in

Шинжлэх ухааны түүх: Александр Флеминг анхны антибиотикийг санамсаргүйгээр нээжээ

Шинжлэх ухааны түүх: Александр Флеминг анхны антибиотикийг санамсаргүйгээр нээжээ

Пенициллин: Антибиотикийн хувьсгалын эхлэл

1928 оны 9-р сарын 28-нд Шотландын микробиологич Александер Флеминг Лондонгийн Сент Мэри эмнэлэгт бактерийн өсөлтийг судлах туршилтаа шалгаж байхдаа санамсаргүйгээр хамгийн анхны антибиотикийг нээжээ.

Флемингийн туршилт жижигхэн, 1 хавтгай дөрвөлжин метр орчим өрөөнд явагдаж байв. Тэрээр эмнэлгийн өвчтөнүүдээс авсан бактерийг өсгөж, 2-3 долоо хоног хадгалдаг байжээ. Ажлын ширээн дээрх 40-50 өсгөврийн хавтанг шалгаж, сонирхолтой зүйл ажиглагдаагүй бол шууд хаядаг байв.

Хоёр долоо хоногийн амралтаас ирэхэд Флеминг Staphylococcus aureus бактерийн өсгөвөр дээр ногоон хөгц ургасныг анзаарчээ. Түүний туслах В.Д. Аллисон энэ үзэгдлийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Ногоон хөгц ургасан хэсгийн ойролцоо бактерийн колониуд тунгалаг, үхэжсэн байв. Энэ нь анхны антибиотикийн үндэс болсон ч “антибиотик” гэх нэр томьёо 1941 он хүртэл хэрэглэгдээгүй байжээ.

Флеминг уг нээлтээ дараа жил нь эмч нарын уулзалтад танилцуулсан ч бараг анхаарал таталгүй өнгөрсөн байна. Хөгцний шүүсийг ялгах ажиллагаа төвөгтэй байсан тул энэ нээлт арван жилийн турш дарагдсан гэж Аллисон дурссан байдаг.

1939 онд Ховард Флори, Эрнст Чейн нар энэ нээлтэд сонирхолтой хандсан бөгөөд Маргарет Женнингс, Эдвард Абрахам, Норман Хитли зэрэг эрдэмтдийг нэгтгэн судалгааны баг байгуулжээ. Тэд пенициллинийг ялгаж, туршилт хийж, зарим өвчтөнд хэрэглэсэн ч уг бодис тийм ч цэвэр байгаагүй.

1942 онд Флеминг менингиттэй нэгэн хүүхдийг эмчилж байхдаа Флори, Чейн нарын бэлтгэсэн пенициллинийг ашиглан халдварыг дарахад амжилттай болжээ. Тэрээр тэднээс нэмэлт пенициллин авч, хүүхдийн нурууны хөндийд тарьсны дараа өвчтөн бүрэн эдгэрсэн байна.

Энэ гайхамшигт эдгэрэлтийн дараа Флеминг пенициллинийг олноор үйлдвэрлэх шаардлагатай гэж үзэж, засгийн газарт санал хүргүүлжээ. Үүний үр дүнд АНУ, Их Британи хамтран пенициллинийг их хэмжээгээр үйлдвэрлэж, 1945 он гэхэд өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Флеминг, Флори, Чейн нар пенициллинийг нээж, ялгаж, үйлдвэрлэсэн гавьяагаараа 1945 онд Нобелийн шагнал хүртсэн. Мөн 1964 онд Дороти Ходжкин тус эмийн талст бүтцийг тодорхойлсны үндсэн дээр химийн салбарын Нобелийн шагналыг хүртжээ.

Пенициллин нээгдсэнээс хойш 500 сая орчим хүний амь насыг аварсан гэж судлаачид үздэг. Энэ эм нь чихний үрэвсэл, хоолойн өвчин, шээсний замын халдвар зэрэг олон өвчнийг эмчлэхэд чухал үүрэгтэй хэвээр байна.

Пенициллин нь олон төрлийн антибиотикийн хөгжлийг өдөөсөн ч, тэдгээрийг өргөн, зохисгүй хэрэглэх нь олон төрлийн бактерийг эмэнд тэсвэртэй болгож, “супербактери” хэмээх шинэ аюулыг бий болгосон. Эрдэмтэд одоо вирус ашиглан бактерийг устгах, эсвэл CRISPR ген засварлах хэрэгслээр шинэ төрлийн эм гарган авах зэрэг арга замаар энэ аюултай тэмцэж байна.

Эх сурвалж: 🔗 livescience

What do you think?

Селена Гомес, Бенни Бланко нар гэрлэжээ

Селена Гомес, Бенни Бланко нар гэрлэжээ

Жэйсон Тэйтум ахиллесийн шөрмөсөө гэмтээснээс хойш 4 сарын дараа бэлтгэлийн бичлэгээ хуваалцлаа: Ирээдүйд илүү гэрэлтэй өдрүүд хүлээж байна

Жэйсон Тэйтум ахиллесийн шөрмөсөө гэмтээснээс хойш 4 сарын дараа бэлтгэлийн бичлэгээ хуваалцлаа: Ирээдүйд илүү гэрэлтэй өдрүүд хүлээж байна