АНУ-ын нууцлаг X-37B сансрын онгоц шинэ даалгаварт гарлаа
АНУ-ын Сансрын Хүчний нууцлаг X-37B сансрын онгоц найм дахь даалгавраа гүйцэтгэхээр хөөрлөө. Энэхүү робот сансрын онгоцыг SpaceX-ийн Falcon 9 пуужингийн тусламжтайгаар Флоридагийн Кеннеди Сансрын Төвөөс 8-р сарын 21-ний орой 11:50 цагт (EDT), буюу Улаанбаатарын цагаар 8-р сарын 22-ны өглөө 11:50 цагт хөөргөсөн байна.
Нууц даалгавар, нууц байрлал
Хөөрөлтийн дараа Falcon 9-ийн эхний шат 8.5 минутын дотор буцаж ирж, Cape Canaveral дахь Сансрын Хүчний станцад газардсан бол дээд шат нь X-37B-г Дэлхийн бага тойрог замд хүргэх ажиллагааг үргэлжлүүлсэн. Гэвч хөлөг яг хаана, ямар чиглэлд байрлаж байгаа нь нууц бөгөөд SpaceX компани Сансрын Хүчний хүсэлтээр дамжуулалтаа хугацаанаас өмнө зогсоожээ.
NASA-ийн хуучин сансрын шаттлыг санагдуулам 8.8 метр урттай X-37B-г Boeing компани бүтээсэн бөгөөд хүнгүйгээр нисдэг энэхүү хөлөг нь мэдрэгч, технологийн туршилт хийх зорилготой “Орбитын туршилтын тээврийн хэрэгсэл” буюу OTV нэртэй төсөлд багтдаг.

Шинэчлэгдсэн ачаа: Квант мэдрэгч, лазер холбоо
Энэ удаагийн OTV-8 даалгаврын хүрээнд X-37B нь “дараагийн үеийн технологиуд” болох лазер холбооны систем болон сансарт туршигдаж буй хамгийн өндөр гүйцэтгэлтэй квант инерцийн мэдрэгчийг тээвэрлэжээ. Уг мэдрэгч нь GPS-гүй орчинд ч навигацийн чадамжийг хадгалах боломжтойгоороо онцлог бөгөөд урт хугацааны судалгаа, Сар руу чиглэсэн аялал зэрэгт ашиглагдах боломжтой гэж Сансрын Хүчний зүгээс мэдээлсэн байна.
Лазер холбооны хувьд уламжлалт радио долгионоос илүү аюулгүй, өндөр хурдтай өгөгдөл дамжуулах боломжтой бөгөөд энэ нь Америкийн сансрын давуу байдлыг бататгах стратегийн чухал хэсэг болжээ.
Starlink-тэй хамтарсан туршилт
OTV-8-ийн үеэр дээрх системүүдийг бага тойрог замд байрлах арилжааны хиймэл дагуулын сүлжээнүүдтэй хамтран турших бөгөөд энэ хүрээнд SpaceX-ийн 8,000 гаруй дагуул бүхий Starlink сүлжээ гол үүрэг гүйцэтгэх юм. Сансрын Хүчний дарга Чанс Салтзманы хэлснээр, энэ хамтын ажиллагаа нь АНУ-ын сансрын олон төрлийн архитектур ашиглах чадварыг улам бүр бэхжүүлэх алхам болох ажээ.
Өмнөх даалгаврууд ба SpaceX-ийн үүрэг
X-37B хөлөг 2010 оноос хойш нийт долоон даалгавар гүйцэтгэсэн. Сүүлийн даалгавар болох OTV-7 нь 2023 оны 12-р сард хөөрч, 2025 оны 3-р сарын 7-нд буюу 434 хоногийн дараа газардуулсан нь хамгийн удаан хугацааны нислэгүүдийн нэг болсон юм. Хамгийн урт нь 908 хоног үргэлжилсэн байв.
OTV-8 бол SpaceX компанийн Falcon пуужингуудаар хөөргөж буй гурав дахь X-37B хөлөг бөгөөд өмнөх таван даалгаврыг United Launch Alliance-ийн Atlas V гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар тус компани Atlas V-ийг Vulcan Centaur хэмээх шинэ пуужингаар орлуулах ажилд оржээ.
Эх сурвалж: