in

2026 оны BMW iX3 ба Tesla Model Y: Шинэ жишиг тогтоох цахилгаан SUV гарч ирэв үү?

BMW-ийн шинэ үеийн батарей, зоригтой дизайн, дээд зэрэглэлийн технологитой цахилгаан SUV шинэ жишиг тогтоож чадах уу?

2026 оны BMW iX3 ба Tesla Model Y: Шинэ жишиг тогтоох цахилгаан SUV гарч ирэв үү?

Model Y борлуулалтын тэргүүлэгч байр сууриа алдах аюулд орсон уу?

Tesla-ийн Model Y нь олон жилийн турш цахилгаан автомашины зах зээлд хамгийн эрэлттэй SUV хэвээр байлаа. Гэвч BMW-ийн шинэ үеийн iX3 загвар энэ байр суурийг өөрчлөх өндөр магадлалтай байна. Neue Klasse платформ дээр суурилсан iX3 нь шинэлэг дизайн, дараагийн үеийн баттерей, BMW-ийн алдартай жолоодлогын динамик зэргийг хослуулан, Tesla-ийн Model Y загвартай шууд өрсөлдөхөөр гарч иржээ. Model Y нь аль хэдийн зах зээлд танигдсан ч iX3 нь дээд зэрэглэлийн чанар, шинэлэг технологиороо шинэ жишиг тогтоохыг зорьж байна.

Баттерейн багтаамж ба гүйцэтгэл

Цахилгаан автомашин худалдан авахдаа хэрэглэгчдийн хамгийн түрүүнд хардаг үзүүлэлт бол баттерейн багтаамж ба нэг цэнэглэлтээр туулах зай юм. BMW iX3-ийн EPA албан ёсны үнэлгээ хараахан гараагүй ч Европын WLTP туршилтаар iX3 50 xDrive нь 678-805 км (421-500 миль) туулах чадвартайгаар урьдчилсан үнэлэгдэж байна. Харин Tesla Model Y Long Range нь 568 км (353 миль) туулах үзүүлэлттэй. Эдгээр нь шууд харьцуулахад хүндрэлтэй ч BMW-ийн шинэ iX3 нь онолын хувьд илүү хол зай туулах боломжтой.

Баттерейн багтаамжийн хувьд iX3 нь 108.7 кВт.ц хүчин чадалтай, харин Model Y нь 81 кВт.ц багтаамжтай. Цэнэглэх хурд ч мөн ялгаатай: iX3 нь 400 кВт хүртэл дэмждэг бол Tesla Model Y нь 250 кВт цэнэглэлтийн дээд хязгаартай. BMW-ийн шинэ Gen6 баттерей нь 800 вольтын архитектурт суурилсан бөгөөд энэ нь илүү хурдан, үр ашигтай цэнэглэх боломжийг олгодог.

Гүйцэтгэлийн хувьд Model Y илүү хурдан. 0-100 км/ц хурдыг 4.6 секундэд авах чадвартай бол iX3 нь 4.9 секунд зарцуулдаг. Гэсэн ч жолоодлогын динамик дээр BMW давуу талтай байж болох юм. iX3 нь 49:51 урд/хойд жингийн хуваарилалттай бол Model Y нь 54% хойд тэнхлэг дээр жинтэй бүтэцтэй.

Салон, технологи

BMW болон Tesla-ийн салон илүү төстэй болсон ч хэрэглэгчийн туршлагын хувьд өөр хэвээр байна. BMW iX3 нь уламжлалт хэмжүүрийн самбарыг 17.9 инчийн төв дэлгэц болон толгойн дэлгэцээр сольсон бол Model Y нь зөвхөн 15.4 инчийн төв дэлгэцтэй. iDrive товчлуурыг хассан нь BMW-ийн шинэ интерфэйсийг илүү цэгцтэй болгожээ.

Хоёр автомашин хоёулаа дижитал түлхүүр, урьдчилан тохируулах боломж, ухаалаг жолоодлогын туслах системтэй. Tesla нь илүү шууд, чөлөөтэй жолоодлогыг санал болгодог бол BMW-ийн жолоодлогын туслах систем гэрлэн дохиог таних зэрэг шинэ функцүүдтэй болсон.

Мөн BMW нь Apple CarPlay болон Android Auto-г дэмждэг бол Tesla-д эдгээр байхгүй. Дотор заслын материал, угсралтын чанарын хувьд BMW уламжлалт давуу талаа хадгалж байгаа бол Tesla сүүлийн жилүүдэд чанараа сайжруулж буй ч ижил түвшинд хүрсэн гэж хэлэхэд эрт байна.

Хадгалах багтаамж ба практик хэрэглээ

Model Y нь бүх суудлыг эвхэхэд 76.2 куб фут (2157 литр) багтаамжтай бол iX3 нь 61.8 куб фут (1750 литр) багтаамжтай. Энэ нь гэр бүл, ачаа тээвэрлэлтийн хэрэгцээтэй хэрэглэгчдэд бага зэргийн ялгаа үзүүлж болох ч бодит хэрэглээнд томоохон зөрүү гарахгүй.

Гадна дизайн ба үнэ

Дизайн нь хувь хүний мэдрэмжээс шалтгаалдаг ч BMW iX3 нь илүү шинэ, ирээдүй рүү чиглэсэн дүр төрхтэй. Model Y нь саяхан шинэчлэгдсэн ч iX3-ийн хажууд хуучирсан мэт харагдаж байна. iX3 нь Neue Klasse-ийн анхны загвар учраас BMW-ийн ирээдүйн загваруудын чиг хандлагыг илтгэж байгаа юм.

Үнэний хувьд, Tesla Model Y нь 46,630 доллараас (~159 сая төгрөг) эхэлдэг бол бүх дугуйгаар хөтлөгчтэй Long Range хувилбар нь 50,630 доллар (~173 сая төгрөг) үнэтэй. Харин BMW iX3 50 xDrive нь 2026 оны зун зах зээлд гарч, 60,000 доллараас (~205 сая төгрөг) бага үнээр худалдаалагдахаар төлөвлөж байна. Мөн хямд хувилбар болох iX3 40 нь 55,000 доллараас (~188 сая төгрөг) бага үнээр гарах магадлалтай ч гаргах огноо нь тодорхойгүй байна.

Дүгнэлт

BMW iX3 нь илүү дэвшилтэт баттерейн технологи, хурдан цэнэглэлтийн систем, өндөр чанарын дотоод засал, орчин үеийн дизайн зэргээрээ Tesla Model Y-д хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна. Гэхдээ үнэ болон хүртээмжийн хувьд Model Y нь илүү өргөн хэрэглэгчдэд хүрэх боломжтой хэвээр байна.

Хоёр загварын аль аль нь цахилгаан SUV зах зээлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Гэхдээ хэрэглэгчийн хувьд сонголт нь гүйцэтгэл, тав тух, үнэ, брэндийн нэр хүнд зэрэг олон хүчин зүйлээс хамаарах болно.

Эх сурвалж: Autoblog

What do you think?

Герман 3-1 Умард Ирланд: Тоглолтын тойм, үр дүн, гоолууд – “Die Mannschaft” эргэн сэргэв

Герман 3-1 Умард Ирланд: Тоглолтын тойм, үр дүн, гоолууд – “Die Mannschaft” эргэн сэргэв

Цэргийн зориулалттай ухаалаг нүдний шилний гэрээгээр Марк Зукерберг, Палмер Лаки нар дахин нэгдлээ

Цэргийн зориулалттай ухаалаг нүдний шилний гэрээгээр Марк Зукерберг, Палмер Лаки нар дахин нэгдлээ