Онгоцны цонхыг үл мэдэгдэх биет мөргөжээ
2025 оны 10-р сарын 16-нд Юнайтед Эйрлайнсийн нислэгийн онгоц Юта мужийн Моаб хотын дээгүүр нисэж байхдаа үл мэдэгдэх биетэд мөргүүлсэн хэмээн албаныхан шалгаж байна. Нислэгийн ахмад уг биетийг “Сансрын хог хаягдал” гэж тодорхойлсон гэж мэдээлжээ.
Юнайтед Эйрлайнсийн 1093 дугаар нислэг, Боинг 737 Макс 8 онгоц Денверээс Лос Анжелес рүү 30,000 фут (9,144 метр) өндөрт нисэж байх үед цонхыг нь үл мэдэгдэх биет мөргөсөн байна. Албан ёсны мэдэгдэлд онгоцонд 134 зорчигч, зургаан багийн гишүүн байсан бөгөөд мөргөлдөөний улмаас цонх гэмтжээ.
Онгоц аюулгүйгээр Солт Лэйк хотод бууж, зорчигчид Лос Анжелес руу өөр нислэгээр үргэлжлүүлэн явсан байна. Гэмтэл авсан хүний талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч, нисгэгчийн гар зүсэгдсэн байж болзошгүй тухай зурагнууд цахим сүлжээнд тархаад байна.
On October 16, 2025, United Airlines flight UA1093, a Boeing 737 MAX, had to make an emergency landing in Salt Lake City after its windshield was cracked by an unknown object while flying from Denver to Los Angeles. One pilot sustained arm injuries, and while the exact cause is… pic.twitter.com/ByXPRyOjXZ
— Ranger H (@RangerH338) October 19, 2025
Тодорхой хариулт өгөхөд эрт байна
Гэмтсэн онгоцны зурагт цонхны дээд баруун буланд биет мөргөж, шил хагарч, метал хүрээ нь гэмтсэн байдалтай харагджээ. Цонх нь олон давхар шилтэй бөгөөд дунд нь ламинаттай байдаг тул зөвхөн нэг давхарга нь гэмтсэн байна. Энэ нь цонхыг бүрэн хагарахаас сэргийлж, нисгэгчийн бүхээгийн даралтыг хадгалахад тусалжээ.
Үйл явдлыг шалгаж буй NTSB (АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын зөвлөл) цонхыг лабораторид шинжлэхээр илгээсэн бөгөөд радар, цаг агаар, нислэгийн бичлэгийн мэдээллийг хамтатган судалж байна. Шалгалт дуустал мөргөлдөөний шалтгааныг тодорхойлох боломжгүй байгаа юм.
Сансраас ирсэн биет байж болох уу?
AVBrief.com-ийн мэдээлснээр, шалгалтын төвд цаг агаарын бөмбөлөгийн ачаа байгаа гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлсэн ч энэ мэдээллийг баталгаажуулж чадаагүй байна. Бусад таамгаар уг биет сансрын хог хаягдал, солир, мөндөр эсвэл шувуу байж болохыг онцолжээ.
The Weather Network-ийн мэдээлснээр, тухайн үед цаг агаар тунгалаг байсан тул мөндөр байх магадлал бага. Мөн 30,000 футын өндөрт шувууд бараг нисдэггүй тул шувуу мөргөсөн байх боломж ч бага гэж үзэж байна.
Иймд уг биет цаг агаарын бөмбөлөг, солир эсвэл сансрын хог хаягдал байх магадлалтай ч мөргөлдөөний хурд тодорхойгүй байгаа нөхцөлд аль нь гэмтэл үүсгэсэн болохыг батлах боломжгүй байна. Сансрын хог хаягдал унах нь агаарын хөлгүүдэд аюул учруулж болзошгүй ч, жил бүр Дэлхийд унадаг солируудын тоо дахин орж ирсэн хүний гаралтай биетээс хавьгүй олон байдаг тул солир илүү магадлалтай гэж судлаачид дүгнэжээ.
Энэ бүх мэдээлэл одоогоор таамаг төдий бөгөөд шалгалт дуусах үед илүү нарийн дүгнэлт гарахыг хүлээж байна.
Эх сурвалж: Gizmodo






