Нар өнөө үед идэвхжилтийн оргил мөчлөгтөө орж, ойролцоогоор 11 жил тутамд тохиолддог нарны шуурга, туйлын туяа, хиймэл дагуулын доголдол нэмэгдэж байна. Гэхдээ хамгийн оргил үедээ ч манай нар ижил төрлийн оддоосоо хамаагүй тайван. Түүний хамгийн хүчтэй цацрал ч бусдаас 10-100 дахин сул байдаг нь дэлхий дээр амьдрал тогтнох нэг шалтгаан байж болохыг эрдэмтэд онцолжээ.
Германы Helmholtz-Zentrum Dresden-Rossendorf (HZDR)-ийн судлаачид энэ тогтвортой байдлыг гарагийн таталцлын нөлөөтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Сугар, Дэлхий, Бархасбадь гурван гараг 11 жил тутам зэрэгцэн байрлаж, нарны соронзон хөдөлгүүрийг тогтмол хэмнэлээр “түлхдэг” гэжээ.
Тэдний боловсруулсан загвар нь зөвхөн үндсэн 11 жилийн мөчлөгийг тайлбарлаад зогсохгүй, ойролцоогоор хоёр жил үргэлжлэх QBO (Quasi-Biennial Oscillation) хэмээх жижиг мөчлөгийг илрүүлсэн байна. Энэ нь нарны идэвхжил оргил үедээ удаан тогтохыг сааруулж, хүчтэй геомагнит шуурга үүсэх магадлалыг бууруулдаг аж.
Ийнхүү гарагуудын татах хүчний нарийн харилцан үйлчлэл нь нарны тогтвортой байдлыг бий болгож, улмаар дэлхий дээр амьдрал хөгжихөд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэж эрдэмтэд дүгнэжээ.
Энэхүү судалгаа Solar Physics сэтгүүлд нийтлэгдсэн байна.