Сансрын ул мөр: Силверпит кратерын оньсого тайлагдлаа
Хойд тэнгисийн гүнд нуугдсан Силверпит хэмээх онцгой бүтэц олон арван жилийн туршид эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн билээ. Харин одоо, судлаачид энэ оньсогыг бүрэн тайлж, уг кратер 40 сая жилийн өмнө дэлхийн гадаргуутай мөргөлдсөн сансрын биетээс үүссэн болохыг нотоллоо.
Энэ бүтэц анх 2002 онд Йоркширын эргээс 130 км-ийн зайд, далайн ёроолоос 700 метрийн гүнд илрэх үедээ 3 км орчим диаметртэй, дугуй хэлбэр, төвийн өндөрлөг бүхий онцгой дүр төрхөөрөө сансрын биетийн мөргөлдөөнийг санагдуулж байсан ч, тухайн үед бүрэн баттай дүгнэлт хийгдээгүй тул өөр боломжит таамгууд гарч байв. Зарим нь энэ бүтэц газар доорх давсны хуримтлалын нөлөө, эсвэл галт уулын эртний идэвхжилтэй холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байлаа.
Гэвч Хериот-Ватт их сургуулийн судлаач Уисдеан Николсон, түүний багийн хамт олон орчин үеийн 3D сейсмик дүрслэл, 1980-аад оны газрын тосны өрөмдлөгийн дээжүүд болон нарийн микроскоп шинжилгээнд тулгуурлан Силверпит кратерын гарал үүслийг эцэслэн тайлжээ.
“Силверпит бол байгалийн гайхамшиг бөгөөд сансрын биет дэлхийн гадаргуутай мөргөлдөх үед хэрхэн бүтэц үүсч, хадгалагддагийг ойлгоход ховор боломж олгож байна” хэмээн Николсон тайлбарласан байна.
Шинээр боловсруулсан сейсмик мэдээлэл нь кратерын төвийн өргөлт, түүнийг тойрсон ховилууд, хагарал бүхий чулуулаг бүсүүд болон хоёрдогч, жижиг кратеруудыг тодорхой илрүүлжээ. Эдгээр шинж тэмдгүүд нь сансрын биет баруун талаас хазайсан өнцгөөр мөргөснийг илтгэж байгаа юм.
Мөн микроскопын шинжилгээгээр өндөр даралт, халууны нөхцөлд л үүсдэг бичил сорвит кварц, хээрийн жоншны мөхлөгүүд илэрсэн нь уг бүтэц хэт хүчтэй мөргөлдөөний үр дүн гэдгийг нотлон харуулсан юм.
“Энэ нь өвсөн дундаас зүү олохтой адил азтай олдвор байсан” гэж Николсон онцлон тэмдэглэжээ. “Эдгээр бичил бүтцүүд нь зөвхөн сансрын биетийн цохилтоор үүсдэг учир, бидний онолыг эргэлзээгүйгээр баталгаажуулсан.”
Компьютерийн симуляциудаар уг мөргөлдөөнийг үүсгэсэн сансрын биет нь 160 метр орчим урт, секундэд 15 км-ийн хурдтайгаар дэлхий рүү нэвтэрч, 1.5 км өндөр багана хэлбэртэй чулуу, ус үүсгэж, улмаар 100 метрээс өндөр давалгаатай цунамид хүргэсэн гэж үзэж байна.
Сейсмик мэдээлэл дээр тулгуурлан судлаачид энэ үйл явдал дунд Эоценийн үед, ойролцоогоор 43-46 сая жилийн өмнө болсон гэж таамаглажээ.
Сонирхолтой нь, Силверпитийн гарал үүсэл олон жил маргаан дагуулж, 2009 онд Лондон хотноо болсон Геологийн нийгэмлэгийн хурлаар геологичдын дийлэнх нь түүнийг мөргөлдөөний бус гаралтай хэмээн дүгнэж байв. Тэр үед Николсон хүртэл энэ бүтцийг “байгалийн өөр үйл явцын үр дүн” гэж итгэж байжээ.
Гэвч 2022 онд Баруун Африкт илэрсэн Нэдир кратерын судалгааны дараа түүний баг Силверпитийг дахин авч үзэхээр шийдэж, хуучин сейсмик бичлэгүүдийг шинэ судалгааны аргачлалтай нэгтгэн, гарал үүслийн талаархи эргэлзээг бүрмөсөн арилгасан байна.
“Мөргөлдөөний онол бол энэ бүтэцтэй хамгийн нийцтэй, хамгийн логик тайлбар байсан” хэмээн судалгааны хамтран зохиогч, Империал Коллеж Лондонгийн профессор Гарет Коллинс онцлон дурдсан байна. “Эцэст нь бид олон арван жилийн турш хүлээгдсэн мөнгөн сумаа оллоо.”
Судлаачид Силверпит кратерын ийм сайн хадгалагдсан байдал нь эрдэм шинжилгээний хувьд маш үнэ цэнтэй хэмээн үзэж байна. Учир нь дэлхийн гадаргуу дээрх ихэнх мөргөлдөөний ул мөрийг цаг хугацааны явцад элэгдэл, тектоникийн үйл явц арилгадаг бол далайн ёроолд ийм бүтэц хадгалагдан үлдэх нь туйлын ховор тохиолдол юм.
Дэлхий даяар зөвхөн 250 орчим мөргөлдөөний кратер бүртгэгдсэн байдаг бөгөөд тэдгээрийн 33 нь л далайн доорх бүтцэд тооцогддог. Харин Силверпит нь Мексикийн Чиксулуб болон Баруун Африкийн Нэдир кратертай эн зэрэгцэхүйц шинжлэх ухааны ач холбогдол бүхий бүтцээр бүртгэгдэж байна.
“Энэхүү гайхалтай хадгалагдсан кратер нь зөвхөн өнгөрсөн түүхийг бус, ирээдүйд бидний өмнө тулгарах боломжит аюулыг ч ойлгоход туслах болно” хэмээн Николсон бичжээ.
Энэхүү судалгаа 2025 оны 9-р сарын 20-нд Nature Communications сэтгүүлд албан ёсоор нийтлэгдсэн байна.
📚 Эх сурвалж: Space.com