Өмнөд Солонгос “K3” шинэ танкаа танилцуулж, 2040 оноос хойш ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Дэлхийн I дайны үеэс эхтэй танкны хөгжүүлэлт өнөөдөр өндөр технологийн өрсөлдөөн болж, Өмнөд Солонгос энэ чиглэлд идэвхтэй тоглогчдын нэг хэвээр байна. Тус улсын Hyundai-Rotem Corporation (HRC) дараагийн үеийн үндсэн байлдааны танкны концепцыг “K3” нэрээр боловсруулж байна. Загвар нь 2025 оны 9-р сард Польшид болсон батлан хамгаалахын үзэсгэлэнд макет хэлбэрээр анх олон нийтэд үзүүлэгдэв.

“K3” нь одоогоор хөгжүүлэлтийн шатандаа бөгөөд хамгийн багадаа 2040 оноос өмнө хэрэглээнд гарахгүй гэж мэдээлэгдэж байна. Төслийг HRC нь Korea’s Agency for Defense Development (ADD) болон холбогдох чанар, технологийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Үзэсгэлэнгийн байршил нь Польш Өмнөд Солонгосын танкуудын хамгийн том худалдан авагчдын нэгтэй холбоотойгоор анхаарал татсан.

Гол зэвсэглэл нь 130 мм-ийн их буу байхаар төлөвлөгдөж, одоогийн K2 Black Panther-ийн 120 мм-ийн буутай харьцуулахад сумны хурд, хуяг нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн AI-д суурилсан галын удирдлага, программчлагдах Advanced Multi-Purpose (AMP) төрлийн сум ашиглах боломжийг тусгасан байна. Танкийн командлагчид дулааны болон шөнийн харааны төхөөрөмж, 360 градусын харагдац дэмжих VR төрлийн шийдлээр байлдааны орчны ойлголтыг сайжруулах концепц яригдаж байна.

Нэмэлтээр алсаас удирдах 30 мм-ийн автобуу/chain gun суурилуулж, нисгэгчгүй төхөөрөмж болон ойрын аюулаас хамгаалах хувилбаруудыг судалж буй. Түүнчлэн нарийвчлалтай пуужин, “loitering munition” төрлийн дрон ашиглах боломжийг концепц түвшинд дурдсан. “K3”-ын архитектурыг сүлжээнд холбогдсон C4ISR (Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance, and Reconnaissance) орчинд нийцүүлж, бусад нэгж, системтэй уялдуулах чиглэлд төлөвлөсөн байна.

Хөдөлгүүрийн шийдэл нь эхний үед hybrid дизель-цахилгаан байж, цаашид hydrogen түлшний элемент рүү шилжүүлэх зорилготой. Ингэснээр хөдөлгөөний дуу чимээг багасгаж, ойртон ирэлтийг илрүүлэх эрсдэлийг бууруулах нэг арга гэж хөгжүүлэгчид үзэж байна. Мөн гадна хуягт радар шингээгч материал ашиглах санаачилга багтсан нь танкны “stealth” шинжийг сайжруулах зорилготой гэж танилцуулжээ.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here