Сансрын аялал хүний эсийн хөгшрөлтийг хурдасгаж болзошгүй
Сансрын орчин хүний биеийн боломжит хязгаарыг сорьж, жингүйдэл, өндөр энергийн цацраг, удаан хугацааны тусгаарлалт зэрэг эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгардаг. Эдгээр хүчин зүйлс нь сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд олон жилийн турш судалсаар ирсэн ч, зарим нууц нь одоо ч тайлагдаагүй хэвээр байна.
2025 оны 9-р сарын 4-нд Cell Stem Cell сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд дурдсанаар, сансрын орчин хүний цус болон дархлааны системийг бүрдүүлдэг гемопоэтик үүдэл эсүүдийн хөгшрөлтийг хурдасгаж болохыг тогтоожээ. Зөвхөн 32 хоногийн нислэгийн дараа эдгээр эсүүд шинэ эс үүсгэх чадамжаа алдаж, биологийн хөгшрөлтийн тодорхой шинж тэмдгүүдийг харуулсан байна.
Хиймэл оюунд суурилсан хяналт, биореакторын туршилт
NASA болон Space Tango компанийн хамтын ажиллагааны хүрээнд судлаачид хүний үүдэл эсүүдийг сансарт тусгай төхөөрөмжөөр өсгөж, хиймэл оюун ухаанд суурилсан дүрслэлээр хянах “нанобиореактор” платформ бүтээжээ. Энэхүү системийг SpaceX-ийн хангамжийн нислэгээр Олон улсын сансрын станц руу илгээж, бодит туршилт хийсэн юм.
Молекулын түвшний өөрчлөлт, макро нөлөө
HSPCs эсүүд сансарт 32-оос 45 хоног байх хугацаандаа илүү идэвхтэй болж, эрчим хүчнийхээ нөөцийг хурдан зарцуулж, амрах, нөхөн сэргээх чадвараа алдаж эхэлсэн байна. Үүний улмаас эдгээр эсүүдийн ДНХ-д гэмтэл үүсч, теломер богиносч, митохондрт үрэвслийн шинж тэмдэг илэрсэн төдийгүй геномын зарим идэвхгүй хэсгүүд идэвхжжээ.
Эдгээр өөрчлөлт нь дархлааны үйл ажиллагааг бууруулж, халдварт болон архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж судлаачид дүгнэж байна. Зарим өөрчлөлт нь Дэлхийд буцаж ирсний дараа хэвийн байдалдаа орсон ч, зарим нь тогтвортой үлдсэн нь урт хугацааны нөлөөлөлтэй байж болохыг илтгэж байна.
Ирээдүйн судалгаа, эрсдэлийг ойлгох шаардлага
Хүн төрөлхтөн саран дээр дахин буух, Марс руу аялах зэрэг алсын зорилгодоо улам ойртож буй энэ үед, урт хугацааны сансрын аялалтай холбоотой эрүүл мэндийн эрсдэлийг илүү гүнзгий ойлгох шаардлага урган гарч байна. Судалгааны ахлагч Жамисон болон түүний багийнхан сансрын станц дээр хийх ирээдүйн судалгаанууд болон сансрын нисгэгчдийн биед үзүүлэх өөрчлөлтийн талаар үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа юм.
Тэдний үзэж байгаагаар, энэ нь зөвхөн хүний судалгааны эрх ашиг бус, арилжааны сансрын аялал болон бага тойрог зам дахь туршилтуудын хувьд ч зайлшгүй шаардлагатай шинэ мэдлэг юм.
Эх сурвалж: gizmodo