Эми Клобучар хуурамч бичлэгийн эсрэг хуулийг дэмжиж, Сидни Суинигийн тухай хиймэл мэдэгдлийг няцаав
Миннесота мужийн Ардчилсан намын сенатор Эми Клобучар хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хуурамч (deepfake) бичлэгт өртсөнийхөө дараа энэ төрлийн зохиомол контентын эсрэг хууль санаачлахыг уриалж байна. Саяхан цахим орчинд цацагдсан уг бичлэгт түүнийг жүжигчин Сидни Суинигийн талаар “төгс хөхтэй” гэж хэлж, Ардчилсан намыг “муухай хүмүүсийн нам” гэж нэрлэсэн мэтээр харуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Гэвч уг бичлэг нь бодит биш бөгөөд Клобучар ийм үг хэлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
Тэрээр Нью-Йорк Таймс сонинд нийтэлсэн өгүүлэлдээ энэ бичлэгийг хуурамч технологиор бүтээсэн болохыг онцолж, “Бичлэгт намайг жигшүүртэй зүйл хэлж байгаа мэтээр харуулсан. Би үүнийг шууд л хуурамч гэдгийг мэдсэн ч, харагдах байдал, дуу хоолойн хувьд маш бодит мэт санагдсан нь үнэн юм” хэмээн бичжээ. Уг гүтгэлгийн бичлэг нь Сенатын шүүхийн дэд хорооны сонсголын үеэр Клобучарын хийсэн бодит бичлэгийг засварлан, түүнийг Суинигийн тухай ярьж байгаа мэтээр эвлүүлсэн байна.
Жүжигчин Сидни Суини Американ Игл брэндийн сурталчилгаанд оролцохдоо “сайн ген” болон жинсэн өмдний талаар ярьсан нь сошиал орчинд шүүмжлэл дагуулсан юм. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч асан Дональд Трамп хүртэл оролцож, түүнийг магтсан мэдэгдэл хийсэн нь анхаарал татсан. Харин Клобучарыг оролцуулсан уг deepfake бичлэг нь эдгээр маргаануудыг улс төрийн агуулгаар ашиглахыг оролдсон харагдаж байна.
Клобучар уг бичлэгийг сая гаруй хүн үзсэн гэж мэдээлсэн бөгөөд X (хуучнаар Twitter) платформд хандаж, уг видеог устгах, эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн болохыг анхааруулсан тэмдэглэгээ хийхийг хүссэн ч тус платформ энэ хүсэлтийг хүлээн аваагүй байна. Тэрээр “Хүмүүс үүнийг хуурамч гэдгийг мэдэх байх гэж бодсон ч, зарим нь итгэсэн нь тодорхой байна. Миний дүр төрхийг ашиглан намайг маргаантай мэдэгдэл хийсэн мэтээр харуулсан нь санаатай гүтгэлэг” хэмээн бичжээ.
🚨BREAKING!!!: Senator Amy Klobuchar of Minnesota weights in on Sydney Sweeney's new American Eagle ad. pic.twitter.com/DusZYlisFR
— andy (@reapingandy) July 31, 2025
X платформ уг бичлэгийг “хуурамч агуулга” болон “олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж болзошгүй контекстээс тасалдсан медиа” гэсэн бодлого зөрчсөн гэж үзэх боломжтой ч, эцэстээ устгах эсвэл сэрэмжлүүлэг нэмэхээс татгалзсан байна. Клобучар олон нийтийн тэмдэглэл нэмэх боломжийг ч хүссэн ч ямар нэгэн тусламж аваагүйг онцолжээ.
Эми Клобучар нийтлэлийнхээ төгсгөлд хуурамч бичлэгийн аюулыг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлагатайг дахин онцлон тэмдэглэсэн. Тэрээр Ардчилсан намын сенатор Крис Кунс, Бүгд Найрамдах намын сенаторууд Том Тиллис болон Марша Блэкберн нартай хамтран боловсруулж буй “No Fakes Act” (Жинхэнэ бүтээлүүдийг хамгаалах тухай хууль)-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ хууль батлагдсанаар хувь хүний дуу хоолой, дүр төрхийг зөвшөөрөлгүйгээр deepfake бичлэгт ашигласан тохиолдолд устгуулах эрхийг олгохоос гадна, ийм төрлийн гүтгэлгийг Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлтээр хамгаалагддаг үг хэллэгийн хүрээнээс гаргах боломж бүрдэнэ гэж тэр бичжээ.
Тэрээр “Намайг чиглэсэн энэ хуурамч бичлэг нь асуудлын цар хүрээг харуулж байна. Би үүнийг олон нийтийн анхааралд хүргэсэндээ баяртай байна. Үүний улмаас илүү олон хүн хуурамч бичлэг ямар аюултай болохыг ойлгох байх” хэмээн дүгнэсэн байна.
Эх сурвалж: