Парис Сен-Жермен Дро Фернандесийг энэ долоо хоногт албан ёсоор эгнээндээ нэгтгэхээр төлөвлөж байна

Парис Сен-Жермен (ПСЖ) энэ долоо хоногт Ла Масиа академиас төрөн гарсан 18 настай хагас хамгаалагч Дро Фернандесийг эгнээндээ нэгтгэх хэлэлцээг эцэслэхээр байна. Европын аваргууд түүний төлөө 8 сая еврогийн санал тавьсан бөгөөд уг дүн нь тоглогчийн чөлөөлөх заалтаас бага зэрэг өндөр гэж мэдээлэгдэж байна. Гэсэн ч энэхүү шилжилтийн явц Барселонагийн удирдлагын дунд таагүй уур амьсгал үүсгээд байна.

Барселонагийн ерөнхийлөгч Жоан Лапорта Дро Фернандесийн агент өмнө нь тохиролцсон нөхцлөөс ухарсан хэмээн буруутгалаа. Түүний хэлснээр, тоглогчийг 18 нас хүрэх үед хэрэгжүүлэх тодорхой хувилбар дээр хоёр тал харилцан ойлголцолд хүрсэн ч агент нь дараа нь уг тохиролцоог мөрдөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж. Клубын зүгээс уг асуудлыг Барселонагийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэхийг зорьж байгаа юм.

Сүүлийн үед Дро Фернандес Камп Ноу-д тоглох боломж хомс байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд Каталонд үргэлжлүүлэх сонирхол нь буурсан гэж үзэж байна. Тэрбээр Барселонагийн үндсэн багт нийт 8 тоглолтод оролцож, ирээдүйтэй авьяастнуудын нэгээр нэрлэгдэж байв. Гэсэн ч энэхүү шилжилт клубын дотоод уур амьсгалыг улам хурцатгаад байна.

Мөн дасгалжуулагч Ханси Флик залуу тоглогчдын хандлагын талаар хатуу байр суурь илэрхийлсэн нь Дротой холбоотой нөхцөл байдлыг тодотголоо. Түүний онцолсноор, Ла Масиагаас төрсөн тоглогчид Барселонагийн өнгийг 100 хувь сэтгэлээрээ хамгаалж, боломж олдсон мөч бүрд бүрэн төвлөрөлтэй тоглох ёстой аж. Энэ хооронд Барселона Ла Лигийн хүрээнд гэртээ Овьедог 3:0-ээр хожиж, хүснэгтийн тэргүүн байранд эргэн гарлаа.

Дэлгэрэнгүй