Өдөр тутмын зуршлууд тархины хөгшрөлтийг удаашруулж чадах уу?
Өдөр тутмын хялбар зуршлууд оюуны чадавхыг хамгаалж, тархины хөгшрөлтийг удаашруулж чадах уу? АНУ-д хоёр жилийн туршид явуулсан томоохон судалгаа энэхүү асуултад хариулт өгч байна.
Танин мэдэхүйн чадварт эерэг нөлөө үзүүлжээ
Уэйк Форестийн Их сургуулийн анагаах ухааны доктор Лаура Д. Бэйкер болон Advocate Health-ийн судалгааны багийн удирдсан энэхүү судалгаа нь 60-79 насны 2111 хүнийг хамарсан ба танин мэдэхүйн бууралтын эрсдэл өндөртэй хүмүүст чиглэсэн байв. Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсэгт нь дасгал хөдөлгөөн, хооллолт, танин мэдэхүйн дасгал, нийгмийн оролцоог хослуулсан бүтэцтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн бол нөгөө хэсэг нь ерөнхий зөвлөгөө бүхий өөрөө удирдах хөтөлбөрт хамрагджээ.
Хоёр бүлгийн аль аль нь танин мэдэхүйн шалгалтын оноогоо ахиулсан ч бүтэцтэй хөтөлбөрт хамрагдсан оролцогчид илүү тогтвортой, өндөр үзүүлэлттэй байсан нь судалгааны үр дүнгээр батлагджээ.
Багахан өөрчлөлт ч том нөлөө үзүүлдэг
Бүтэцтэй хөтөлбөрт хамрагдагсдын танин мэдэхүйн ерөнхий үзүүлэлт жилд дунджаар 0.243 стандарт хазайлтаар сайжирсан бол өөрөө удирдсан бүлгийнх 0.213 байв. Ялгаа нь бага мэт боловч статистикийн хувьд ач холбогдолтой гэж судлаачид дүгнэсэн байна.
Мөн гүйцэтгэх үйл ажиллагаа (төлөвлөлт, ажлын шилжилт, удирдлага) бүтэцтэй бүлэгт илүү сайжирсан ч ой санамжийн хувьд мэдэгдэхүйц ялгаа гараагүй байна.
MIND хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний нөлөө
Судалгаанд ашигласан MIND хоолны дэглэм нь ногоо, жимс, бүхэл үр, загас, самар, оливын тос зэрэг оюуны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг хүнсийг түлхүү хэрэглэдэг загвар бөгөөд өмнөх ажиглалтын судалгаанууд ч энэхүү дэглэмийг танин мэдэхүйн бууралтыг удаашруулдаг болохыг харуулж байсан.
Ирээдүйн эрүүл мэндэд өгч буй дохио
“Энгийн, бага нөөцөөр оюуны үйл ажиллагааг дэмжих боломжтой гэдэг нь маш сонирхолтой” хэмээн доктор Бэйкер онцолжээ. Түүний хэлснээр, зөвхөн дасгал хөдөлгөөн хийхээс илүүтэйгээр тогтмол зорилго тавьж, хариуцлагатай, дэмжлэгтэй орчинд ажиллах нь илүү тогтвортой үр дүнд хүргэдэг байна.
Энэ судалгаа нь тархины хөгшрөлтийг удаашруулахад томоохон хөшүүрэг болох энгийн зуршлуудын ач холбогдлыг баталсан бөгөөд JAMA сэтгүүлд хэвлэгдсэн байна.
Эх сурвалж: www.earth.com