Гялалзсан гоо үзэсгэлэн: 2.3 сая долларын үнэтэй ховор Veyron
Энэ бол зүгээр нэг машин биш, хөдөлдөг урлагийн бүтээл
Өнөөгийн автомашины ертөнцөд хурд, хүчээрээ тэргүүлж буй машинуудын дийлэнх нь цахилгаан хөдөлгүүртэй, нэр нь танил бус Хятадын загварууд болсон. Харин 2000-аад онд хурдны нэрийн хуудас нь эргэлзээгүй Bugatti байлаа. Түүний домог болсон загвар болох Veyron нь тухайн үеийн инженерчлэлийн дээд оргил байснаас гадна, өнөөдөр ч гоо зүйн, техникийн гайхамшиг хэвээрээ үлдсэн юм.

Түүний ховор, тансаг хувилбар болох Veyron 16.4 Pur Sang саяхан 2.3 сая ам.долларын үнээр арилжаалагдсанаар дэлхий дахины автомашин сонирхогчдын анхаарлыг дахин татлаа. Энэ бол зүгээр нэг машин биш харин өнгөлсөн хөнгөн цагаан, нүүрстөрөгчийн шилэн хийцтэй, хөдөлдөг урлагийн бүтээл юм.
Зөвхөн 5 ширхэг л үйлдвэрлэгдсэн
“Pur Sang” буюу “цэвэр цус” хэмээх нэршилтэй энэ загвар нь ердөө тавхан ширхэг үйлдвэрлэгдсэн, ховор цувралын нэг. Bugatti брэнд өнгө, загварын хувьд байнга шинэчлэл хийж ирсэн ч, энэхүү загвар нь ямар ч будаг, бүрхүүлгүй зөвхөн техникийн цэвэр төгс шийдлээрээ илүү тодорч чадсан.

Энэ бол нүүрстөрөгчийн ширхэг ба өнгөлсөн хөнгөн цагаанаар бүрдсэн гоёмсог хийцтэй, гялалзсан гадаргуутай автомашин. Дэлхийн хамгийн үнэтэй “толь” ч гэж нэрлэж болох энэ бүтээл зөвхөн хараа булаах бус, жингийн хэмнэлтийн хувьд ч давуу талтай, ердийн Veyron-оос ойролцоогоор 90 кг-аар хөнгөн.
Дээд хурд, дээд түвшний техник
Гэхдээ энэхүү жингийн хэмнэлт хүч чадалд нөлөөлсөнгүй. 8.0 литрийн W16 хөдөлгүүр нь дөрвөн турботой бөгөөд 987 морины хүчийг гаргаж, машиныг 407 км/цаг хүртэл хурдлуулдаг. Ийм хүчирхэг хөдөлгүүрийг хөргөхийн тулд 10 радиатор шаардлагатай бол, дээд хурдтай үед түлшний сав нь ердөө 12 минутын дотор хоосордог байна.

Цөөхөн гар дамжсан, сайтар арчлагдсан өв
RM Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар зарагдсан энэхүү 2008 оны загвар нь анх Германд бүртгэгдэж, өнөөг хүртэл ердөө гурван хувь хүн эзэмшиж байжээ. Одоометр дээрх гүйлт нь 7,629 км бөгөөд хамгийн сүүлд Хамбург хотод бүрэн үйлчилгээ хийлгэж, шинэ дугуйгаар шинэчлэгдсэн. Bugatti-ийн дугуйны үнэ 40,000 ам.долларт хүрч болохыг бодолцвол энэ үйлчилгээ энгийн нэг солилт биш, харин үнэт хөрөнгийн хамгаалалт гэдэг нь ойлгомжтой.

Орчин үеийн дэвшлээс татгалзсан тансаг энгийн байдал
Дотор засал чимэглэл нь беж болон саарал арьсаар хийгдсэн бөгөөд энгийн атлаа тансаг мэдрэмж төрүүлнэ. Дэлгэцийн оронд аналог хэмжүүр байрлах нь уламжлалт, амьд мэдрэмжийг хадгалж өгдөг. Спидометр 420 км/цаг хүртэл хурдаар хийгдсэн бол, төв консол дээр байрлах аналог цаг нь тухайн үеийн хүндэтгэлтэй хосолдог.

Bugatti-ийн дээд үнэтэй загвар биш ч, дээд зэрэглэлийн бүтээл
Хэдийгээр энэхүү Pur Sang нь 2.3 сая ам.долларын үнэтэй ч, Bugatti-ийн хамгийн өндөр үнээр арилжаалагдсан загвар нь биш. Тус брэндийн хамгийн үнэтэй бүтээл бол Type 57 SC Atlantic загварт хүндэтгэл үзүүлж бүтээсэн La Voiture Noire юм. Анх 13.4 сая ам.доллараар зарагдсан тус машин саяхан дахин худалдаанд гарсан ч, үнэ нь ил болоогүй байгаа нь чухал сонирхол татаж байна.

Төгсгөл биш харин түүхийн үргэлжлэл
Bugatti Veyron 16.4 Pur Sang нь зүгээр нэг хурдны машин биш. Энэ бол техникийн урлаг, инженерчлэлийн охь манлай, автомашины түүхийн үнэ цэнтэй хэсэг. Түүнийг эзэмшигч бүр зөвхөн машин хөлөглөж буй биш, харин домогтой хамт алхаж буй хэрэг юм.


Эх сурвалж: autoblog