр дурссан. “Ажилдаа итгэх, зүгээр л тууштай байх, энэ бүхэн өнөөдөр үр дүнгээ өгч байгааг бид бүгд харж байна.”
Ийнхүү өсөлттэй баг гэгдэхээсээ баг бүсийн давамгайлагч болон хувирсан. Сүүлийн хоёр улиралд тэд 57 ба 68 тоглолтод ялалт байгуулж, Шэй тус бүр 30.1 ба 32.7 оноо дунджилж, 3 улирал дараалан 50 хувийн шидэлтийн хувьтайгаар 30-аас дээш оноо авсан тав дахь тоглогч болсон юм.
Түүний урьд нь энэ амжилтыг давтсан тоглогчид бол Майкл Жордан, Карийм Абдул-Жаббар, Уилт Чемберлен, Яннис Антетокумпо нар.
“Надад итгээгүй, үл тоосон, надаас татгалзсан бүхий л мөчүүд санаанд орж ирж байна,” хэмээн тэр шагналынхаа талаар асуухад хэлжээ. Тэр бүр ахлах сургуулийн бага түвшний багт ч орж чадаагүй үеэ дурссан байна.
Our MVP’s season through the numbers 📊#SGA2MVP | #KiaMVP pic.twitter.com/dfx9wucJgp
— OKC THUNDER (@okcthunder) May 22, 2025
“Гэхдээ энэ бүхний хажуугаар, гэр бүл маань надад урам өгч, түшиг болж байсан баярт мөчүүд, амьдралын сургамжууд энэ бүх зүйл намайг өнөөдрийн хүн болгосон,” хэмээн Шэй нэмж хэлжээ.
Түүний MVP шагнал гардуулах ёслолд Тандерийн бүх удирдлагууд оролцсон байв. Ерөнхий менежер Сам Прести, ахлах дасгалжуулагч Марк Дэйнолт, багийн эзэн Клэй Беннетт нар түүний баруун талд урд эгнээнд сууж байлаа. Зүүн талд нь гэр бүлийнхэн болон менежментийн баг нь байв.
Түүнчлэн, Тандерийн бүх багийнхан тайзан дээр суусан байсан бөгөөд бүгд шинэ Rolex бугуйн цаг зүүсэн байлаа. Энэ бол Гилжес-Александерын ёслолын өмнө тэдэнд бэлэглэсэн бэлэг. Тэрээр өнгөрсөн улиралд багийн автобусаар явж байх үед анх MVP шагналын ярианд нэр нь дурдагдаж эхэлсэн тухай дурссан бөгөөд тухайн үед нөөц төвийн тоглогч Жэйлин Уильямс “МVP авбал бидэнд юу бэлэглэх вэ?” гэж асууж байжээ.
“Манай багийнхан бүгд бугуйн цаганд дуртай. Яг үнэндээ, хэн л цаганд дуртай биш байх вэ дээ?” гэж Шэй инээмсэглэн ярив. “Гэхдээ энэ бол тэдний надад өгсөн зүйлтэй харьцуулахад юу ч биш. Би MVP шагналыг ямар ч Rolex-оос илүүд үзнэ. Хэрвээ тэд байгаагүй бол би энэ шагналыг авахгүй байх байсан. Тиймээс энэ бол тэдний ядаж нэг хэсэгт нь хүртээх ёстой зүйлийн нэг.”