Мартин Эдегор Тони Адамсын шүүмжлэлийг үл тоов
Арсеналын ахлагч Мартин Эдегор, багийн ахлагчийн байр суурьтай холбоотой Тони Адамсын шүүмжлэлд ач холбогдол өгсөнгүй. Арсеналын домогт хамгаалагч Адамс түүнийг багийг удирдах чадваргүй гэж үзэж, ахлагчийн туузыг Деклан Райст шилжүүлэхийг санал болгосон юм.
Эдегор 2022 оноос хойш Арсеналын ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд баг дотроо явуулсан санал хураалтын үр дүнд томилогдсон. Эцсийн шийдвэрийг менежер Микел Артета гаргасан бөгөөд тэр энэ шийдвэрийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Английн шигшээ багийн хуучин ахлагч Адамс өнгөрсөн долоо хоногт болсон спортын арга хэмжээний үеэр:
“Заримдаа менежерийн хувьд багийг дараагийн түвшинд хүргэх хүнийг сонгох шаардлагатай болдог. Деклан Райс бол тэр хүн. Харин Эдегор биш. Артета, түүнийг ахлагч болго” хэмээн мэдэгджээ.
Харин Норвегийн шигшээ багийн Молдоватай хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Эдегор тайван хариу өгсөн юм.
“Би үнэндээ тийм ч их анхаарал хандуулдаггүй. Хүн бүр өөрийн үзэл бодолтой байж болно. Би хүмүүсийн хэлсэн зүйлд санаа зовохгүй, өөрийн хийх ёстой зүйлдээ л төвлөрдөг” гэж тэр мэдэгджээ.
Эдегор өнгөрсөн долоо хоногт Арсеналын Лийдс Юнайтедыг 5-0 гоолын харьцаатай хожсон тоглолтын үеэр мөрөндөө гэмтэл авч, улмаар дараагийн Ливерпүүлийн эсрэг тоглолтод ердөө 20 минут талбайд гарсан. Гэсэн ч Финляндын эсрэг нөхөрсөг тоглолтод 45 минут оролцож, бүрэн эдгэрсэн гэдгээ хэлсэн байна.
“Мөр өвдсөн, гэхдээ одоо хяналтад орсон. Зөрчилдөөн байгаагүй. Норвегийн дасгалжуулагч Стале Солбаккентэй байнга ярилцдаг. Арсенал намайг Ливерпүүлтэй хийх тоглолтод оролцуулахыг хүссэн. Миний үүрэг бол бэлэн байх” гэж Эдегор онцоллоо.