Пүрэв гаргийн NBA-гийн наймааны эцсийн хугацаа (ET цагаар 15:00) болох хүртэл хоёр хоногоос ч бага хугацаа үлдээд байна. Мягмар гаргийн хэлцлүүдийн дараагаар Жэймс Харден, Дариус Гарланд, Жарен Жэксон Жр., Жэйден Айви, Никола Вучевич нар “наймааны самбар”-аас бууж, бодитоор хөдөлгөөнд орох боломжтой хамгийн анхаарал татах найман нэр тодроод байна.
Хамгийн том сэдэв нь Милуоки Бакс Жианнис Антетокунмпод ирж буй саналуудыг албан ёсоор сонсож эхэлсэн явдал. Ерөнхий менежер Жон Хорстын тогтоох үнэ зах зээлийн дээд хязгаарт хүрэх төлөвтэй тул ийм түвшний тохиролцоонд орж чадах баг үнэхээр гарч ирэх эсэх нь одоогоор хамгийн том асуулт хэвээр байна.
Даллас Мавериксийн Энтони Дэвис талбайд гарах үедээ хамгаалалтад урт гар, нөлөөгөөрөө тоглолтын өнгийг эрс өөрчилдөг ч энэ улиралд 29 тоглолт өнжсөн нь түүнийг сонирхох багуудад бодит эрсдэл болж харагдаж байна. Харин төвийн байрлалд Дэниэл Гаффорд “будагтай талбай”-д хамгаалалтаар тогтвортой нөлөө үзүүлж, цагирагаа хамгаалж, довтолгоонд заслон тавьж цагираг руу дайрдаг энгийн атлаа өндөр үр ашигтай тоглолттой. Тэр өнгөрсөн зун гэрээгээ сунгаж, ирэх гурван жилд нийт 54 сая ам.долларын баталгаатай цалинтай.
Бруклин Нэтсийн Майкл Портер Жр. улирлыг хүчтэй эхлүүлж, Дорнод бүсийн All-Star-д багтаагүй хамгийн том “гомдол” хэмээн яригдаж байна. Тэр Денверт тоглож байсан үеийнхтэйгээ адил өндөр шидэлтийн хувьтай хэвээр байж, илүү их эзлэхүүнтэй довтолж, №1 сонголтын ачааллыг үүрч чаддагаа харуулж байна. Аваргын зорилготой багт тохирох тоглогч гэдгээ өмнө нь нотолж байсан нь түүний зах зээлийн үнэ цэнийг улам өсгөж буй.
Жарен Жэксон Жр. явсны дараа Мемфис Гриззлис бүрэлдэхүүнээ дахин байгуулах чиглэлд эргэлт хийж эхэлсэн бол 26 настай Жа Морант багийн шинэ цагийн хуваарьтай нийцэхгүй болж магадгүй гэсэн хандлага нэмэгдэв. Үүнтэй холбоотойгоор сүүлийн нэг сарын турш түүнийг шинэ багт шилжүүлэх хувилбаруудыг дотооддоо хэлэлцсэн гэх мэдээллүүд тархаад байна.
Сакраменто Кингс ирээдүйн цалингийн бүтцээ цэвэрлэх зорилгоор Деннис Шрөдэр, Кеон Эллис нарыг явуулж, Де’Андрэ Хантерийг авсан хэлцлийг аль хэдийн хийсэн. Харин дараагийн том зангилаа нь Домантас Сабонисын ирээдүй. Хэрэв Торонто Рапторс Якоб Пойтлыг явуулах бодит гарц олж чадвал Сабонис боломжит “буулт” хувилбаруудын нэгээр нэрлэгдэж эхлээд байна.
Чикаго Буллс дараалсан хэлцлүүдийн (Кевин Хуертер, Майк Конли, Жэйден Айви, Никола Вучевичтэй холбоотой) дараа бүрэлдэхүүнээ бүхэлд нь “цэвэрлэх” чиглэлд орсон нь илт. Үүний дараагийн ээлжид Айо Досунму, Коби Уайт хоёрын нэр хамгийн түрүүнд яригдаж байна. Досунму энэ зун unrestricted free agent болох бөгөөд энэ улиралд 8 сая ам.доллароос доош цалинтай тул түүнийг сонирхох багуудын хүрээ өргөн. Харин Коби Уайт мөн unrestricted free agent болох ч гэмтлээс үүдэн тасалдсан улирлынх нь дунд ч оноо авах чадвар нь өрсөлдөгч өндөртэй багуудад сонирхол татах хүчин зүйл хэвээр байна.