НАСА Колорадогийн уулс дээр Артемис хөтөлбөрийн буултын сургуулилалт хийж байна
НАСА ирээдүйн Артемис хөтөлбөрийн эрсдэлтэй буултын үеийг Колорадогийн өндөр уулс дээр симуляци хийж, сургуулилалт явуулж байна. АНУ-ын Үндэсний гвардын Өндөр уулын нисэх сургалтын төвд НАСА-гийн сансрын нисгэгчид цэргийн нисдэг тэрэг ашиглан сарны гадаргуу дээр буухтай адил нөхцөлд бэлтгэж буй бөгөөд энэ үеэр тэд гүн тогоо, эгц хажуу, хурц гэрэл зэрэг саадтай орчинд навигаци хийх ур чадвараа хөгжүүлж байна.
Колорадогийн Роки уулс нь сарны гадаргуутай ижилсэхүйц нөхцөлтэй тул НАСА эдгээр газрыг сургуулилалтын талбар болгон ашиглаж байгаа юм. 1,981–4,328 метрийн өндөрт нисэх шаардлага нь нисдэг тэрэгний хязгаарыг сорьж, нисгэгчдээс нарийн хяналт, хурдацтай шийдвэр гаргах чадвар шаардаж байна. Цас, гэрэл гялбаа, тоосонцор зэрэг нь орчныг улам хүндрүүлдэг бөгөөд багийн ажиллагаа, багаж хэрэгсэл, харилцаанд түшиглэж ажиллах ур чадвар шаарддаг — энэ нь сарны өмнөд туйлд буухад ч яг адилхан хэрэгтэй болно хэмээн НАСА мэдэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд НАСА болон Үндэсний гвард хамтран сургалтын арга барил, буултын бүсийг хөгжүүлж, Аполло хөтөлбөрийн туршлагыг тусган боловсруулжээ. НАСА-гийн сансрын нисгэгч Дуг Уиллок “HAATS-д хийж буй сургуулилалтын нислэгүүд нь сансрын нисгэгчдийг сарны өмнөд туйлд буух үед учрах харааны төөрөгдөл, холбооны бэрхшээл, харагдах орчны хязгаарлалтад бэлдэж өгдөг. Ийм сургуулилалт нь даалгаврын амжилт, багийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй” гэж онцолжээ.
2021 оноос хойш НАСА-гийн 22, Европын сансрын агентлагийн 1 нийт 23 сансрын нисгэгч энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргээд байна. Тухайлбал, Боб Хайнс, Ража Чари нар бага харагдах орчинд нислэг хийх, харилцааны ур чадвараа сайжруулах сургалтад хамрагджээ. Сургалтын хөтөлбөр нь Аполло хөтөлбөрийн сургамжийг Үндэсний гвардын мэргэжлийн туршлагатай уялдуулсан байдлаараа онцлог юм.

Артемис хөтөлбөрийн буултын бэлтгэл гурван үндсэн чиглэлд төвлөрч байна: хөдөлгөөнт симуляци, нислэгийн аналог сургалт, нислэгийн симуляци. Тэдгээрийн дотроос HAATS сургалт нь сансрын нисгэгчдэд тодорхойгүй, хүч хязгаарлагдмал, харагдах орчин байнга өөрчлөгддөг орчинд ажиллах шууд туршлага олгодгоороо онцлог.
Артемис III хөтөлбөрийн хүрээнд хүний анхны буултыг 2027 оноос хойш хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тэр болтол Колорадогийн уулс сансрын нисгэгчдийн бэлтгэлийн салшгүй хэсэг байсаар байх болно.
Эх сурвалж: Space.com – How military helicopters in Colorado will help land NASA’s Artemis astronauts on the moon