SpaceX лхагва гарагт нэг Starlink хиймэл дагуулдаа гэнэтийн доголдол гарч, түүнтэй бүрэн холбоо тасарсныг мэдээлэв. Тухайн дагуул 4 км орчим өндрөө огцом алдаж, ойр орчимдоо жижиг хэмжээний хаягдал үүсгэсэн гэж компанийн зүгээс тэмдэглэсэн. Одоогоор дагуул ихэнхдээ бүтнээрээ үлдсэн ч эргэлдэн “түмбэлзэж” байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор агаар мандалд орж бүрэн шатах төлөвтэй байна.

Хаягдал мөрдөх LeoLabs компанийн ажиглалтаар доголдлын дараа тухайн бүсэд хэдэн арван жижиг объект илэрсэн байна. Тэдний үнэлгээгээр энэ нь сансрын хог, өөр биетэй мөргөлдсөнөөс илүүтэй дагуул доторх эрчим хүчний эх үүсвэртэй холбоотой дотоод шинжтэй “энергит” гэмтэл байх магадлал өндөр. Өндөр алдалт болон хаягдал үүссэн шинж тэмдэг нь хэсэгчлэн задрал, дотоод дэлбэрэлт болсон байж болохыг ч үгүйсгэхгүй.

Гэвч тойрог зам дахь биетүүд олшрох тусам хэмжилт, ялгалт төвөгтэй болж буйг ажиглагчид анхааруулж байна. Орбитын объектуудыг хянадаг астрофизикч Жонатан МакДауэллын хэлснээр дагуулын “огцом доошилсон” гэх нэгэн өгөгдөл буруу байх боломжтой тул дахин ажиглалт шаардлагатай. Яг юу болсон нь нэмэлт хэмжилт, мөрдлөгөөр тодорхой болно.

Одоогоор 9000 гаруй идэвхтэй Starlink тойрог замд ажиллаж, SpaceX ирээдүйд 42,000 хүртэл дагуул бүхий сүлжээ байгуулахаар зорьж байна. Эдгээр дагуул ердийн нөхцөлд 5–7 жил ажиллаад агаар мандалд орж шатах зохион байгуулалттай бөгөөд өдөр бүр 1–2 нь төлөвлөгөөний дагуу буудаг гэсэн тооцоо бий. Харин энэ удаагийнх төлөвлөгөөт “буулт” бус, гэнэтийн доголдол байсан тул SpaceX шалтгааныг тогтоож, ижил төрлийн эрсдэлийг бууруулах хамгаалалтын шинэчлэлүүдийг хиймэл дагуулууддаа нэвтрүүлж эхэлснээ мэдэгдэв.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here