АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Бүгд Найдлын намын олонхийн бүлэг Чарли Киркийн амьдрал, үйл хэрэгт хүндэтгэл үзүүлж, түүнийг улс төрийн хүчирхийллийн золиос болсон хэмээн үзсэн тогтоолыг танилцууллаа. Тус тогтоолд Киркийн аллагыг “жигшүүртэй, зэрлэг үйлдэл” хэмээн тодорхойлж, энэ мэт хэрэг нийгмийн тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлж буйг анхааруулсан байна.
Тогтоол нь гаднаа нэгдмэл байр суурь илэрхийлсэн мэт боловч дотооддоо улс төрийн намын ашиг сонирхолд тулгуурласан хэмээн Ардчилсан намынхан эсэргүүцэл илэрхийлж байна. Тэд энэ эмгэнэлт явдлыг улстөржүүлэх бус, харин нам харгалзахгүйгээр улс төрийн хүчирхийллийг нийтэд нь буруушаах боломж байсныг сануулжээ.
Чарли Киркийн тухай тодруулбал, тэрээр өнгөт арьст америкчуудын санал өгөх эрхийг хуульчлан баталгаажуулсан Иргэний эрхийн актыг “алдаа” хэмээн нэрлэж байсан. Мөн Пол Пелосигийн эсрэг халдлагын дараа “гайхамшигт эх оронч” хэн нэгэн халдагчийг нь батлан даалтад гаргах ёстой гэж мэдэгдэж, улмаар еврей хүмүүсийг олон нийтийн хэвлэл, боловсрол, урлагийн салбаруудыг хянаж байна хэмээн олон нийтэд сөрөг хандлага түгээж байв.
Түүнийг “үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч” хэмээн тогтоолд дурдсан ч, энэ нь түүний өмнө гаргасан олон нийтийг хагаралдуулах шинжтэй мэдэгдлүүдтэй зөрчилдөж байгааг шүүмжлэгчид онцоллоо.
Үүгээр зогсохгүй уг хэрэг явдлыг далимдуулан эрх баригчид үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах оролдлого хийж буйг сөрөг хүчнийхэн сэрэмжлүүлэв. Ерөнхийлөгч Трамп болон Холбооны харилцаа холбооны комисс (FCC) сөрөг байр суурь бүхий мэдээллийн хэрэгслүүдийг, тэр дундаа ABC сувгийг хаах тухай сүрдүүлэг хийж буй нь Америкийн ардчиллын тулгуур болох Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт заалт, үг хэлэх эрх чөлөөнд шууд халдаж буй ноцтой явдал хэмээн тэмдэглэлээ.
Эцэст нь Төлөөлөгчийн танхимд үг хэлсэн гишүүн Киркийн гэр бүл, ялангуяа түүний эхнэр, хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлж, тэдний уй гашууг үгээр илэрхийлэх аргагүй хэмээн мэдэгдлээ.