NBA-гийн удирдлагууд бүхнээ тавьсан наймаа аваргын баталгаа болдоггүйг, харин олон жилийн драфтын эрхээ шавхаж, цалингийн уян хатан байдлаа алдан, улмаар урт хугацааны хямралд унах эрсдэл өндөр байдгийг тоон баримтаар хангалттай мэднэ. Гэсэн ч супер од зах зээлд гарах дохио төдийхөн цухалзах бүрт хамгийн сүүлийн жишээ нь Милуоки Бакс-ийн Жианнис Антетокунмпо олон франчайз ирээдүйгээ барьцаалсан шийдвэр рүү дахин дахин алхсаар ирсэн.
Энэ бол зүгээр нэг сагсан бөмбөгийн түүх биш. Зохион байгуулалтын зан төлөв судлаачдын тайлбарласнаар, энэ нь байгууллагын шийдвэр гаргалтад гүн суусан нийтлэг гажуудал юм. “Ялагч”, “домогт” хүмүүс оролцсон л бол стратеги зөв гэсэн эндүүрэл бодит нотолгоог орлож, удирдлагуудыг хэт эрт бүхнээ дэнчин тавихад хүргэдэг.
Үүний тод жишээ нь гар утсанд зориулсан стриминг платформ Күиби. “Зам зуур, богино хугацаанд үзэх дээд зэрэглэлийн контент” зах зээлийг эзэлнэ гэсэн том итгэл дээр бүхнээ тавьсан ч хэрэглэгчийн бодит зан төлөвтэй зөрчилдсөн. Гэвч эндхийн гол алдаа нь таамаг буруу байсанд бус, харин Уолт Диснейг удирдаж байсан Жэффри Кацэнбэрг, Ибэй ба НР-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан Мэг Уитман зэрэг “супер од” удирдлагын нэр хүнд зах зээлийн бодит баталгааг орлосонд оршиж байлаа.
Тэдний нэр хүнд хөрөнгө оруулагчид, студи, сурталчилгааны түншүүдийг эртнээс буцах гарцгүй амлалтад татан оруулсан. Ингэснээр анхны сул дохио илрэх үед ухрах зам бараг үгүй болов. Асар их хөрөнгө, урт хугацааны гэрээ, маркетингийн стратеги, олон хүний нэр хүнд нэг үр дүнд уягдсан тул байгууллага эрсдэлийг танахын оронд улам гүнзгийрүүлж, “нэмээд” явсан. Күиби хайхрамжгүйгээс бус, харин супер оддын итгэл төрүүлэх капитал бодит баталгаанаас урьтан бүхнийг тавих боломж олгосны улмаас нурсан гэж дүгнэдэг.
NBA-д ч үүнтэй төстэй дүр зураг ажиглагддаг. “Фронт офисууд аз туршдаг” гэхээс илүү, тэд өөрсдөө бий болгоогүй хүчний тэнцвэргүй байдалд шахагдсан шийдвэр гаргагчид гэж харах нь илүү оновчтой.
Хүчний жин хаашаа шилжив
Орчин үеийн NBA-д супер од тоглогчид багуудаас давуу хөшүүрэгтэй болсон гол шалтгаан нь хэлэлцээний хамгийн чухал эрх болох “Явах боломж”-ийг илүү бат атгадагт оршино. Леброн Жэймс Кливлэндэд “one plus one” гэрээгээр улирал бүр шахалт үзүүлж, Кавальерс-ийг “одоо хүч нэмэхийн тулд ирээдүйн драфтын эрхээ зарцуулах уу, эсвэл юу ч үгүйгээр Леброныг алдах уу” гэсэн сонголтын өмнө дахин дахин аваачиж байсан нь үүний тод жишээ.
Энэ загвар ганц Леброноор тогтохгүй. Кэвин Дурант, Кавай Леонард, Энтони Дэвис, Антетокунмпо зэрэг дээд түвшний тоглогчдын хувьд чөлөөт агент болох, солилцоо шаардах, эсвэл оролцоогоо “чимээгүйгээр” бууруулах бодит гарц нь багуудын стратегийг үндсээр нь өөрчилдөг. Судалгааны хэлээр бол энэ нь хэлэлцээний хөшүүргийн тэнцвэргүй байдал юм.
Буруу сонголт руу түлхэх хөшүүрэг
Хэлэлцээний онолд хүч нь BATNA — Гэрээ бүтэлгүйтвэл барьж болох хамгийн сайн хувилбараас үүсдэг. Супер одуудын BATNA өндөр: Хүсвэл яваад өгнө, хүсвэл хүссэн газар руугаа солилцоо нэхнэ, эсвэл гэрээ дуусахыг хүлээнэ. Харин багуудын хувьд үлдэх хувилбарууд нь ихэвчлэн таагүй: нөхөн олговоргүй алдалт, фэнүүдийн итгэлийн хямрал, урт хугацааны дахин байгуулалт, санхүү ба нэр хүндийн дарамт.
Ийм нөхцөлд багууд “Ихийг хожих”-оосоо илүү “муугаас зугтах” сэтгэлзүйгээр шийдвэр гаргадаг. Тиймээс сонголтууд нь баримтад бус, богино хугацаанд сүйрэл мэт харагдах хувилбараас зайлсхийх айдаст захирагддаг.
Амлалтад баригдсан мөчлөг
Өмнөх хөрөнгө оруулалтдаа баригдан алдаатай чиглэлээ үргэлжлүүлэхийг байгууллагын судлалд escalation of commitment гэж нэрлэдэг. NBA-д энэ нь илүү хурц хэлбэртэй: эхлээд од тоглогч авахын тулд драфтын эрхээ өгнө, дараа нь түүнийг тогтоон барихын тулд дахин эрхээ зарцуулна, эцэст нь анхны шийдвэр буруу байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс зугтаж дахин “нэмдэг”.
Драфтын эрхүүд аль хэдийн буцааж болшгүй зардал болсон тул тоглогчийг алдах нь өнөөдрийн алдагдал төдий биш, харин өмнөх бүх шийдвэрийг үгүйсгэсэн мэт өвдөлт дагуулна. Ингэснээр ухрах тусам өвдөлт нэмэгдэж, тоглогчийн хөшүүрэг улам өсдөг гаж бүтэц бий болдог.
Яагаад мундаг удирдлагууд ч давтсаар байдаг вэ
Тиймээс “Тэвчээртэй бай” гэх шүүмж бодит байдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Эзэд богино хугацаанд өрсөлдөх чадвар, анхаарал татах байдлыг хүснэ; фэнүүд супер од нэхнэ; дасгалжуулагчдын цагийн хүрээ богино; Харин супер одууд гэрээтэй байсан ч бодит гарц нь үргэлж нээлттэй хэвээр.
Ийм орчинд тухайн мөчид “Рационал” мэт харагдах шийдвэр нь франчайзын урт хугацааны ашиг сонирхолд “Ирационал” үр дагавар авчирч болно. Тиймээс өндөр үнэ бүхий наймаануудыг энгийн аналитикийн алдаа гэхээс илүү, хөшүүргийн тэнцвэргүй байдалд шахагдсан шийдвэрийн зайлшгүй үр дүн гэж харах нь илүү бодитой юм.