Астероид Дэлхийд ойртон өнгөрнө: Хэрхэн шууд үзэх вэ?
Саяхан илэрсэн, арилжааны нисэх онгоцны хэмжээтэй ойролцоо астероид есдүгээр сарын 3-нд Дэлхийд маш ойртон өнгөрөх гэж байна. Энэхүү онцгой астрономийн үйл явдлыг Virtual Telescope Project-ийн шууд дамжуулалтаар онлайнаар үзэх боломжтой.
2025 QD8: Дэлхий-Сарны хооронд
2025 QD8 нэртэй энэхүү астероид нь есдүгээр сарын 3-ны өдөр Дэлхийтэй ойролцоогоор 218,009 км зайд буюу Дэлхий ба Сарны хоорондох дундаж зайны 57% орчимд ойртон өнгөрөх юм. Уг үйл явдал Улаанбаатарын цагаар 18:57-т болох төлөвтэй байна.
NASA-ийн тооцоолсноор уг астероид нь 17–38 метр диаметртэй бөгөөд цагт 45,000 км-ийн хурдаар өнгөрөх тул Дэлхий, Сарт аюул учруулахгүй гэж үзэж байна.
Шууд дамжуулалтыг хаанаас үзэх вэ?
Virtual Telescope Project нь есдүгээр сарын 3-нд Улаанбаатарын цагаар 07:00 цагт YouTube шууд дамжуулалтаа эхлүүлэх юм. Энэхүү дамжуулалт нь Италийн Манчиано дахь робот телескопуудын авсан шууд дүрслэл дээр суурилна.
Түүнчлэн наймдугаар сарын 30-нд тэд уг астероидыг 3.9 сая км зайнаас амжилттай дурандан зурганд буулгажээ. Зураг нь 300 секунд үргэлжилсэн бөгөөд “Элена” хэмээх 17 инчийн телескоп ашигласан байна. Астероид нь оддын дунд маш жижиг цэг мэт харагдаж байсан гэнэ.
Ирээдүйн аюултай ойртолтууд
NASA болон түүний хамтрагчид олон арван мянган Дэлхийд ойртон өнгөрөх астероидыг бүртгэжээ. Тэдгээрийн дунд ирээдүйд Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай объектууд ч багтдаг. Гэсэн ч NASA-ийн Jet Propulsion Laboratory-ийн Center for Near Earth Object Studies-ийн мэдээлснээр, ирэх 100 жилд ноцтой мөргөлдөөн болох магадлал маш бага аж.
Эх сурвалж: space.com