Хип-хопын нэрт продюсер, Bad Boy Records-ийн үүсгэн байгуулагч Шон “Diddy” Комбсын өмгөөлөгчид 2026 оны нэгдүгээр Сарны сүүлчээр Нью-Йорк хот дахь АНУ-ын Давж заалдах шатны хоёрдугаар тойргийн шүүхэд хүсэлт хүргүүлж, түүнийг нэн даруй суллах, эсвэл биеэ үнэлэлттэй холбоотой ял шийтгэлийг хүчингүй болгох, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс оноосон 4 жил 2 сарын хорих ялыг бууруулах-ыг шаарджээ.
Өмгөөлөгчдийн тайлбарласнаар, шүүгч Arun Subramanian 2025 оны аравдугаар сард ял оноохдоо “Тангарагтны шүүхийн шийдвэрээс давсан” байр суурь баримталж, Комбс цагаатгагдсан racketeering conspiracy болон sex trafficking зүйл ангиудтай холбоотой нотлох баримтыг шударга бусаар харгалзан үзсэн нь ялыг хүндрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
56 настай Комбс одоогоор Нью-Жерси муж дахь холбооны шоронд хоригдож байгаа бөгөөд 2028 оны тавдугаар сард суллагдахаар товлогдсон. Тэрээр 2025 оны 7-р сард олны анхаарлыг татсан шүүх хурлын үеэр зарим ноцтой зүйл ангиудаар цагаатгагдсан ч Mann Act-ын хүрээнд, өөрөөр хэлбэл “Хүмүүсийг муж хооронд зөөвөрлөж, бэлгийн шинжтэй гэмт хэрэг үйлдэхийг хориглосон” заалтад үндэслэсэн биеэ үнэлэлттэй холбоотой хоёр зүйл ангиар буруутгагдсан юм.
Өмгөөлөгчдийн зүгээс эдгээр хоёр зүйл анги нь хүч хэрэглэх, залилан мэхлэх, албадах шинж шаарддаггүй, харьцангуй бага ангиллын зөрчилд тооцогддог бөгөөд ижил төрлийн хэрэгт ихэнхдээ 15 сараас доош ял оноодог жишигтэйг онцолжээ. Гэтэл энэ удаад шүүх Комбсыг найз бүсгүйчүүдээ “Албадсан, мөлжсөн, хүчээр тулгасан” хэмээн дүгнэж, ял шийтгэлийг дээд хэмжээнд хүргэсэн гэж тэд маргаж байна.
Ял тогтоох хэлэлцүүлгийн үеэр шүүгч Subramanian Комбсын хоёр хуучин найз бүсгүйн мэдүүлгийг гол үндэслэл болгосон байна. Casandra “Cassie” Ventura Комбс өөрийг нь олон жилийн турш “freak-off” гэж нэрлэсэн, олон өдрөөр үргэлжилдэг бэлгийн үйлдлүүдэд албадаж, танихгүй эрчүүдтэй дахин дахин бэлгийн харьцаанд оруулахыг шаарддаг байсан гэж мэдүүлжээ. Мөн тангарагтны шүүгчид Лос-Анжелесийн нэгэн зочид буудлын хонгилд түүнийг чирж, зодож буй бичлэгийг үзсэн байна. Харин “Jane” гэсэн нууц нэрээр мэдүүлэг өгсөн өөр нэг гэрч 2021–2024 оны хооронд “hotel nights” хэмээн нэрлэсэн, мансууруулах бодис хэрэглэсэн, олон хоног үргэлжилдэг уулзалтуудад эрэгтэй секс ажилтнуудтай бэлгийн харьцаанд орох шахалт үзүүлсэн гэж ярьжээ.
Шүүгч Subramanian эдгээр үйл явдлыг “Харилцан зөвшөөрсөн дотно харилцаа” эсвэл “Sex, drugs and rock ’n’ roll” хэв маягийн түүх болгон тайлбарлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх хурал дээр тодорхой илэрхийлж, Комбс эмэгтэйчүүдийн амьдрал дахь эрх мэдэл, хяналтаа урвуулан ашигласан гэж дүгнэсэн юм. Одоогоор давж заалдах шатны шүүх аман хэлэлцүүлгийн товыг зарлаагүй байна.