“A Knight of the Seven Kingdoms”-ын 5 дахь анги Баэлорын үхлээр улирлын төгсгөлийг улам харгис болголоо.
HBO-ийн A Knight of the Seven Kingdoms цуврал эхний улирлын финал руу дөхөхийн хэрээр хамгийн цочирдом эргэлтээ 5 дахь анги болох “In the Name of the Mother”-оороо үзүүллээ. Game of Thrones болон House of the Dragon-оос бидний дассанчлан энэ ертөнцөд “баатарлаг” мэт санагдсан дүрүүд ч хамгаалалтгүй гэдгийг дахин сануулсан анги байв.
Энэ удаагийн гол хохирогч нь Төмөр сэнтийн залгамжлагч, хааны Гар, Таргариенүүдийн дундах хамгийн шударга, тэнцвэртэй хүнээр дүрслэгдсэн Баэлор Таргариен. Тэрээр өөрийн гэр бүлийн эсрэг зогсон, Данк (Питер Клаффи)-тай нэг талд орж Trial of Seven-д оролцсоныхоо дараа хүнд цохилтоос үүдсэн толгойн шархаар нас баржээ. Хамгийн эмгэнэлтэй нь уг цохилтыг түүний төрсөн дүү Мэйкар (Сэм Спруэлл) өгсөн бөгөөд Баэлор үүнийг ухамсарлаж байсан нь үйл явдлыг улам харгис болгож байна.
Сэм Спруэллийн тайлбарласнаар Мэйкарын хувьд “ахаа санаатай алах уу, санамсаргүй юу” гэсэн хувилбаруудыг бүтээлч баг туршсан бөгөөд дүрийн дотор эрх мэдэлд тэмүүлэх хүсэл болон гэмшил зэрэгцэн оршихоор бүтээжээ. Ахынх нь үхэл өөрийг нь хаан ширээний дараагийн ээлжинд ойртуулж буйг ойлгох мөч нь Мэйкарын хувьд хүчтэй сэтгэлзүйн зөрчил үүсгэдэг.
Шоураннер Айра Паркер Баэлорын сонголтыг “алдар нэрийн дараах жинхэнэ сорил” гэж тодорхойлсон. Залуудаа дайны баатар болж, “хамгийн сайн хаан болно” гэх хүлээлтэд амьдарсан хүний хувьд бодит нөхцөлд нэр төрөө батлах мөч ирсэн бөгөөд “соригдоогүй сайн чанар бол бодит сайн чанар биш” гэсэн санааг энэ шийдвэр илэрхийлж байна.
Мөн Баэлорын үхлийн цохилтын агшныг дэлгэцээр шууд харуулахгүй байх шийдвэрийг продюсер Бэрти Карвел тайлбарлахдаа, үзэгчид Баэлорын бус, Данкийн өнцгөөр үйл явдлыг мэдэрч, дараах үхлийн хэсэг илүү гэнэтийн “цохилт” болж хүрэхэд чиглэсэн гэжээ. Баэлорын үхэл Вестеросын түүхийн урсгалыг өөрчилж мэдэх асар том гарз болохыг Данкууд ч, Мэйкар ч ухамсарлаж буйгаар дүрслэгдэнэ.
A Knight of the Seven Kingdoms цувралын эхний улирлын финал анги Ням гарагт HBO болон HBO Max дээр цацагдах бөгөөд Баэлорын үхлийн дараах улс төрийн болон хувь хүний үр дагавар, мөн Данкийн цаашдын замналыг үргэлжлүүлэхээр байна.
Эх сурвалж: Gizmodo